Сайдын дамжаанд суралцах биш яамыг шууд удирдаад явчих хүнийг томилох хэрэгтэй
УИX- ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг авлаа.
-Ээлжит бус чуулган завсарлалаа. Үр дүнг нь олон нийт “Улстөржсөн асуудлуудаа шийдвэрлэлээ” гэх мэтээр шүүмжилж байна. Та Төрийн байнгын хорооны даргын хувьд ямар тайлбар хийх вэ?
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж гурван ч хуулийг баталж гаргалаа. Эдгээр нь Эдийн засгийн ил тод байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Өршөөлийн хууль юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Энэ нөхцөлд далд эдийн засгийг ил гаргаж тэлэлтийг бий болгох зорилготойгоор хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл санаатай болон санамсаргүйгээр хөрөнгө орлогоо нуусан нөхөд нэг удаа хуульд хамрагдан хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд айх айдасгүйгээр оруулснаар эдийн засгийн идэвхжил сэргэх нөлөөтэй гэж үзэж байгаа. Гагцхүү батлагдсан хуулийг олон нийтэд сурталчлах ажил хийгдэх ёсхой. Харин Галт зэвсгийн тухай хуулийн хувьд олон нийтийн уралдаан тэмцээнд оролцох тамирчдад хүлээлттэй байсан. Энэ болоод бусад тулгараад байсан асуудлуудыг тусгаж шийдвэрлэсэн учраас хэрэгтэй хуулиудын нэг болсон гэж үзэж байгаа.
-Тэгвэл Өршөөлийн хуулийн хувьд шүүмжлэл их байна?
-Энэ хуулийн хувьд Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл өргөн хүрээнд хэлэлцэгдэж батлагдлаа. Олон нийтийн үзэл бодол харилцан адилгүй байна. Тодруулбал, хуулийг батлахдаа хэтэрхий хавтгайруулсан гэх асуудал давамгайлж байх шиг байна. Ажлын хэсэг дэмжээд байнгын хороо, нэгдсэн чуулган дээр олонхийн санал авсан учраас
батлагдлаа. Өршөөлийн хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Санамсаргүйгээр алдсан, алдаагаа ухаарсан хүмүүст Өршөөлийн хуулийг гарган төр нэг удаа энэрч байгаа нь тухайн хүмүүсийг цаашид зөв замаар явахад тусалж байгаа хэрэг. Тэгээд ч өршөөлд хамрагдах хүмүүсийн дийлэнх нь цагаан захтан биш жирийн иргэд байгаа. Т эр утгаараа зөв хууль гарлаа гэж л бодож байна. Гагцхүү албан тушаалтан, авлигатай холбоотой хэргийг өршөөлд хамруулсан нь шүүмжлэлд өртөж байгаа юм байна. Дээр хэлсэнчлэн гишүүдийн олонхи нь дэмжсэн учраас батлагдсан. Би гишүүнийхээ хувиар энэхүү заалтууд дээр эсрэг санал өгсөн юм.
МАН-ын сайд нарыг засгаас гаргасан. Харин суларсан орон тоог нөхөн томилох асуудлыг шийдсэнгүй?
-Хуулиараа ээлжит бус чуулганы эхлэх, дуусах өдөр, хэлэлцэх асуудлыг тодорхой заасны үндсэн дээр захирамж гардаг. Энэ захирамжийн дагуу ээлжит бус чуулганы хугацаа дууссан учраас хаалтыг хийлээ. Өнөөдрийг хүртэл сайдуудын суларсан орон тоог нөхөн томилох буюу Засгийн газрыг бүрдүүлэх тогтоолын төсөл өргөн баригдаагүй байна. Ерөнхийлөгчөөс, Авлигатай тэмцэх газраас санал авах гэх мэт асуудлууд бий. Дараагийн асуудал нь дахин ээлжит бус чуулган зарлах эсвэл намрын чуулганы эхэнд ярих боломж бий.
Ингэж сунжруулах нь төрийн ажлыг цалгардуулах сөрөг талтай учраас УИХ-ын дарга эхний томъёоллыг буюу дахин ээлжит бус чуулган зарлахыг.мэдэгдлээ. Миний байр суурь ч гэлээ дахин ээлжит бус чуулган зарлахыг дэмжиж байгаа.
-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдээд байгаа. Хэрвээ Өршөөлийн хуульд хориг тавибал “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг бүрдүүлэхэд тээг тавих юм биш үү?
-Тухайн хуулийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Ерөнхийлөгчид хүргүүлэх ёстой. Ингээд ажлын тав хоногт Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийддэг. Хэрвээ хориг тавибал чуулганы 14 хоногийн дотор багтаан хэлэлцэх ёстой. Чуулганы бус цагаар хориг тавигдвал ээлжит юм уу, ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэж шийдвэрлэх дэгтэй. Энэ удаагийн нөхцөл байдлаас хамаараад ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хоригийг хэлэлцэх юм шиг байна.
-Ер нь сайд нарыг нөхөн сонгох асуудал ямар шатанд байгаа юм бол?
-Миний ойлгож байгаагаар Засгийн газрыг хамтарч байгуулах нам эвслүүд тодорч зургаан сайдын квотыг хуваарилсан байгаа. Харин одоо нам эвслийн бүлгүүд хэнийг сайд болгох вэ гэдгийг шийдэх ёстой. Уг нь хуулиараа Ерөнхий сайдын мэдлийн асуудал. Гэхдээ нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөх нь ойлгомжтой. Хэнийг сайд болгох вэ гэдэг дээр манай нам ч, “Шударга ёс” эвсэл ч ялгаагүй шийдэлд хүрээгүй байна.
Сайд болох хүсэлтэй хүн ч цөөнгүй байх шиг. Асуудлыг шийдэхэд зарчим, шалгуур байх ёстой гэж би үздэг. Тодруулж хэлбэл үлдсэн хугацаа тун бага байгаа учраас сайдын дамжаанд суралцах биш яамыг шууд удирдаад явчих ажлын арга туршлагатай хүнийг сонговол зүгээр. Түүнээс гадна 2012 оноос хойш Засгийн газарт сайд хийж байгаад хариуцлага хүлээж буусан хүмүүсийг дахин оруулж ирэх шаардлага байхгүй байх гэж бодож байгаа. Ер нь бол аль ч нам үүнийг бодох ёстой биз. Ийм шалгуураар нэр дэвшүүлээд явбал асуудал хурдан хугацаанд шийдэгдэнэ. Гэхдээ асуудал яаж шийдэгдэхийг би мэдэхгүй байна.
-МАН засагт хамтарснаасаа хойш албан болоод албан бусаар хэдэн зуугаар тоологдох төрийн албаны томилгоо хийсэн. Одоо энэ томилгоонуудыг буцаах уу?
-Ямар ч тохиолдолд хуульд нийцүүлэх ёстой. Энэ нь төрийн албаны томилгоог хуулийн дагуу хийгээгүй бол засч, залруулах ёстой гэсэн үг. Харин хуулийн дагуу төрийн албаны шалгуураар ороод томилгоо хийгдсэн бол улстөржсөн байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд МАН засагт хамтарснаасаа хойш ажил урагшлуулахаасаа илүүтэйгээр төрийн албаны томилгоонд илүү ихээр анхаарсныг өнгөрсөн хугацаанд олон нийт хангалттай шүүмжилж байгаа. Энэ дотор хууль зөрчсөн нь хэд зөрчөөгүй нь хэд байгааг тодорхой мэдэхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн өгсөн мэдээллээр шалгалт өгөлгүй шууд томилогдсон хүн олон байгаа гэж байгаа.