Орон сууцны даатгалаар мөнгө завшжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас даатгалын компаниуд орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгал авч байгаа гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө завшдаг байсан гэдгийг шалгалтын явцад тогтоожээ.
Тодруулбал, нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нь “Хаан даатгал” компанитай гэрээ байгуулан өөрийн харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан хууль бусаар оршин суугчдаас мөнгө авч тус компанийн дансруу хийдэг байсан зөрчил илэрсэн байна.
Ингэхдээ нэг айлаас орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээний хураамж гэгдэх 1500 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, албан бичгээр байгуулсан гэрээгүйгээр шууд суутган авдаг байжээ. Иймээс энэхүү зөрчлийг арилган, хэрэглэгчдийг хохироож байсан албан тушаалтан, байгууллагаас хохирлын мөнгийг төлүүлж, хариуцлах тооцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлжээ.
Мөн нэмж мэдээлэхэд ШӨХТГ-аас явуулсан шалгалтаар “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иуд орон сууцны даатгал нэрийдлээр иргэдээс “хүчээр” мөнгө хурааж, компанийн дансанд оруулдаг байсан гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл Даатгалын тухай хуульд зааснаар орон сууцны оршин суугч нь орон сууцны хөрөнгийн болон хариуцлагын даатгал аль аль нь сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаарахаар байна.
Гэтэл даатгалын компаниуд хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байсан зөрчил илэрчээ. Даатгалын компаниуд иргэдийг хэрхэн, хэдэн төгрөгөөр хохироосон талаар мэдээллийг хүргэе.
“ХААН ДААТГАЛ” ХХК ИРГЭДЭЭС ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧЭЭ
“Хаан даатгал” ХХК нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан түүний харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан иргэдээс даатгалын мөнгийг шууд хураан авч байсан гэнэ. Мөн “Хаан даатгал” ХХК нь хөрөнгийн болон хариуцлагын даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл авч, зөвхөн орон сууцны хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын даатгал хамт/-ын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулахаар бүртгүүлээгүй буюу эрх олгогдоогүй байна.
Түүнчлэн “Хаан даатгал” ХХК-ийн үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тус компани нь 2013-2015 онуудад 55411 өрхийг даатгалтай гэх байдлаар даатгалын төлбөрийг хэрэглэгчдээс авч байсан бол үүнээс бичгээр хийгдэж, баталгаажсан гэрээт өрхийг шалгахад 2013 онд 9354, 2014 онд 44833, 2015 онд 10557 өрх байна. Өөрөөр хэлбэл “Хаан даатгал” ХХК нь 2013 оны байдлаар 46057, 2014 оны байдлаар 10578, 2015 оны байдлаар 44854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны улмаас 2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оны байдлаар 269.1 сая төгрөг, нийт 1.12 тэрбум төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.
“АРД ДААТГАЛ” 246.5 САЯЫН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
Cууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйлчилгээний хураамж /1000 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хамт шууд тооцон авч байсан гэнэ.
Түүнчлэн “Ард даатгал” ХХК-ийн үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй нь илэрчээ. “Ард даатгал” ХХК нь 2013-2015 онуудад оршин суугчдаас дээрх хууль бус байдлаар нийт 246.5 сая төгрөгийг авч, иргэдэд хохирол учруулсан байна.
“Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн хувьд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн мөн илэрчээ.
Ямартай ч ШӨХТГ-аас дээрх компаниудын эздийг иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахыг шаардаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах хүсэлтийг ийнхүү холбогдох хуулийн байгууллагад гаргасан байна.