З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт Засгийн газрыг бүрдүүлэх эрхийг намын бүлгээс нь олголоо
Ардчилсан намын бүлэг
2015.08.21

З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт Засгийн газрыг бүрдүүлэх эрхийг намын бүлгээс нь олголоо

Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит бусаар хаалттай хуралдав. Бүлэг зургаан сайдын асуудалд төвлөрчээ.

Энэ сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах үед Ардчилсан намын бүлэг мөн л хаалттай хуралдахдаа сайд нарын асуудлыг нэлээд нухацтай хэлэлцсэн. Ингэхдээ “Шударга ёс” эвсэлд хоёр, Ардчилсан намд дөрвөн сайдын суудал хуваарилахаар ярилцаж байв. Харин “Шударга ёс” эвсэл гурван сайдын суудал авна гээд байгаа.

Иймд Ардчилсан намын бүлэг гишүүдийнхээ саналыг авах зорилгоор өчигдөр хаалттай хуралдсан байна. Сайд нарын хуваарилалтад бүлгийн гишүүд тус бүрдээ саналаа илэрхийлсэн аж. Энэ үеэр сайдын суудалд таамаг төдий явж байгаа нэрсүүдийг ч хэлэлцэж, дэмжлэг авч чадаагүй сурагтай. Ер нь гишүүдийн зүгээс олон жил УИХ болон Засгийн газарт ажилласан, туршлагатай, намынхаа нэр хүндийг сэвтүүлж байгаагүй улстөрчдийг сайдаар

томилох нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ. Тэгвэл бүлгийн гишүүдийн олонхи нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулахын тулд УИХ дахь намуудтай тохиролцох нь зүйтэй гэсэн байр суурьд нэгдсэн байна. Иймд 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болтол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг савлахааргүй байх нөхцөлийг Ардчилсан намын дарга бүрдүүлэх болж байгаа юм. Тодруулбал, Ардчилсан намын дарга УИХ дахь нам, эвслүүдийн удирдлагатай сайд нарын суудлын тоог зөвшилцөнө гэсэн үг.

Мөн тус намын бүлгийн хурлаар хэлэлцэж шийдсэн асуудал нь Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрх олголоо. Дараагийн сонгууль хүртэлх богино хугацаанд нэг баг болоод ажиллах чадвартай хүмүүсийнхээ нэрсийг Ч.Сайханбилэ оруулж ирвэл Ардчилсан намын бүлэг дэмжих юм байна. Гэхдээ Ардчилсан намын бүлгээс Ч.Сайханбилэгт таван хүний нэр өгсөн сурагтай. Ерөнхий сайд тэднээс гурвыг нь сонгох ёстой гэдгийг эх сурвалжууд ч мэдээлж байгаа юм. Зургаан сайдын суудлыг Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл зөвшилцөж тохиролцоод хуваарилчихгүй. ИЗНН ч аль нэгэн яамыг авах бололтой.

Тэгэхээр Ардчилсан нам гурван суудлынхаа нэгийг ИЗЗН-д өгөх үү, эсвэл “Шударга ёс” эвслийн квотыг цөөлөх үү гэдэг асуудал хөндөгдөх нь мэдээж. Жил хүрэхгүй настай Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ажиллах гэсэн гишүүдийн марафоныг урьд шөнөжин шүүж, эцсийн дүнг өнөөдөр танилцуулахаар болсныг эх сурвалж дуулгаж байгаа юм. Зургаан сайдын нэрсийг өнөө, маргаашаас хэтрэлгүй өргөн барьснаар ээлжит бус чуулганы тов ч гарна. Ардын намын зүгээс Ч.Сайханбилэгийн засагт ажиллах хүмүүсийг үг дуугүй дэмжихээ аль эрт илэрхийлсэн. Тэгэхээр Ардчилсан нам бусад намтайгаа тохиролцож чадсан бол зургаан сайдын суудал эзэнжих процедур ямар ч саадгүй явах юм.