Нэг хүүхдийн үдийн цайны өртөг болох 600 төгрөгийг нэмэх шаардлагатай
2015.05.22

Нэг хүүхдийн үдийн цайны өртөг болох 600 төгрөгийг нэмэх шаардлагатай

НИТХ-ын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал эрхэлсэн дэд хорооны хуралдаан болж байна.

Уг хуралдаанаар Ерөнхий Боловсролын Сургуулиудад хэрэгжиж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын дүнг хэлэлцэж байгаа юм.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “НМХГ  Улаанбаатар хотод  “Үдийн цай” Хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 183 сургуулийн 42-г түүврийн аргаар сонгож шалгалт хийлээ. Шалгалтын явцад  ихэнх сургуульд "Үдийн цай" хөтөлбөр үдийн хоол болон хэрэгжиж байгаа нь ажиглагдсан бөгөөд сургуулийн цайны газар зориулалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллах түгээмэл зөрчил илэрсэн.

Мөн нэг хүүхдэд төсөвлөсөн 600 төгрөг нь тухайн хүүхдийн үдийн цайнаас авах уураг, илчлэгийн хэмжээг хангахад хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлт хийлээ. 

Бас нэг түгээмэл зөрчил бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар сургуулийн цайны газарт зарахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг түгээмэл худалдаалж байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайдын  207 тоот тушаалаар сургуулийн цайны газар, ойр орчимд төрөл бүрийн чихэр, жигнэмэг, хатаасан жимс, хийжүүлсэн ундаа, царцмаг, мөхөөлдөс  болон өндөг, майонез агуулсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон байдаг юм байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа “Хүүхдийн шүд цоорох өвчин ихсэж, амны хөндийн эрүүл мэнд маш муу байгаа өнөө үед сургуулийн цайны газарт чихэр, чихэрлэг ундаа зарж байгаа нь их зохимжгүй. 

Эцэг эхчүүд, эмч нар хүүхдийнхээ шүд цооролтой тэмцээд байдаг. Гэтэл сургууль дээр ингэж худалдаалж байгаа нь шүд цооролтыг өөгшүүлж буй хэрэг болж байна.

Мөн хайрсан, хуурсан бүтээгдэхүүнийг тогтмол худалдаалж байгаа нь харагдлаа. Би хоёр сургуулийн цайны газраар орж танилцлаа. Ингэхэд эрүүл мэндийн сайдын тушаалаар хориглосон бүх л бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалах нь хоолны хордлогын аюулыг дагуулж байдаг” хэмээн ярилаа.

Өнөөдрийн хурлаар нэг хүүхдийн үдийн цайны өртөг 600 төгрөгийг нэмэх шаардлагатай эсэхийг хэлэлцэж  санал зөвлөмж гаргах юм байна.