Төрийн албыг “хар зах” болгосон нь
Ардчилсан нам
2015.08.31

Төрийн албыг “хар зах” болгосон нь

Улс төрийн байдал шалдар булдар, цагийн улирал биш цаг үе нь ороо босоо, элстэй шанд нь байгаа ч , буттай цайдмыг дагаж явахад хааяа нэг саарал ордонгоос таатай мэдээ дуулдана.

Үнэхээр төрийн өндөр албан тушаалд гарчихсан хүмүүс дунд иргэдийнхээ төлөө зүтгэж, үйлчилж байгаа хүн ер алга. Гэтэл тэднийг залгуулаад дараагийн ээлж нь хоолондоо орох гээд хүлээж сууна. Засгийн газраас гарсан зургаан сайдын гурван квот нь шийдэгдчихсэн бол АН-ын гурван суудал тохиролцоонд одоог хүртэл хүрээгүй бололтой.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр үндсэн сайдууд нь тохироогүй байхад дэд сайдын суудал горлогчид ар араасаа цуварсаар байна. Тухайлбал, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг /Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд/, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш /Аж үйлдвэрийн яамны дэд сайд/, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт /Уул уурхайн дэд сайд/ нарыг дэд сайдаар суулгах шийдвэр гаргасан нь АН-ын амбийц ихтэй, цус хөөрүү залууст нь таалагдаагүй бололтой.

Зарим нь бүр ил тод илэрхийлж Шинэчлэлийн хорооноос мэдэгдэл хүртэл гаргаад амжив. Яг энүүхэндээ гэхэд АН-ын удирдлагууд ирэх сонгуулийн төлөөх дайралтаа ичих булчирхайгүй хүн шиг явуулж, албан тушуулыг бол наймаалцах шиг болж байна.

Арван таван толгойтой атгаалжын хар мангасын үлгэр хэрхэн төгсдөг нь шиг фракцынхаа эрх ашгийг үргэлж тэргүүнд тавьдаг АН-ын төгсгөл ч ийм байж болох юм.

Нийгмийн дунд ч гэсэн амтай болгон АН-ыг муулж, МАН-ын арай дээр гэж ярьцгааж байна. МАН-ынханд хэлж байгаа зүйл нь магтаал биш л дээ. 2012 онд яг урвуугаар нь бодож байгаад ард түмний сонголт АН-ынхныг далласан ч найдлага нь талаар болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Одоо бүр дарга нарынхаа үгэнд орохгүй залуучууд нь үг сөрөх болсон.

Ийм л болчихоод байгаа АН-ынхан ирэх сонгуульд ялна гэх магадлал тун бага. Магадгүй зарим нь ч гэсэн үүнтэй эвлэрсэн гэдэгт итгэлтэй байна.

Харин засгаас буухаасаа өмнө нэг сайн идээдхэе гэсэн шиг аймгийн намын дарга нараа дэд сайдын суудалд зүтгүүлээд байгаа нь үнэхээр хачирхалтай гэж иргэд үзэж байгаа.

Тиймээс л одоог хүртэл зургаан сайдын асуудлыг шийдэж чадахгүйд  нь өөрсдийнх нь дэмжигчид хүртэл бухимдуу явна. Энэ мэтчилэн асуудлууд намын доторх уур амьсгал, эв нэгдлийг тархай бутархай болгож байгаа нь шийдвэрлэх үед  багийн гол тоглогч нь оноо алддагтай адил зүйл юм.

Одоо бүх шийдвэр, намын ирээдүй, цаашдын зорилго зэрэг нь намын даргын ухаалаг шийдвэрээс хамаарна. Тэгэхээр АН-ын ирээдүйг цаг хугацаа л харуулах байх даа.