Гэр хороололд амьдардаг 2100 өрхийн бохир, дулааны асуудлыг ирэх сард шийднэ
2015.09.02

Гэр хороололд амьдардаг 2100 өрхийн бохир, дулааны асуудлыг ирэх сард шийднэ

Нийслэлийн ИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн найман дүүрэг, 37 хорооны 1500 гаруй га талбайд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр тооцож, сураг төслийг нь боловсруулсан юм. Ингэснээр гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14, хүн амын есөн хувийг дээрх төсөлд хамруулах аж. Тэгвэл нийслэлийн засаг дарга тэргүүтэй албаныхан өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулалт болон газар шинэчлэн зохион байгуулах ажлын явцтай танилцлаа.

Дамбадаржаад барьж буй 4.7 км бохирын шугамыг энэ сард хүлээлгэж өгнө

Сүхбаатар дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт тус бүртээ 2.8 м.вт-ын хүчин чадалтай хоёр ширхэг дунд оврын цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Одоогоор тус станцын барилгын суурь болон өрлөгийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Хамгийн эхэнд тэд Дамбадаржаагийн эцсийн буудалд барьж буй 4.7 км урт бохирын шугамын ажлын явцтай танилцсан юм. Яг өнөөдрийн байдлаар хоёр км гаруй шугам, сүлжээний ажлыг хийж гүйцэтгэжээ. Үлдсэн хэсгийг энэ сардаа багтаан дуусгахаар төлөвлөсөн бөгөөд ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах аж. Ингэснээр тус хороонд оршин сууж буй 2100 гаруй өрхийн дулаан, цахилгаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой болох юм. Түүнчлэн усан хангамж болон ариутгах татуургын ажлын явц 35 хувьтай явж байгааг холбогдох албаныхан дуулгав. Тодруулбал, 4500 метр урт шугамын 500- г нь хийж гүйцэтгэжээ. Үүнээс станцын барилгын ажил бүрэн дууссан бөгөөд тоног, төхөөрөмж суурилуулах болон дотор монтажийн ажлыг хийж байгаа аж. Төслийг “Цэлмэг Ази" ХХК хийж, гүйцэтгэж байна. Нийт төсөв нь 14 тэрбум гаруй төгрөг бөгөөд эхний ээлжид нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 12 тэрбум 786 сая төгрөгийг гаргуулжээ.

Ирэх сардаа багтаан ахмадын орон сууцны эхний ээлжийг ашиглалтанд оруулна

Дээрх бүтээн байгуулалтын ажилтай танилцсаны дараа Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт барьж буй хямд өртөгтэй ахмадын орон сууцны барилгын явцтай танилцсан. Тус байрны эхний ээлжийн барилгыг төлөвлөгөө ёсоор өнгөрсөн амралтын өдөр улсын комисст хүлээлгэн өгөх байсан ч хэд, хэдэн шалтгааны улмаас хойшилжээ. Энэ талаар барилгын ажлыг хийж гүйцэтгэж буй “Баярсконстракшн” ХХК-ийн захирал хэлэхдээ “Нийслэлийн захиалгаар ахмадын орон сууц барилгыг хийж, гүйцэтгэж байна. Нийтдээ гурван блок барилга.

Эхний ээлжийн барилга ирэх сард ашиглалтад орно. Барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Заслын чимхлүүр ажлыг хийж байна гэж ойлгож болно. Хөрсний ус илэрснээс шалтгаалан барилгын суурийн хийцлэл өөрчлөгдсөн. Энэ нь барилга угсралтын ажилд нөлөөлж, хугацаандаа амжиж ашиглалтад ороогүй. Тиймээс бид нийслэлийн удирдлагуудад орон сууцыг ашиглалтад оруулах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт явуулсан” гэв. Дээрх барилгыг барихад зориулж нийслэлийн Төсвийн хөрөнгөөснийт найман тэрбум гаруй төгрөг тусгасан ч одоогийн байдлаар долоо орчим гаруй тэрбумын хөрөнгө оруулалтыг хийжээ.

Э.Бат-Үүл: Бүгдийг улстөржүүлдгээ болих хэрэгтэй

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс дараах асуултад хариулт авлаа.

-Та сая гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Гэхдээ иргэд газраа чөлөөлөхгүйгээс болж гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа гэж сонссон юм байна?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд үнэхээр амаргүй замыг туулж байгаа. Газар чөлөөлөх асуудлаас эхлүүлээд олон маргаан гардаг. Наад зах нь олон жил нэг газраа амьдарч байгаа айл газраа чөлөөлөх хүсэлгүй байна.

-Уучлаарай, гэхдээ тэд газраа челөөлөх хүсэлгүйдээ биш та бүхний зүгээс санаанд нь хүртэл үнэлж авч чадахгүй байгаа юм биш үү?

-Хэн ч гэсэн газраа үнэтэй зарахыг хүснэ. Энэ бол хүний жам ёсны асуудал. Хамгийн гол нь тохиролцох л хэрэгтэй. Өмнө нь хотын захиргаа ямар алдаа хийж байсан гэхээр хашааных нь газрыг хотын захиргаа очиж үнэлээд дундуур нь орчихсон явдал. Үүний үр дүнд нь иргэд хохирсон. Энгийнээр бодоод үз л дээ. Зах дээр хоёр хүн наймаа ярьж байхад дундуур нь “Чиний бараа тийм үнэтэй” гээд засаг, захиргаа оролцохын бол наймаачин сэтгэл ханамжгүй үлдэх нь тодорхой. Яг үүнтэй л адилхан. Иргэд хашаа, байшингаа өөрсдөө үнэлэх хэрэгтэй. Тиймээс тухайн иргэний газраа үнэлэх үнэлэмжийг захиргааны аргаар шийдэхгүй. Тэр хөрөнгө оруулагчтайгаа л тохиролц. дээр нь өөрсдөө сайн бод. Өөр зүйл байхгүй.

-Сүүлийн үед таны хүү Б.Чулуудайтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон.Тухайлбал, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт таны хүүгийн “Грандлайн”компани “Түмэн-Амгалан” цогцолбор, хотхоныг барих эрх авсан. Гэтэл барилгын ажил өнөөг хэр нь эхлээгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

 -Инженерийн дэд бүтцийнажлыг эхлүүлчихсэн. Бохир, цахилгаан, цэвэр усны асуудлыг нь шийдчихсэн. Бүтээн байгуулалтын ажил нь дуусах шатандаа явж байна. Ямар ч гэсэн газар чөлөөлөх асуудал дээр иргэдтэй маш сайн тохиролцсонгэж сонссон.

-Гэхдээ анхнаасаа нэг ч барилга барьж үзээгүй хүүгийнхээ компанид орон сууц барих эрх олгосон нь ашиг, сонирхлын зөрчилтэй гэж ярих олон хүн байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Бүгдийг улстөржүүлэхээ болих хэрэгтэй. Үнэхээр харамсч байна. Газар чөлөөлөх тохиролцоонд хүртэл нам, эвслүүд орчихсон л явж байдаг. Ингэж болохгүй шүү дээ.

-Ингэхэд хямд үнэтэй ахмадын орон сууцад хэнийг оруулахаа дүүргийн удирдлагууд мэднэ гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэнийг хэлэхэд, 396 айлын ахмадын орон сууц удахгүй ашиглалтад орно. Нийт 23.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгаа. Нийслэлийн зүгээс ахмадын орон сууцыг захиалгаар бариулж байна. Харин ахмадын орон сууцанд хэнийг оруулахаа дүүргийн   удирдлагууд мэднэ.

Түүнээс биш бидэнд хамааралгүй зүйл юм.  Гэхдээ зарим ахмад орон сууцгүй, гудамжинд амьдарч байна. Ахмадын орон сууц бол яг тэдэнд зориулсан байр. Тиймээс хэнд байр өгөх вэ  гэдгээ нарийн сайн судалж, шийдэх л хэрэгтэй. Би энд зориуд нэг зүйл хэлэхийг хүсч байна. Аль ч төвшинд ойлгохгүй байгаа болохоор хэлэхээс өөр аргагүй.

-Юуг тэр вэ?

-Засгийн газраас 20 хувийн баталгаа гаргаж, урьчилгаа 10 хувийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Би тухайн үед нь Засгийн газарт зөндөө хэлсэн. “Үзүүлж байгаа дэмжлэгээ фокуслаад гэр хорооллын дахин төлөвлөлт рүү чиглүүлээрэй. Хавтгайруулбал орон сууцны үнэ өснө” гэж. Өнөөдөр нийслэлийн тулгамдаж буй асуудал бол агаарын болон хөрсний бохирдол юм. Үүнийгээ шийдэхийн тулд хамгийн эхэнд гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй. Өөр ямар ч сонголт байхгүй.