АН-ын бүлэг МАН-ыг засгаас хөөх хэрэгтэй гэж үзжээ
УИХ-ын гишүүд
2015.06.30

АН-ын бүлэг МАН-ыг засгаас хөөх хэрэгтэй гэж үзжээ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хурлаар МАН-ыг засгаас гаргах асуудлыг хэлэлцсэн юм.

Бүлгийн хурал болохоос өмнө нам дахь фракциуд хуралдаж мөн шийдвэрээ нэгтгэсэн. Ингээд АН-ынхан МАН-ыг засгаас гаргах ёстой гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар энэ үеэр эсрэг байр суурьтай байж, МАН-ыг засгаас гаргах шаардлагагүй гэж байжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “МАН-ыг өөрсдийг нь гарахыг хүлээх хэрэгтэй” гэдэг саналыг ч тавьж байжээ. Бүлгийн хурлын дараа АН-ын гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

Г.Баярсайхан: -МАН-ыг засгаас гаргах асуудлыг танай бүлэг хэлэлцэн дэмжсэн байна. Та хувь гишүүнийхээ үүднээс ямар байр суурьтай байв?

-Бид бүгдээрээ л МАН- ыг гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэж хангалтгүй гэсэн дүн тавилаа. УИХ дээр олон удаа завсарлага авч асуудал гацаасан байна. Хамтарч ажиллаж байгаа Засгийн газрынхаа ажлыг уях гэх мэтээр хамтрахад ихээхэн хүндрэл үүсгэжээ. Тэгэхээр бүлэг шийдвэрээ Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлнэ. Удахгүй Гүйцэтгэх зөвлөл шат шатны асуудлыг цэгцлээд явах байх.

-Танай намын гишүүд 100 хувь дэмжсэн гэсэн үг үү?

-Бүгд л асуудлыг дэмжиж байна. Яагаад гэвэл хамгийн хангалтгүй, хамтарч ажиллах урамгүй байгаа юм. Хамтарчихаад нэг ч ажил хийгээгүй хэрнээ албан тушаалын хуваарилалтыг 100 хувь давуулан биелүүлсэн байна.

-Ерөнхий сайд МАН- ынхныг хамгаалж байсан гэсэн үү?

-Ерөнхий сайд чухал, чухап хуулийн төслөө явуулах шаардлагатай байна гэж байна билээ. Гэхдээ намынхан өөх ч биш, булчирхай ч биш явснаас нэг талдаа гарсан нь дээр гэж үзсэн.

С.Одонтуяа: -АН-ын бүлгийн хурал дээр МАН- ыг засгаас гаргах асуудалд гишүүд 100 хувь санал нэгдсэн гэв үү?

-Тэр талаар яриагүй. МАН- ын гэрээний дүгнэлт хийгээд үлдсэн асуудлуудаа хурдан биелүүлэхийг шаардсан. Хөдөө орон нутгийн иргэд МАН-ын талаар дургүйцлээ маш их илэрхийлж байгааг манай намын гишүүд хөндсөн. Учир нь гишүүдийг орон нутагт  ажиллахад иргэд “МАН засагт хамтарчихаад хөдөөгүүр  явахдаа байнга АН-ыг муулж байна” гэсэн зүйл ярьж байгаа л даа.