Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтарч ажиллана
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вонсүн
2015.10.05

Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вонсүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт айлчилж байна.

Энэ онд Улаанбаатар Сөүл хотууд эгч дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй юм. Сөүл хотын дарга Пак Вонсүнтэй ярилцлаа.

-Та Монгол Улсын нийслэлд тавтай айлчилж байна уу. Энэ удаагийн айлчлалаар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт иржээ. Айлчлалын гол зорилго юу вэ?

-Улаанбаатар хотод хийж буй энэ удаагийн айлчлалын зорилгыг 4 хэсэгт хуваан авч үзэж болно. Юуны өмнө хоёр хотын хооронд ах дүүсийн барилдлага тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэ оны тавдугаар сард Сөүлд айлчилсан. Бидний хооронд тогтоосон найрамдалт, нөхөрсөг энэхүү харилцаа цаашид 20, 50, бүр цаашлаад 100 жил улам илүү өргөжин хөгжих ёстой гэж би үздэг.

Тийм учраас харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилготой айлчлал гэж тодорхойлж болно. Хоёрдугаарт, яг энэ цаг мөчид Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотын дарга нар ногоон хөгжлийн асуудлаар чуулж байна. Улаанбаатар хотын санаачилгаар хоёр дахь жилдээ болж байгаа энэхүү арга хэмжээг Сөүл хот дэмжиж, цар хүрээг нь өргөжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, хотын ногоон хөгжлийн асуудлаар нэг зүгт хамтдаа алхана гэдгээ илэрхийлж байгаа юм.

Гуравдугаарт, Сөүл хотын стратегийн тэргүүлэх чиглэлийн бодлогыг Улаанбаатар хотын анд нөхөдтэйгөө хуваалцаж, хамтран ажиллах зорилготой ирлээ. Энэ хүрээнд Сөүлийн 12 байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Тэд өөрсдийн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хоёр хотын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын их сургууль надад хүндэт доктор хэмээх эрхэм хүндтэй цол хүртээхээ мэдэгдсэн. Энэхүү арга хэмжээний үеэр оюутан залууст тусгай лекц уншахаар төлөвлөсөн. Лекцээрээ дамжуулж хоёр хотын залуус харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар оролцоотой байж болох талаар санаа бодлоо илэрхийлэх, хуваалцах  болно.

-Та айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Ойрын хугацаанд ямар чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон бэ?

-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хотын дарга Э.Бат-Үүл нарыг Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг мэднэ. Бид өмнө нь ч олон удаа уулзаж байсан. Цаашдаа хоёр хот бодлогын төвшинд олон зүйл дээр хамтарч ажиллана гэж бодож байгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр, нийтийн тээврийн шинэчлэлийн чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүс улам нягт хамтран ажиллана. Айлчлалын үеэр тодорхой уулзалтууд төлөвлөсөн учраас яриа хэлэлцээний үр дүнгүүд гараад явах байх.

 -Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд Сөүл хотынхон хамтран ажиллаж байгаа. Төлбөрийн бэлэн бус хэлбэрт шилжих алхмыг саяхнаас хэрэгжүүлж, хөдөлгөөний удирдлагын төв байгуулсан. Нийтийн тээврийг онцгойлон анхаарч хөгжүүлэхийн хэтийн ач холбогдол нь юу юм бэ?

-Сөүл бол 10 сая хүнтэй том хот. Манай хотод ч гэсэн зам тээврийн түгжрэл, гацаа байдгийг мэдэх байх. Энэ бол том хотуудын өмнө тулгамддаг асуудал юм. Бид үүнийг шийдвэрлэхийн тулд метроныхоо шугамыг өргөжүүлж, сайжруулсан. Метро бол байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэл шүү дээ. Тийм учраас онцгойлон анхаарч хөгжүүлж байгаа юм.

Үүнийхээ хажуугаар автобус тусгай эгнээгээр зорчдог тогтолцоог нэвтрүүлсэн. Дээрээс нь төлбөрийн нэг картаар автобус, метро, такси гэх мэт олон хэрэгслээр зорчих, тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог нэвтрүүлж чадсан. Нийтийн тээврийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд хямд үнээр зорчих боломжтой болсон. Сөүл хот нийтийн тээврийн энэ нэгдсэн бодлогоо илүү сайжруулах бодлого баримталдаг.

-Том хотуудад шийдлээ хүлээсэн олон асуудал байдаг. Та Сөүл хотын даргаар сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд ямар асуудал барьж авсныг сонирхож болох уу?

-Би Сөүл хотын дарга болсныхоо дараа юуны өмнө хотыг дахин төлөвлөж, шинээр хөгжүүлэх томоохон бодлого дэвшүүлсэн. Энгийнээр илэрхийлбэл хүн төвт хот байгуулах бодлогыг гаргаж тавьсан.

Энэхүү бодлогынхоо хүрээнд оюутны төлбөрийг хоёр дахин бууруулах, түр ажлын байртай хүмүүсийг байнгын ажилтай болгох, хүүхдүүдэд үдийн хоол өгөх хөтөлбөр гээд хэдэн арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлсэн. Сөүл хотын иргэд энэхүү бодлогыг маань дэмжсэн учраас 2012 онд дахин сонгож итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог.

 -Та хотыг дахин төлөвлөж хөгжүүлэх бодлого хэрэгжүүлсэн гэж хэллээ. Өнөөдөр Улаанбаатар хот агаарын болон хөрсний бохирдлоосоо салахын тулд гэр хорооллоо дахин төлөвлөх ажлуудыг нийслэлээс эхлүүлээд байгаа. Улаанбаатарын дахин төлөвлөлтийн бодлогод ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хотжилт нэмэгдэх тусам инженерийн байгууламж бүхий орон сууцны хангамж тулгамдсан асуудал болдог. Ялангуяа амьдралын нөхцөл тааруу, бага орлоготой хүмүүсийн хувьд орон сууцтай болно гэдэг амаргүй байдаг. Сөүл хотын хувьд нийтийн орон сууцыг олноор барьсан. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр түрээсэлж амьдрах нийтийн орон сууцуудыг олноор барьж амьдралын нөхцөл муутай хүмүүсийнхээ асуудлыг шийдсэн туршлага бий.

Би өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд 80 мянга орчим орон сууц бариулсан. Одоо ч гэсэн энэ хэмжээний нийтийн орон сууц барьж ашиглалтад өгөх зорилготой ажиллаж байгаа. Энэ асуудлыг Сөүлийн орон сууцны корпорац тусгайлан хариуцаж ажилладаг. Тус корпорацын захирал айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн учир Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтарч ажиллах боломжтой.

Азийн хөгжлийн банкны холбогдох хүмүүстэй энэ талаар уулзсан. Гол нь санхүүжилт учраас үүнийг шийдвэрлэх гарцын талаар ярилцаж, холбогдох байгууллагын хүмүүс нэлээд нааштай байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хоёр хот хамтраад ажиллах бүрэн боломжтой.

-Сөүл хотыг тойруулаад Ногоон хэрэм босгож иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах таатай нөхцөлөөр хангаж өгсөн байдаг юм билээ. Улаанбаатар хот ч ногоон хөгжлийн асуудлаар бүс нутагтаа нэлээд идэвх санаачилгатай байхыг эрмэлзэж байна. Ногоон хөгжил бол хүн бүрт хүрч чаддаг бодлого гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Сөүл хот 1970, 1980, тэр ч байтугай 1990-ээд оны үед тоосжилт нэлээд ихтэй, саарал тэнгэртэй хот байлаа. Өнөөдөр бол манай хотын агаарын бохирдол буурсан. Бид нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хэрэглээнээс халж, хийн хөдөлгүүртэй автобусуудыг явуулдаг болсон нь нэлээд том үр дүн авчирсан.

Ахуйн хэрэглээнд ч гал түлдгийг болиулж хийн хэрэглээ рүү шилжүүлэх бодлогыг 10, 20 жилийн турш урт хугацаанд хэрэгжүүлсэн. Төгөл байгуулах, цэцэрлэгт хүрээлэнг олноор бий болгох чиглэлээр маш их хөрөнгө оруулалт хийж, онцгой анхаарсан. Сөүл хотод автомашингүй гудамжуудыг олноор байгуулсан нь үр дүнгээ маш сайн өгсөн. Олон жилийн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Сөүл хот саарал биш цэлмэг тэнгэртэй болсон.

-Хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ямар чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Иргэд хоорондын болоод эдийн засгийн харилцаа илүү хөгжинө гэж бодож байна. Үүнээс гадна соёлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бий. Солонгосын К драм, К поп гэх мэт урсгал зөвхөн Монгол төдийгүй Азийн цөөнгүй оронд түгж байгааг Та бүхэн мэдэх байх. Аливаа харилцааны уг үндэс нь соёлын харилцаа байдаг. Монгол Солонгос хоёр уламжлалт сайн харилцаатай улс. Тиймээс цаашдаа соёлын харилцааг олон талаар хөгжүүлэх боломжтой гэж боддог.