Грек ч яамай, еврогоо л аваръя
Алексис Ципрас
2015.06.29

Грек ч яамай, еврогоо л аваръя

Грек улсад мөнгөний уналт болоход алхам ойрхон байна.  Европын холбоо, ОУВС дахиж зээл өгөхгүй, удахгүй болох бүх ард түмний санал хураалтын дүнг хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ.

Зээлдэгч орнууд урьдын адил Грек улсаас нийгмийн хамгаалалд зориулсан төсвөө эрс танах, хатуу хэмнэлтэд шилжин бүсээ чангалан шүдээ зуух түвшинд шинэчлэл хийхийг шаардсан хэвээр байна. Грекийн эрх баригчид энэ саналаас татгалзаж зээлдэгчдийн шаардлагыг биелэшгүй гэж үзэв. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас: “Европын холбооны хувьд шударга ёс, ардчилал, харилцан хүндлэл нь үндсэн зарчим.  ЕХ шантааж, хориг дээр үндэслэхгүй ёсгүй баймаар” гэж хэлжээ. 

Хэрэв ЕХ-ны шаардлагаар эдийн засгийн шинэчлэлийг эхэлвэл Ципрас болон түүний СИРИЗА намын карьер дуусна. Тэд ЕХ-нд бууж өгөхгүй гэсэн амлалтаар сонгуульд ялсан.  Гэвч нөгөө талаас зээлдэгчдийн шаардлагыг биелүүлэхгүй бол санхүүжилт зогсч мөнгөгүй болно. Маргааш, 06.30 нд Грек улс ОУВС-д 1,5 тэрбум долларыг төлөх ёстой.  Гэвч энэ мөнгө байхгүй. Тэгэхээр санхүүжилт зогсвол Грек улсад мөнгөний уналт болно гэсэн үг. Мөнгөний уналтад грекүүд Ципрасыг буруутгаж таарна. 

Хадны завсар хавчуулагдсан Ципрас гурав дахь хувилбарыг гаргаж хувь заяагаа хэрхэн шийдэхийг ард түмэнд өөрсдөд нь даалгахаар шийджээ. 7 дугаар сарын 5 нд зээлдэгч орнуудын шаардлагыг биелүүлэх эсэх талаар бүх ард түмний санал асуулга явагдана.

Үнэндээ энэ санал асуулга нь Ципрасын Засгийн газар, СИРИЗА нам хоёр ямар ч шийдвэр гарсан үр дагаварыг нь өөрөөсөө холдуулж улс төрийн карьераа хамгаалж буй хэрэг юм. 

Грекийн хямрал нь тус улс аялал жуулчлалын салбарын орлогод хэтэрхий найдсан, бас их хэмжээний өр тавьснаас үүдэлтэй

Грекийн эрх баригчид өрийн асуудлыг санал асуулгын өдөр хүртэл хойшлуулахыг хүссэн ч зээлдэгчид татгалзав.  Ципрас ч тэр, Грекийн ард түмэн ч тэр өмнөх Засгийн газруудын тавьсан өрүүдийг төлөхийг хүсэхгүй байна. 

ОУВС-ийн захирал Кристин Лагерд “Би Грекэд дахиж мөнгө өгөхгүй” гэж хэлжээ. Ингэснээр зээлдэгчид Грекийн хувь заяаг гаргуунд нь хаяж Грекийн сүйрлээс еврог аврах ажилдаа оров. 

Зээлдэгчид өр төлөх хугацааг 7 хоногоор хойшлуулахаас татгалзсаны дараа 27-ны орой гэхэд хүмүүс Грекийн бүх бэлэн мөнгөний АТМ машиныг хоосолж еврогоо авчээ. Тэр байтугай Парламентын АТМ-д хүртэл мөнгө үлдсэнгүй. 

Грекийн долоо хоногийн турш ажиллахгүй.  Түүнчлэн нэг хүн өдөрт 60-аас илүү еврог АТМ-аас авах ёсгүй.