Аж үйлдвэржихээс өөр сонголтгүй
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төслийн талаар хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын оролцсон нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас дараах зүйлийг тодрууллаа.
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төсөлт ямар зүйлүүд тусгагдсан бэ ?
Ер нь Монгол улс түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт болон эдийн засгаас боловсруулах аж үйлдвэрийн чиглэлд шилжих шаардлагатай байгаа. Тиймээс УИХ-аас гарсан ажлын хэсэг “Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын төслийг Засгийн газарт өргөн барьсан.
Бидний хувьд аж үйлдвэржсан орон болох асар их боломжтой орон. Учир нь хөдөө аж ахуй болон уул уурхайн түүхий эдүүд бүгд бий. Харин хамгийн гол нь аж үйлдвэрийн төрөлжилт, үйлвэржилт, давхаржилт гэдэг зүйлүүд байх хэрэгтэй.
Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн мөчлөгийг шаарддаг. Тиймээс эдийн засгийн хөгжлийг цаашид тогвортой байлгахын тулд аж үйлдвэржихээс өөр сонголт байхгүй.
-Бодлогын хүрээндээ цаашид томоохон ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой вэ ?
Бид түүхий эдийн экпортын эдийн засагтай байна.Түүхий эд учраас үнэ нь хэлбэлздэгээс болж эдийн засагт нөлөөлдөг тал бий. Тиймээс аж үйлдвэржсэн орон болвол эдийн засгийн хувьд нэлээд тогтворжино.
-Тухайлбал ямар чиглэлийн үйлдвэрлэлд түлхүү дэмжлэг үзүүлэх вэ ?
Аж үйлдвэрийн бодлого нь хоёр үндсэн зорилготой байдаг. Эхнийнх нь тухай орны эдийн засагт хамгийн их ирээдүйтэй эсвэл хамгийн их жин дардаг салбараа дэмждэг.
Дараагийнх нь эдийн засаг, аж үйлдвэрийг тогтвортой байлгах буюу хамгаалах бодлого байдаг. Тиймээс дэмжих болон хамгаалах бодлого хослоно гэж ойлгоход болно.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогын хүрээнд хэрхэн дэмжих вэ ?
Ер нь боловсруулах үйлдвэр хөгжөөд ирвэл жижиг дунд үйлдвэрийн хөгжил илүү баттай болдог. Өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгч гэх хэлбэрээр гэсэн үг. Гадны орны туршалагаас харвал Япон, Солонгос машин 80-аад мянган сэлбэгээс бүтдэг.
Гэтэл тэдгээрийг жижиг дунд үйлдвэрийнхэн үйлдвэрлэдэг. Харин бид зэсээ үйлдвэрлээд зэс хавтан, зэсээр хйисэн машины эд анги эсвэл мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүд үйлдвэрлээд эхэлвэл жижиг дунд үйлвэрлэлийнхэн хөгжих боломжтой. Тиймээс энэ салбарынханд уг бодлогын төсөл маш чухал юм.