Австрийн зээлийн барааг татвараас чөлөөллөө
УИХ-ын чуулган
2015.05.21

Австрийн зээлийн барааг татвараас чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр баталлаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан нь чуулганы нэгдсэн хуралдаанаас 82.6 хувийн дэмжлэг хүлээсэн юм.

Хууль батлагдсанаар Австрийн хөнгөлөлттэй зээлээр орж ирэх барааг Гаалийн албан татвараас чөлөөлөх харилцаа үүсч байна. Тодруулбал, Австри улсын Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашиглах боломж бүрдлээ.

Ингэхдээ “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх”, “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх”, “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” зэрэг төслүүд хэрэгжинэ.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх төслийн хүрээнд төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Засгийн газрын өрд хамаарахгүй байхаар заасан юм.

Үүнтэй УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Ч.Улаан гишүүн “Төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах зорилготой гэж тайлбарлаж байгааг ойлгоно, бүгд дэмжинэ. Эдгээр салбарууд үр ашигтай ажиллах ирээдүйтэй салбар. Гэтэл Засгийн газрын зээлийн багцаас зориуд гаргаж, анхаарлын гадна үлдээх нь буруу. Өр зээл авсан бол түүнийгээ бүртгээд явах ёстой. Олон улсын байгууллагыг хуурахын тулд иймэрхүү зүйл өмнө нь хийдэг байсан.

Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдээс санал аваад эхэлсэн байна лээ, ийм асуудал оруулж ирчихээд муйхарлаад зүтгээд байх юм бол гарын үсэг зурж нэгдэхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдье” гэв. Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.