Засгийн газрыг огцруулах санал өргөн барихаа мэдэгдлээ
2015.05.20

Засгийн газрыг огцруулах санал өргөн барихаа мэдэгдлээ

Ерөнхий сайдыг Оюу толгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулж Г.Уянга нарын гишүүд огцруулах санал өргөн барих гэж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Тэд Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д  ажлын айлчлал хийж, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь тус ордны гэрээг үр ашиггүй явуулахаар байдалд хүрлээ гэж үзэж байгаа аж. 

Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барихад УИХ-ын 19 гишүүний гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Тиймээс Засгийн газрыг огцруулах санал өргөн барихаар гишүүдийн гарын үсэг цуглуулах юм байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын  зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан байна. Оюу толгой үр ашиггүй байгааг та бид мэднэ. Тиймээс Оюу толгойн үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдсангүй.

Нийт борлуулалтын 4-5 хувь Монголд үлдэж байна. Бидэнд баялгийн мөнгө орж ирэхгүй, дусал шиг 4-5 хувь л орж ирж байгаа. Энэ бол буруу юм. Оюу толгой хөрөнгө оруулалт биш зээл шүү. Бид анхны хөрөнгө оруулалтын зээлээр өдөр 1 сая ам.долларын зээлийн хүү, төлбөр төлж байгаа. Гаднынхан аймшигтай тархи угаадаг юм байна. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа.   

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Далд уурхайн хөрөнгө оруулалтыг 4.7 тэрбумын 34 хувийг Монголчууд төлнө

Оюу толгой бол дэлхийд хамгийн том орд. Нөөц нь цаашид нэмэгдэх магадлалтай.  Гэтэл энэ том ордыг үндэстэн дамнасан луйврын гэрээгээр үргэлжлүүлж байна. Оюу толгойгоос “Айвенхоу майнз”  Тронтогийн бирж дээрээс 3.5 тэрбум ам.долларын хувьцаагаар мөнгө босгосон. Тэр нь бидэнд ямар ч хүртээл байхгүй.

Ерөнхий сайд 4.7 тэрбум ам.долларын зээлийг Арабаас очиж авлаа. Анх 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай байсан Оюу толгойн төсөл нэмэгдээд  5.1 тэрбум болсон. Энэ хүрээнд ил, далд уурхайн үйл ажиллагаа бүгд орно гэсэн. Гэтэл далд уурхайн үйл ажиллагааг явуулахгүйгээр ил уурхайгаа  явуулсан.

Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх бололцоог нь гаргаж өгсөн. УИХ-ын 40 дүгээр тогтоол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Оюу толгойн гэрээг хийхээр байсан. Гэтэл долоон төрлийн татварын хөнгөлөлт эдэлж байна. 

Г.Уянга: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина

 “Анх Оюу толгойн гэрээг байгуулахад  гэрээн дээрээ 4 тэрбум доллар шаардагдана гэж заасан. Харин засвартайгаар хүлээн авсан техник эдийн засгийн үндэслэлд 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгасан.

Үүнд ил уурхай, далд уурхайн 1.5 тэрбум доллар, баяжуулах фабрик, хаягдлын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтэц, эзэмшигчийн зардал, шууд бус зардал, валютын ханшны зардал, бусад эрсдэл гэх мэт бүх эрсдэлийг тооцоолсон. Далд уурхайн хөрөнгө оруулалт орсон. Валютын ханш яаж ч өссөн энэ уурхайн үйл ажиллагаа хэвийн явна.

Гэтэл дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4.7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө.

Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын 5.1 тэрбум доллараа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гарсан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюу толгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Л.Цог нар гарын үсгээ зурсан. Бүх гишүүдээр явуулна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19 гишүүн дэмжиж хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Би үүнийг улс төрийн үйл ажиллагаа гэж харж байна. АН сонгуулийн жилийн өмнө сонгуулийн мөнгөө хийх бэлтгэлээ хийж байна гэж харж байна 

Х.Болорчулуун: Оюу толгой 2030 оноос нааш ашгаа өгөх нь өнгөрлөө

Оюу толгойн гэрээ муу болсныг хүлээн зөвшөөрч өнгөрсөн намар 17.5 тэрбум долларыг гадаадын хуулийн ферм рүү шилжүүлэх асуудал яригдлаа. Гэтэл дахиад ялагдал хүлээж байна.

Үүнийг энэ дотор байгаа авлигачид ганыхантай нийлж хийж байгаа юм. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг анх ярьснаасаа 300 хувиар нэмэгдүүлж байна. Муу гэрээг улам муутгаад Монголын авах ашгийг багсгаад, ашиг ирэх хугацааг улам цаашлуулж байна. Оюу толгойн гэрээ анхны гэрээгээр 2021 онд ашгаа хүртэх байсан боловч энэ гэрээгээр 2030 оноос наашгүй боллоо.