Ардчилсан хүчний холбооныхон Дэлүүн болдогт чуулав
-Туршлага солилцож, шинэ санаа дэвшүүлсэн Зүүн бүсийн чуулган-
“Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай Ардчилсан хүчний холбоо /АХХ/-ныхон Зүүн бүсийн чуулганаа амжилттай зохион байгууллаа. Энэ онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа учраас АХХ-ны Зүүн бүсийн чуулган “Ардчилал-25” нэрийн дор зохион байгуулагдсан юм. Түүнчлэн Хэнтий аймгийн Дадал сум буюу Их Эзэн Чингис хааны өлгий нутаг, унасан газар, угаасан ус гэгддэг Дэлүүн болдог, Чингисийн гурван нуурын дэргэд зохион байгуулагдсанаараа онцлог болов. Зүүн бүсийг төлөөлж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн АХХ, мөн Дорноговь аймгийн АХХ-ны залуучууд хүрэлцэн ирсэн юм. Тэд Монгол Улсын өмнө тулгамдаад буй олон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг шийдэх өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.
Тухайлбал, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа үед Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд хурдацтай хөгжиж сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт хийснийг чуулганд оролцогчид онцлон сонирхож байв. Ялангуяа Зүүн бүсийн чуулган болж буй Хэнтий аймаг 2-3 жилийн өмнөхөөс тэс өөр болж, өнгө зассан нь “Одоогийн хямрал бол эдийн засгийн бус сэтгэлгээний хямрал” гэсэн үгийг эрхгүй санагдуулж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ хэлэхдээ “Бид Зүүн бүсийн чуулганаа Хэнтий аймгийн Дадал сумыг сонгож хийсэн нь санамсаргүй зүйл биш юм аа. Энэ нутаг бол Эзэн Чингисийн өлгий нутаг гэдгээрээ гадна, дотнын жуулчдыг татахын зэрэгцээ үзэсгэлэнт байгаль, байгалийн онгон дагшин байдлаараа эрхгүй хараа булаасан сайхан нутаг юм. Ялангуяа Дадал сум бол Монголын Швейцарь гэгддэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Энд түүхт Дэлүүн болдог, Чингисийн гурван нуур, Балжийн гол гэхчилэн хүний хараа булааж, сонирхлыг татах зүйл их бий. Энэ утгаараа аялал жуулчлал хөгжүүлэх асар их боломж бий. Бид энэ бүхнийг тооцож Зүүн бүсийн чуулганаа хийсэн” хэмээн онцолж байв.
Чуулганы үеэр олон сонирхолтой хэлэлцүүлэг болсоны нэг нь “Сумдын нислэгийг сэргээх төсөл” юм. Социализмын үед сум, аймаг хооронд бага оврын нисэх онгоцоор нислэг үйлдэж, шуудан харилцаа, хүн, ачаа тээврийн тодорхой хэсгийг тээвэрлэдэг байсан туршлага манай улсад бий. Тэгвэл үүнийг сэргээж, иргэдийг ая тухтай зорчих, шуудан харилцааг хурдан шуурхай болгох төслийг АХХ-ны залуучууд санаачлаад байгаа юм. Хэрэв уг төслийг дэмжвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломж байгаа аж. Энэ сэдвээр АХХ-ны гүйцэтгэх захирал Б.Батхуяг танилцуулга тавьж, хэлэлцүүлэг явуулсан нь олны анхаарлыг татлаа.
Түүнчлэн АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын ололт, амжилт, алдаа сэдвээр илтгэл тавьсан нь цаг үеэ олсон сонирхолтой илтгэл болсон юм. Ийн гурав хоног үргэлжилж, 500 гаруй гишүүд оролцсон АХХ-ны Зүүн бүсийн чуулган амжилттай болж өндөрлөлөө. Ялангуяа зүүн гурван аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалт, хямралын үед ч хөгжих боломж байдаг гэдгийг бусдад үлгэрлэхүйц сайн жишиг болж чадсан юм. Чуулганд оролцсон гишүүд ч удахгүй болох Булган аймагт болох “Төвийн”, Завхан аймагт болох “Баруун бүсийн чуулган”-д оролцож туршлагаа бусадтайгаа хуваалцахыг хүслээ.