Эхний хэдэн барилгын дараа л ажил хурдацтай урагшилна
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дарга Д.Баттулга
2015.10.02

Эхний хэдэн барилгын дараа л ажил хурдацтай урагшилна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хуралдаан өчигдөр боллоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлйн 75 хэсэгчилсэн талбай бий. Одоогоор 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэхээр шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа.

Тэд 1351 нэгж талбар бүхий 78.3 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлсөн аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дарга, НИТХ-ын дарга Д.Баттулга эдгээр компаниудыг гурван хэсэгт хуваан уулзаж, төслийн явц тулгамдаад буй асуудлуудыг нь сонссон юм.

Хоёр жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Түүнээс өнгөрсөн онд 588 орон сууцыг ашиглалтад оруулжээ. Харин энэ онд шинээр 1800 орчим айлын орон сууцыгашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд Баянзүрх дүүргийн VIII хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахйн төлөвлөлтөд хамрагдсан 120 айл өрх орон сууцанд орсон тухай албаны хүмүүс мэдээлж байлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хуралдааны үеэр "Баганат өргөө" ХХ компанийн төслийн удирдагч Б.Өлзийцэцэг "Манайх 144 айлын орон сууц ашиглалтад оруулсан. одоо 144 айлын орон сууцны угсралтын ажлыг хийж байна. Цахилгаан дулааны болон сүлжээний ажил 85, зам холболтын ажил 50 хувьтай явж байгаа. 144 айлын орон сууцаа энэ онд багтааж амжихгүй бол ирэх оны нэгдүгаэр улиралд ашиглалтад оруулна. Замын ажил хийгдэж байгаа.

Ирэх сарын 30 гэхэд ашиглалтад орно. “Гангар инвест” компани манай хоёрын дунд явагдаж байгаа зам асуудалтай байгаа” гэж байв. Харин “Гангар инвест” компанийн төлөөлөл Л.Бат-Амгалан “160 айлын барилга дотор заслын ажил дээрээ явж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Шугам сүлжээний ажил 85 хувьтай явагдаж байгаа. Замын асуудал байгаа” гэв.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дарга Д.Баттулга

Түүнчлэн “Бэрэн” компанийн төлөөлөл "560 айлын таван орон сууцны суурь цутгалтыг хийгээд байна. Гэвч газрыг нь тохиролцож чөлөөлөөд нүүлгэсэн хойно тухайн газарт дахин өөр эзэн гарч ирсэн. Тэгээд манай компанийг шүүхэд өгчихөөд байгаа. түүнээс болоод барилгын ажил зогссон байдалтай байна. Нэг газарт хоёр газрын гэрчилгээ гаргаснаас ийм асуудал үүслээ” хэмээн ярьж байлаа.

Уг асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах
мэргэжилтэн Ц.Шижир судалж үүссэн асуудалд шуурхай арга хэмжээ авахаа хэлж байв. Үүнээс гадна доогуураа дэд бүтэцтэй газруудад хууль зөрчин газар өмчилж авсан хүмүүсээс шалтгаалж ажил явуулахад төвөгтэй байдал учирч буйгаа барилгын компаниуд хэлж байсан юм.

“Тэлмэн” констракшны хувьд өнгөрсөн долдугаар сард дахин төлөвлөлтийн ажил явуулах батламжаа авчээ. Тэд Налайх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа аж. Тус компанийн төлөөлөл “Манайх 15 га талбайд 1100 айлын орон сууц барихаар Ерөнхий төлөвлөгөөнд тусгуулсан. Цэвдэгтэй газар болохоор таваас дээш давхар барилга барьж болохгүй нөхцөлтэй байгаа юм. Гэхдээ орон нутагт дахин төлөвлөлт явуулж байгаа болохоор мкв-ын үнэ сая төгрөгөөс доош байхгүй бол хүмүүс авахгүй. Тэгэхээр ашиг олох магадлал маш бага. Тиймээс 1800 айлын орон сууц барих хүсэлтээ илэрхийлж байна" гэж байлаа.

Харин төлөвлөгөөний газрын зүгээс хороолол дахь үйлчилгээний газар, цэцэрлэг, сургууль ногоон байгууламж зэргийг тооцвол тийм ихээр нэмэгдүүлэх боломжгүй. Тодорхой бага хэмжээгээр нэмэгдүүлэх талаар судалж үзье” гэсэн хариулт хэлж байв.

Грандлайн компанийн хувьд иргэд байраа 10 хувийн лизингээр аваад мкв-аа нэмэгдүүлье гэсэн тохиолдол гарчээ. Үүн дээр нь компани батлан даалт хийх гэж буйгаа ярьсан юм.

Гэвч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дарга Д.Баттулга “Тийм зүйл яасан ч хийж болохгүй. Газрыг байраар л соль. Эсвэл мөнгөөр худалдаж ав. Түүнээс зээл өгөх асуудал байхгүй. Хэрвээ нөгөө хүн зээлээ төлж чадахгүй банкны хүү өссөөр танайх байраа хурааж авбал иргэн байр ч үгүй, газар ч үгүй үлдэнэ. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй шүү” хэмээж байсан юм.

Энэ үеэр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дарга Д.Баттулгаас зарим зүйлийг тодруулав.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байгаа вэ?

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дарга Д.Баттулга

-Бид дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа компаниудтай уулзаж тус бүрт нь ямар ажил хийв, ямар бэрхшээл байна гэдгийг ярилаа. Гэр хорооллыг орон сууцжуулна гэдэг амар ажил биш. Дэд бүтцийн ажил 80-90 хувьтай болчихсон байна. Зарим компани барилгын эхний ээлжээ энэ онд ашиглалтад оруулна. Нөгөө хэсэг нь ирэх онд ашиглалтад оруулна гэж ярьж байна.

Одоо ингээд харахад газар чөлөөлөлт эрчимтэй явсан нь анзаарагдлаа. Түүнтэй холбоотой гарсан тодорхой хэмжээний асуудлыг энэ зун цэгцэлчихлээ. Хотын захиргаатай холбоотой асуудал гарсангүй. Замын ажил удаашралтай байгааг компаниуд илэрхийлж байгаа. Үүнийг бид хурдан хугацаанд шийднэ. Өнөөдөр хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа билээ дээ. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эдгээр компаниуд зориг гаргаад л хийж байгаа.

-Дахин төлөвлөлтийн ажлыг үлгэр домог боллоо
гэлцэж байна. Ирэх жил сонгууль болно. Гэтэл иргэдэд тайлагнах зүйл ярьж байснаас бага байх шиг?

-Үлгэр болоогүй. Ажил хийгээд байгааг нь харж л байгаа байх. Ирэх жил сонгууль болох хамаагүй. Дэд бүтцээ хийгээд айлуудаа чөлөөлчихсөн байхад тэгээд л болоо. Хот өөрийнхөө бэрхшээлүүдийг цаг тухай бүрт нь шийдэж байгаа. Мэдээж зарим компанийн хөрөнгө оруулалт татагдах асуудал байна. Тухайлбал, “Бүрд" констракшн хоёр жил ярьж байгаад сая л хөрөнгө оруулалт нь шийдэгдэж байна. “Моннис" ч гэсэн адилхан. Харин бусад компаниуд сүүлд орсон ч гэсэн ажлаа эхлүүлчихлээ.

-Иргэдийн газрыг чөлөөлж, барилгын ажлууд эхэлсэн ч цаг хугацааны хувьд удаан байна шүү дээ?

-Одоо хүмүүс нэг, хоёр байшингаар нь. хараад байгаа юм. Нэг байшин баригдаж байна гэдэг том ололт. Учир нь айлуудаа оруулж байна. Эхний нэг, хоёр байшингийн ажил удаан явах нь ойлгомжтой. Гэрээ тохиролцоогоо хийж газраа чөлөөлнө. Дэд бүтцээ татна. Эхний айлуудаа оруулсан орон сууцны араас энэ ажил хурдацтай явна. Япон улс энэ ажлыг 15 жил хийсэн. Гэтэл манайх хоёр жил л хийж байна. Тэгэхээр бид туршлагатай хийж байгаа юм. Манайхан яаруу учраас гэнэт л хорооллоор нь ашиглалтад оруулах юм яриад байгаа. Тийм юм хэзээ ч байхгүй.

-Хотын төсөв тасарсан гэсэн. Ирэх онд нийслэлийн төсвөөс гэр хорооллын дахин төлөвлөлтөд төсөв тавиулж чадах болов уу?

-Ямар ч бэрхшээл гарсан энэ ажлыг зогсоохгүй. Ирэх оны хотын төсөвт дахин төлөвлөлтөд зориулж мөнгө тавьж чадна. Яаж ийгээд л хийнэ. Гэхдээ хот барилгад биш дэд бүтэц, цэцэрлэг, сургуульд мөнгө гаргаж байгаа шүү дээ.