Төмөрлөгийнхөн сайн, муугаа салбарын сайддаа дуулгажээ
Олборлож баяжуулсан төмрийн баяжмалаа хэрхэн яаж эдийн засгийн эргэлтэд оруулах ухаанаа олохгүй мунгинаж яваа бизнес эрхлэгчдэд Уул уурхайн сайдын өгсөн зөвлөгөө энэ. Хэдэн арваар хэмжигдэх тэрбум төгрөгөө овоолго болчихоод санаа алдан суух тэдэнд энэхүү мэдээлэл он удаан жилийн гацаанаас гарах гарц, боломж нь байж ч мэднэ.
Ийм шийдэлд хүрэх зам тийм ч дардан байгаагүй. Тиймийн тулд Р.Жигжид сайд өргөн Сэлэнгийг өгсч уруудан 1800 км зам туулан төмөрлөгийн салбарынхны үгийг, санаа бодлыг нь сонсох гэж мэрийсэн хэрэг. Гэхдээ сайд эл санаагаа хэдийнэ тархиндаа боловсруулчихаад хүдэр олборлогчид, баяжуулагчид, боловсруулагчдад таатай байхуйц хууль, эрх зүйн орчныг бий болгохын төлөө судалгаа хийж явсан юм билээ, нэг талаар.
Хан Хэнтийн нуруунаас эх авсан Ерөөгийн сав газар дагуух төмрийн хүдрийн хамгийн том ордуудыг эзэмшиж буй Болдтөмөр Ерөө гол компанийн Баянгол, “Инфинит” компанийн Хандгайт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон “Эрдэс” групп компанийн эзэмшиж буй Төмөртэйн ордын үйл ажиллагаа, ордыг ашиглахаар бүтээн босгосон дэд бүтэц, байгаль орчинд нөлөөлөх байдалтай газар дээр нь танилцсан юм. Нөгөөтэйгүүр, шулуухан хэлэхэд, хүнд үйлдвэрийн салбарынхан саяхныг хүртэл хязгаарлагдмал зах зээлээ булаацалдан, шинээр хөл тавьж буй нэгнийгээ ад үзэх маягаар явж иржээ, Монголын Төмөрлөг Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Монгол Ган Нэгдэл” байгуулагдан нэгдсэн зохион байгуулалтад орох хүртлээ.
Эл замналын дүнд төмрийн баяжмалын жижиг бизнес эрхлэгчид доншуур наймаачдын олз болж, Хятадын зах зээлд Монголын түүхий эдийн үнэ унах үндэс суурийг тавьсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Ийм зовлон нүүрлээд удаж байгаа талаар дээрх хоёр том компанийн удирдлагууд сайдад гомдол мэдүүлцгээх. Энэ бүхний эцэст тэд бие биедээ хүндэтгэлтэй хандах, жижиг аж ахуйн нэгжүүд нь өөр хоорондоо нэгдэн нийлж, дотоодын зах зээлдээ эзэн суух, бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлохгүй байх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын зарим төмөр эдлэлийг хилээр оруулахгүй, оруулах аваас өндөр татвар төлдөг болох зарчим дээр нэгдэж чадсан нь сайшаалтай.
Монголын анхны хувийн хэвшлийн төмөр замаар
Засгийн газрын 2007 оны 134-р тогтоол гарсны дагуу “Болдтөмөр Ерөө гол” ХХК Монгол Улсын түүхэнд анх удаа өргөн царигийн төмөр замын дэд бүтцийг иж бүрнээр нь барьж байгуулах ажлыг эхэлсэн түүхтэй юм байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын уурхайд хөл тавихын тулд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаанд байгуулагдсан Баянгол төмөр замын “Цагаан хаалга” өртөөг зорих хэрэгтэй юм билээ. Уурхай хүртэл автомашинаар зорчиж болох ч төмөр зам ашиглалтад орох хүртэл аж ахуйн нэгжүүд сайжруулсан шороон замаар төмрийн хүдрээ зөөдөг байсны улмаас зам муудаж нидрүүлэг аятай болсон аж. Хүнд даацын ачааны машинууд 30-40 тонн төмрийн хүдэр ачиж, өдөртөө олон рейс хийдэг байсан гэхээр байгаль орчинд сөрөг нөлөөтөй байсан нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, тэр олон тээврийн хэрэгслийн шатахууны зарцуулалтад аж ахуйн нэгж байдгаа барж таарна.
Энэ бүхнийг эдийн засгийн ашигтай хувилбарт шилжүүлэх шийдэл мэдээж төмөр замын тээврийг ашиглах явдал. “Болдтөмөр Ерөө гол” ХХК өөрийн хөрөнгөөр гол зам нь 83.7 км урт төмөр замын дэд бүтцийг 2009 оноос эхлэн төмөр замын тээвэрт ашиглаж, улсын комисст 2012 онд хүлээлгэн өгчээ. Хэдийгээр замын урт богинохон ч гэлээ сэлгээний гурван илчит тэрэг, гол замын зориулалттай 12 илчит тэрэг, 3003 ширхэг ачааны вагон, дохиолол, холбоо, хагас автомат хориглолын компьютерийн удирдлага бүхий иж бүрэн системийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж чадсан нь гайхамшигтай санагдаж байлаа.
Нөгөөтэйгүүр, нэг км төмөр зам тавихад өртөг зардал нь ямар өндөр тоо гардаг билээ, 83 км урттай орчин үеийн техник технологи болох модуль-компьютерийн удирдлагын системтэй төмөр замыг иж бүрэн суурь бүтцээр нь барьж ашиглалтад оруулж, зүтгүүр вагоноо ОХУ болон Хятадаас импортолсон гэхээр тэрбум гэх тоон үзүүлэлтийн ард дахиад хэдэн тэг нэмэгдэж таарна. Ийм хэмжээний өргөн царигийн төмөр замын суурь бүтэц манай улсын төмөр замын бүтээн байгуулалтын түүхэнд сүүлийн 40 жилд анх удаа ашиглалтад орсон нь энэ.
Хүний нөөцийн асуудлаа ч Улаанбаатар төмөр замын тэтгэвэрт гарсан “алтан” ахмадуудын зөвлөлгөөгөөр шийджээ. Баянгол төмөр замд ажилладаг, замын аж ахуй вагон, зүтгүүр, хөдөлгөөний удирдлага, дохиолол холбооны албанд нийт 280 гаруй төмөр замчид ажилладаг юм байна. Төмөр замын өртөөнд юу байх ёстой тэр бүхэн Цагаан хаалганд байна лээ.
Өртөөний ажилчид УБТЗ-ын төмөр замчидтай адилхан хагас цэргийн зохион байгуулалтад дор ажилладаг нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал хөшүүрэг болдог гэж “Баянгол” төмөр зам хариуцсан дэд захирал М.Сүхбаатар Уул уурхайн сайдад өртөөний ажил байдлааа танилцуулаад уурхай хүртэл явах галт тэрэгний зүтгүүрт суун аялахыг урьсан. Дашрамд өгүүлэхэд, тус төмөр замын суурь бүтцийг бүрэн утгаар нь ашиглалтад оруулахын төлөө “Болдтөмөр Ерөө гол” ХХК есөн жилийг зарцуулжээ.
Төмөр замын барилга байгууламж, зам тавих ажил ийм олон жил үргэлжилсэн юм биш. Төмөр замын тухай хууль 2007 онд батлагдсаныг үндэслэн өргөн царигийн зүтгүүр, вагоныг улсын стандартын дагуу, өргөн төмөр замын техникийн нөхцөлд нийцүүлэн хувийн компани зүтгүүр, вагон оруулж ирэн 70 жил төмөр зам дээр монопольдсон УБТЗ-ын суурь бүтцээр хуульд заасанчлан вагон, зүтгүүрээ тээвэрт явуулахад зарцуулсан цаг.
Сүхбаатар захирлын тайлбарласанчлан одоогоор зөвхөн вагоныг гол замаар явуулдаг, хувийн компанийн битгий хэл Монгол Улсын 100 хувь төрийн өмчийн зүтгүүр ч гол замаар эсэхийг хамтарсан өмчтөй компанийн захирлын зөвлөл болох УБТЗ-ын ерөнхий хорооны хурлын шийдвэр мэдэх хэрэг гэнэ. Нөгөөтэйгүүр, УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг тул өргөн царигийн стандартаар Хятад улсад үйлдвэрлэгдсэн зүтгүүрийг өөрийн зам дээр явуулахах сонирхолгүй аж.
“Баянгол” төмөр замаар өдөрт 70-100 вагон буюу 19 сая тонн ачаа тээвэрлэж байгаа нь нийт хүчин чадлынаа дөнгөж 15 хувийг ашиглаж буй гэв. Эл мэдээллийг сонссон сайд Сүхбаатар захирлаас “Төмөр зам хэзээ ашгаа өгөх талаар та бүхний хийсэн эдийн засгийн тооцоог эхлээд сонирхмоор байна. Мөн энэ замыг орон нутаг ашиглах боломжтой юу ” гэхэд “Яахав, ачаа эргэлт жилээс жилд нэмэгдэж л байна. Одоо байгаа ачаа эргэлтийг 10 дахин нэмсэн цагт. Тодруулж хэлбэл, 20 жилийн дараа ашгаа өгөх учиртай. Сэлэнгэ-Дарханы бүс нутгийн уул уурхайн компаниуд өсч өндийхөөс ихээхэн хамаарна. Энэ мэтээр бага ачаатай бол 70 жил ч болж мэднэ. Төмөр замын тухай хуулийн дагуу орон нутагт төмөр замын тээврийг ашиглах боломж бүрэн нээлттэй. Манай ерөөгийнхөн нүүрс түлж мэддэггүй шахам. Сүүлийн хэдэн жил л Байгаль орчны хуульд захирагдан уулаас мод бэлтгэхээ больж, нүүрс түлж сураад байгаа. Үүнтэй уялдаад өвөл нь нүүрс, намар нь үр тариа, төмс хүнсний ногоогоо хямд өртгөөр төмөр замаар саадгүй тээвэрлэдэг болсон” хэмээсэн.
Өртөөний техник тоног төхөөрөмж боломжийн бололтойдог. Ялангуяа дохиоллын компьютерийн удирдлагатай шилэн кабель бүхий шийдэл зарим талаараа УБТЗ-ынхаас ч илүү юм билээ. Ямартай ч бидний зорчсон зүтгүүр хурдтай, хүчтэй гэж ярихын аргагүй. Бусдын тухайд суух байтугай хаалганых нь бариулаас атгаж үзсэн биш дээ. Ийн аялсаар төгсгөлийн өртөө болох Хандгайтад хөл тавьсан. Баянгол төмөр замаас олзуурхаж харсан зүйл гэвэл бүх үйл ажиллагаа цахимд шилжсэн байдал. Төгсгөлийн өртөөн дахь гаалийн хяналтын бүсэд бүрдүүлэлтийн асуудлыг Гаалийн ерөнхий газар иж бүрэн цахимжуулан онлайнд шилжүүлснээр цаас гэгч үнэт баялгийг хэмнэж чадсан явдал. Хяналтын систем, ачаа тээшийн аюулгүй байдлыг энэ өртөөнөөс хил давтал нь замын турш өртөө зангилаа бүхэн дээр хянах боломжтой гэсэн.
Гаалийн ерөнхий газар, Дархан дахь гаалийн газар Улаанбаатар, Дархан дахь төв офиссоосоо гааль болон төмр зам, уурхайн бүх үйл ажиллагааг нэвт шувт хянаж ажилладаг юм байна, Газрын мухар уулын аманд суугаа гаалийн ажилтан Бат, өртөөний ажилтан Дорж хоёр ажлын байраа орхин тамхилж орхивол дэлгэцнээ суудал тань онгойж харлаад дэр даруй баригдана гэж мэд. Мөн үүнд ачилтын талбай хийгээд ачаатай вагон машин пүүлэх ажиллагаа ч онлайн болчихож. “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төгсгөлийн өртөөн дээр ачаатай вагоноо пүүлэх технологи ажиллагааг энгийн атлаа маш эвтэйхэнээр шийдсэн байсныг УБТЗ гол замдаа нэвтрүүлсэн байна. Хэрхэн яаж монгол аргаар ашигтайгаар шийдсэнийг М.Сүхбаатар захирал хэлээд өгөмж, та нарт. Хандгайт өртөө их тохилог. Вагон ирээгүй үед тэнд орчлонгийн амар амгалан ноёлдог байх гэмээр ажин түжин.
Бас нэг сайхан мэдээ бол төрийн өмчийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон Хандгайт өртөөнөөс цааш Төмөртэйн уурхай хүртэл мөн л Засгийн газрын шийдвэрээр өргөн царигийн 23.4 км төмөр замын суурь бүтцийг барих ажлаа гялалзуулж байна. Ийнхүү хойд бүсэд төмөр замын тээврийн цогц бүрэлдэн Баянгол төмөр зам бас нэг дүүтэй болж, төмөр замын ах дүү гурав нэг нэгээ ад үзэхгүй, шахаж хавчихгүй шударгаар өрсөлдвөл бүгд орлоготой, ачаатай байж тэр хэрээр улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Баянголын хөндийг нөмөрсөн Цагаан тоос
Хандгайт өртөөнөөс баруун тийш давхиад “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Баянголын аман дахь ил уурхай дээр ирсэн. Зам дагуу байс хийгээд 110 кВ-ын хоёр хэлхээ өндөр хүчдэлийн шугам тааралдах нь нэлээн том орд газрыг ашиглаж буйг гэрчилнэ. Уурхайн ашиглалтын талбай мянга илүүтэй га талбайг хамардаг аж. Ямартай ч Хан Хэнтий нурууны салбар уулсын хоёр нь хүчит техникийн савар дор тээрэмдэгдэн шороо болон ачигдан алга болсон нь илт байлаа.
Хорь шахам жилийн өмнөх фото зургийг харахад дуу алдам хүглэгэр ногоон тайга байж, хөөрхий. Зулзаган цагаан хус, нарсан ой дундуур давхисаар Хүдэр сум руу хүрдэг байсан талаар бидэнтэй явсан албаны хүн өгүүлсэн. Тийм цаг эдүгээ үлгэр адил сонсогдох болж дээ. Нөхөн сэргээлтэд л найдахаас биш. Машины цонхоор хангайн сайхныг бахдан шүүрс алдан давхин энэ мэтчилэнг хуучилсаар уурхайн олборлолтын талбайд хүрэлцэн ирлээ. Бидэнд замчилсан тус компанийн дэд захирал Д.Отгонбаяр захирлын танилцуулснаар Баянгол уурхайн зүүн хэсэгт ирсэн аж.
Зүүн биетийн байдлыг шулуухан хэлэхэд, төмрийн хүдрээ сорчлон олборлоо юу даа гэх дүр зураг харагдсан. Уурхай ерөнхийдөө технологийн бус горимоор ашиглагдаж байна уу даа гэмээр. Уг нь стандарт, горим гэж баймаар л юм. Ерөнхийдөө замбараа муутай. Эсвэл би мэргэжлийн бус учраас буруу нүдээр харсан байж магадгүй. Төмөртэйн ордтой харьцуулсанаа ч нуугаад яахав. Бас нэг бухимдсан зүйл гэвэл хуурай аргын баяжуулах үйлдвэр. Цагаан тоос тэнгэрт босоод хэрэг алга.
Хэдэн км яваад агаарт замхардгийг бурхан л мэдэх хэрэг. Хан Хэнтий энэ янзаар 30 жил болоход дахин сэргэхгүйгээр доройтож мэднэ шүү. Уг нь ус шүршдэг машин ажилладаг сураг дуулдсан. Биднийг тэнд байсан 45 минутад ус шүршин цагаан тоосыг нам дарж буй машин зөрж өнгөрөөгүй. Баянголын аманд долоон тийм хуурай аргаар баяжуулдаг үйлдвэр ажиллаж байна гээд төсөөл дөө. Баруун хэсэгт яг тийм үйлдвэр хоёр байгаа гэсэн. Усны машин ажилладаг юм уу гэж Д.Отгонбаяр захирлаас асуутал “Ажиллахгүй яадаг юм. Цаг тутамд хөрсийг норгож шүршдэг. Нэмэргүй шүү дээ” хэмээн бухимдангуйгаар өнгөөр өгүүлэхдээ “хэрэгт дуртай юм” гэх аястай байгаа нь илт.
Хуурай баяжуулах үйлдвэрийн ажилтан ажил байдлаа сайдад “Хуурай баяжуулах үйлдвэрүүд хоногт 22 мянган тонн хүдэр баяжуулдаг. Үйлдвэрийн хүчин чадал өөр өөр. Зарим нь хоногт 250 байхад зарим нь 190 гаруй тонныг баяжуулдаг. Олборлолтоос ирж байгаа хүдэр бүрээс дээж авна. Үйлдвэрийн технологи нь анхдагч хүдрийн агууламжийг 50-60 хувь хүртэл баяжуулдаг” гэв. Тэндээсээ өгсөөд Баянголын ордын баруун биетийн талбайг зорьсон. Зүүн талаа бодвол уурхайн төв хэсэг гэж нэрлэж болно. Ажилчдын кэмп нүднээ ил харагдахаас авахуулаад уурхайн ерөнхий байдлыг эндэхийн өндөрлөг дээрээс мэдэж болохоор. Баруун биетийн төмрийн хүдрийн нөөц 24 сая тонн гэнэ.
Оргил үед өдөрт 7000 шоо метр уулын ажил явуулж байж. Уурхайн ерөнхий байдал зүүн биеттэй адил. Сайд уурхайн ерөнхий байдалтай танилцсаны дараа байгаль орчны нөхөн сэргээлттэй танилцахыг хүссэн ч байгаль орчин хариуцсан ажилтан ашиглалтын дараахь нөхөн сэргээсэн талбайгаа бус түймэрт шатсан талбайг хэрхэн ойжуулж байгааг, өөрөөр хэлбэл, дүйцүүлсэн нөхөн сэргээлтийн ажлаа үзүүлсэн нь тийм ч цаг үеэ олсон тайлбар биш байлаа. Шатсан, олборлосон талбайг нөхөн сэргээнэ гэдэг хоёр өөр зүйл байлтай. Ашигласан талбайгаа тийн нарс модоор нөхөн сэргээж байгаа бол сайн хэрэг. Харамсалтай нь төмрийн хүдрийг олборлох технологи нь өөрөө газрын гүнийх байдаг учраас түүнийг нөхөн сэргээх тухай асуудал байдаггүй тул дүйцүүлэх байдлаар шийддэг аж.
Хүнийг хөгжүүлж, хүмүүжүүлж буй та нарыг сайн гэж магтая
Компанийн үйл ажиллагааг ганцхан уурхайн олборлолтын талбайгаар хэмжих нь өрөөсгөл ойлголт нь мэдээж. Хүний төлөө, ажиллаж амьдрах орчныг бүрдүүлж чадах аваас нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарлаж буйн шинж. Ямартай ч Болдтөмөр Ерөө голынхон ирсэн зочдоо сайхан хоолоор дайлаад гаргах гал тогоотой юм билээ.
Гал тогооны тоноглол, тогооч нарын тухайд ирсэн зочин бүхэн магтаж, сэтгэл хангалуун буцдаг биз ээ. Зөвхөн гал тогоо гэхэд баруун, зүүн биет, автобааз, төв гал тогоо гээд хэд хэд хуваагдах жишээний. Ажилчдын кэмпээр хальт ороход, бүх төрлийн сүлжээ бүхий үүрэн телефон, интернет, тав тухтай орчин бүрдсэн харагдсан.Зам зуур Д.Отгонбаяр захирал нутгийн иргэдийг хэрхэн хүмүүжүүлж, ажилтан шиг ажилтан болгосон тухайгаа жишээ татаад л хуучилсан. Уурхай ашиглалтад орсон эхний нэг хоёр жилд хүмүүжилгүй ажилчдын ухамсаргүй үйлдлээс ажил зогсч байсан удаатай гэнэ.
Одоо тус уурхайн хотхонд архи уудаг хүнгүй болсны дээр тамхинаас гарах аян өрнөжээ. Залуус ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ хотхоноо тохижуулах, гоё сайхан орчин бүрдүүлэхийн төлөө ухаанаа уралдуулж байгааг энд онцлох нь зөв байх. Гэр бүлээрээ амьдрах сонирхол бүхий залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж буйд компанийн удирдлагууд сэтгэл өндөр байдаг бололтой. Тэдний хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг мөн бий болгожээ. Бас арав хоног тутамд цэнгээнт бүжиг, урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж заншсан нь залуус тогтвортой ажиллахын үндэс буй за. Бас “Хаан банк” тэнд хаалгаа нээсэн байна лээ. Ийм орчинд, ийм хамт олны дунд хөл тавих хүсэл нутгийн залуус төрүүлэх нь компанийн зорилго мөн бөгөөд зорилгодоо хүрэхийн төлөө, орж ирсэн нэгнийг хүмүүжүүлж авахын төлөө тэд үнэхээр зүтгэж байгаа та нарыг сайн байна гэж магтахаас яахав.
Уурхай хаагдахын цагт...
Дэлхийн технологийн дэвшлийн хурд жилээс жилд ахиж буй болохоор Баянголын хөндийн нөөц нэмэгдэх л байх. Гэхдээ дуусах өдөр бий. Барагдахгүй баялаг гэж үгүй. Харин тэр үед та бид хойч үедээ хараалгүй байх нь юу юунаас илүү чухал. “Болдтөмөр Ерөө гол” ХХК хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалтыг хийжээ, тэнд.
Ажилчдын орон сууц шил даран сүндэрлэж байхыг харлаа. Орон сууц бол төв суурин газрынхны хувьд үнэт капитал. Уурхайн тосгоны бүтээн байгуулалтад зориулан тоосгоны үйлдвэр хүртэл ашиглалтад оруулж. Гэтэл одоо байгаа хүчин чадлаар 30 жил ажиллах хэмжээний нөөцтэй гэж байдаг.
Жилд 19 сая тонн төмрийн хүдэр олборлодог гээд тооцохоор дэлхийн бусад ордтой харьцуулахад дээгүүр давхих магадлал тааруу.Дээр нь зах зээл нь хязгаарлагдмал. Хөрш хоёр орон маань дэлхийтэй өрсөлдөнө гэж үздэг. Тиймээс бид нэг талаар ялангуяа төмрийн баямал болоод төмөрлөг үйлдвэрлэлийн салбарт бусдаас ангид цоо шинэ технологи нэвтрүүлж чадахгүйгээс хойш өөрийн бодлогоор явах ёстой ч юм шиг.
Энэ үгийг Болдтөмөр Ерөө голынхонд хандаж хэлэх гээд байна л даа. Учир нь хэдхэн сая тонн төмрийн хүдэр олборлохын төлөө байгаль дэлхийгээ сүйтгэх хэрэг байна уу даа гэж. Хөрөнгө оруулалт хийн сүндэрлүүлээд байгаа орон сууцыг хожим юунд ашиглах юм бол. Сүнстэй байшин гэдэг шиг л уулын аманд байшингийн араг яс хэвтэж байх вий дээ. Үнэхээр хөрөнгө оруулалт хийе гэж байгаа бол Ерөө эс бөгөөс Хүдэр сумын төвд тэр орон сууцаа барьсансан бол хожмын өдөр багш нарын, сурагчдын дотуур байр адаглаад сумын ахуйн үйлчилгээ болгочихгүй юу. Төмөр замын тухайд ч хэлэх зүйл байх л юм. Суудлын галт тэрэг аялах боломж олдохгүй л байх. Тиймээс зориулалт нь мэдээж ачаа тээвэр.
Өнөөдрийн байдлаар “Болдтөмөр Ерөө гол” ХХК компани дангаар ашиглаж буй. Хаяа дэрлэн орших уурхайнууд Хандгайт өртөөнөөс цааш үргэлжлүүлэн зам тавих төлөвлөгөөтэй юм болов уу даа. Их бага гэлтгүй бүгд л төмөр зам тавих тухай ярьцгаах. Тэгж чадвал уурхайгаас өөрийн төмөр замаар тээвэрлээд Хандгайт өртөөн дээрээс Болдтөмөр Ерөө голын төмөр замаар дамжин МТЗ дээр гарах учиртай. Дундаас нь Болдтөмөр Ерөө голынхон зам ашиглуулсныхаа төлбөрийг авна. Эдний хувьд зарим талаар болоод явчихаж байгаа юм. Бусдын тухайд цаг ямагт зарлагатайгаа зууралдана. Энэ хэтийн асуудал байж мэдэх ч мөн л уурхай хаагдахын цагт уурхай, баяжуулах үйлдвэр болон бусад барилга байгууламжийг буулгаж зөөж болно.
Төмөр замын дэр бетон, рейс төмрөө төмрийн хог хаягдал руу тушааж орхино. Харин байгаль доройтсон хэвээр үлдэнэ. Иймд нэгэнт тавьсан төмөр замаа хөршүүдтэйгээ айл хүний амь нэг гэдгээр хамтдаа ашиглавал яасан юм. Тэднийх вагон өгнө гэчихээд хуурсан гэх гомдол хэд хэдэн захирлын амнаас унасан. Эцсийн дүнд бидэнд төмөр зам, барилга байшин, баяжуулах үйлдвэр бус эх дэлхий минь онгон дагшнаараа үлдэх нь чухал ч байж мэднэ.
Элгээ эвхэж, гутлынхаа улыг шагайсан “Эрдэс холдинг”
“Эрдэс холдинг” компанийн хэрэгжүүлж буй “Төмөртэйн гол” төслийн өнөөгийн байгаа байдлыг хүнтэй зүйрлэх аваас ийм л дүр төрх харагдсан. Уурхайн талбай руу нь зорьж очиход үйл ажиллагаа нь бүрэн зогссон байдалтай. Хуурай баяжуулах үйлдвэрийн талбайдаа баяжуулсан баяжмалаа овоолчихож. Өнгөрсөн жил Бэрэнгийн гангын үйлдвэрт 10 мянган тонн баяжмал нийлүүлснээс өөрөөр гүйлгээ хийгээгүй гэнэ. “Төмөртэйн гол” төсөл хэрэгжүүлэх талбайн нөөц 16.4 сая тонн аж.
Одоогийн байдлаар 900 мянган тонн төмрийн хүдэр олборлож, 500 мянган тонн баяжмал гаргаж авчээ. Лицензэт талбай нь 362 мянган га ч уул геологийн ажил явуулах нь ердөө 80 га. Үүнээс 65 га талбайг ашиглаад эхэлжээ. Төсөл 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 65 га талбайг дан нарсаар ойжуулсан гэж “Эрдэнэс холдинг”-ийн захирал Л.Нацагдорж компанийнхаа үйл ажиллагааг ерөнхийд нь танилцуулсан. Эднийх хуурай аргаар баяжуулах хоёр үйлдвэртэй.
Хэрэв төсөл нь зогсоогүйсэн бол жилд сая тонн хүдэр баяжуулах хүчин чадал бүхий нойтон баяжуулах үйлдвэр оруулж ирэх төлөвлөгөөтэй байсан тухайгаа тэрбээр нэмж хэлсэн. Тус компани улсад 1.5 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байдлаа “Хятадын зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ эрс унасан явдал гол шалтгаан болсны дээр тээврийн зардлаа нөхөж чадахгүй байгаа байдал нэрмээс болж. Мөн Чингис бондод хандаж үзсэн нь нэмэр болоогүй талаараа Нацагдорж захирал сайдад дуулгаж байв. Үйл ажиллагаа нь эхэлбэл 200 гаруй хүн ажлын байртай болох аж.
Соронзон хаднаас холгүйхэн байрлах кэмпийнхээ гадаа хамаг л техник тоног төхөөрөмжөө хураасан харагдана. Уул уурхайн сайд Р.Жигжид эрдэс баялгийн биржтэй болж гэмээнэ “Эрдэнэс холдинг” шиг жижиг аж ахуйн нэгжид ашигтай талаар өөрийн саналыг хэлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход таны санал хэрэгтэй байна.
Тиймээс та саналаа ойрын үед бидэнд ирүүлээрэй хэмээхэд Нацагдорж захирал баяртайгаар хүлээн авч буйгаа илэрхийлсэн. Үнэн хэрэгтээ Эрдэс баялгийн бирж байгуулагдаж гэмээнэ гадаадын импортлогч компаниуд өөрийн төлөөлөгчөө илгээн газар дээрээс нь тухайн орны зах зээлийн үнээр худалдан авахаас гадна тээврийнхээ зардлыг өөрсдөө даах нь монгол компаниудын хувьд ашигтай байх хувилбар юм.
Шинэ удирдлага, шинэ менежмент & Төмөртэйн орд
Сүүлийн хоёр жил шүүхээс шүүх дамжин хамаг цагаа барсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр өндийж мэдэхээр болсон байна лээ. Ийн дүгнэхийн учир Төмөртэйн стратегийн ордыг ашиглахаар зэхэж буй байдал. Хуучин эздийн сорчилж бужигнуулсан талбайгаа цэгцлэн, уурхайн гольдролд оруулж чадсаныг сайд ихэд олзуурхаж хүлээж авсан. Удирдлагыг гартаа авсан залуус өвдөг сөхрөөд байсан үйлдвэрээ шинэ менежментийн дагуу хөгжүүлэхээр биенес төлөвлөгөөгөө ч гаргаад амжиж.
Хөрөнгө оруулагч компанийн хувьд 200 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч өгсний дээр хамгийн сүүлийн технологи бүхий хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг оруулж ирснийг монгол инженерүүд угсарсан байв. Кноп дарахад л ажиллах гэнэ. Агаарт тоос дэгдэхээс хамгаалж чадах эсэхийг Р.Жигжид сайд ихэд сонирхон жолооч хүн машинаа дээгүүр доогуургүй шалгадаг шиг үйл ажиллагааны бүхий л процессийг нь нэгд нэггүй хэлүүлж авсан. Хүчин чадлыг нь ч сонирхохоо мартаагүй. Нөгөөтэйгүүр, Уул уурхайн сайдын ахалсан ажлын хэсэг орон нутагт ажиллан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцахад ганцхан эднийх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн нь олон хүнд таалагдсан.
Бусдынх тухайд шууд л хамгаалалтын малгай, хантааз өмсгөснөөс биш аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй юм. Өөдлөх айлын өнгө өчүүхэн мэт санагдах ажлаас эхэлдэг байж ч мэднэ. Уурхайн ерөнхий байдалтай танилцсаны дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, санаа бодлыг нь сонсч Эрдэс баялгийн бирж байгуулах тухай яамны бодлогыг тэдэнд танилцуулсан.
Энд нэгэн зүйлийг онцолж хэлэхэд, сайдын санаж төлөвснөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ажилласныхаа дараа Төмөрлөг үйлдвэрлэгчидтэй хамтдаа ширээний ард суух ёстой байсан байх. Харамсалтай нь тэд бие биеийнхээ хаалгыг татахаас айдаг бололтой. Тиймээс уулзалтыг Улаанбаатарт гэж товлоо болов уу. Энэ нь чухамдаа Төмөрлөгийн үйлдвэрийнхэнд олз болж, хагас өдрийн турш өөрсдийн санаж сэдэж буй зүйлийнхээ талаар, төрөөс юу хүсч, төр юун дээр анхаарвал зохиолтой талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Ингээд тэдний байр суурийг товч хүргэе.
Д.Батжавхлан: Манайх экспортоос илүүтэй дотоодын зах зээлийг чухалчилна
/Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал /
Төмөрлөгийнхний жаргал зовлонг Уул уурхайн яам ойлгохыг хичээн бодит байдалтай газар дээр нь танилцаж буйд компанийн хамт олон баяртай байна. Гангын төсөл бол эрсдэл ихтэй. Тиймээс төрийн дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй. Улстөрчид тэнд тийм нөөц бүхий орд бий гэхээс тус нэмэр болдоггүй. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж 20 гаруй жил зогсолтгүй ярилаа.
Үнэн хэрэгтээ том нь түрүүлж хөгжөөгүй л бол жижиг нь хөгждөггүй юм байна. Бидний тухайд экспорт гэхээс илүүтэй дотоодын хэрэгцээг хангах бодлого баримталж буй. Гадаад зах зээл хямарснаас Монголд ганц байх Төмөрлөгийн үйлдвэр хаалгаа барихад хүрээд байна. Үнэндээ манайх нэг жил хоёр сар тэссэн. Өнөөдөр чөлөө олгохыг хүссэн ажилчиддаа дуртайяа чөлөөг нь олгож байна.
Үйлдвэрт нийт 1200 ажилладгаас 800 хүн гурван ээлжээр ажиллаж буй. Үйлдвэрлэлийн гол процесс шөнө явагддаг. Учир нь эрчим хүчний шөнийн тариф хямд байдгийг ашиглаж буй хэрэг. Ганцхан гэрээ орж ирэхэд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн. Бидний ашиглаж буй Төмөртэйн орд 1960-аад оных. ТЭЗҮ-гийн тооцоонд жилийн хүчин чадлыг нэг сая тонн гэж гарсан. Төсөөллөөр 40 орчим жил ашиглагдах байх. Нийт нөөц 229 сая гэдэг нь том тоо санагдаж мэдэх ч ТЭЗҮ-ийг хийсэн Япон улс үүн дээрээ баталгаа гаргаж өгөөгүй.
Учир нь манай төмрийн хүдэр хорт бодис ихтэй. Бусад улсынх исэлдсэн хүдэртэй байдаг. Манай үйлдвэр хаягдал төмрийг хайлуулдагаараа онцлог. Энэ хайлуулах явцад зохицуулдаг зуухтай учраас машины кабен, амортизатор зэргийг хайлуулж төмөр бэлдэц гаргаж авдаг. Бусад үйлдвэрийн тухайд сайн чанарын төмрийн үнэ цохоод авчихдаг атлаа үнийг дураар өсгөх жишээний. Нөгөөтэйгүүр, төмрийн хүдрийн зах зээл өдрөөс өдөрт унаж буй энэ үед авъя гэсэнд нь бушуухан өгөх хэрэгтэй юм шиг байна. Металл устдаггүй баялаг учраас тодорхой цаг хугацааны даргаа эргээд ирнэ.
Монгол Улс гэхэд 70 гаруй жил цуглуулсан төмрөө 20 шахам жил урагш нь гаргалаа. Учир иймээс төмрийн үнэ өснө гэж найдаж хүлээх хэрэггүй болов уу. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 20 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Мөн 4.9 тэрбумын зээлтэй. Эл зээлийг бид мэдэхгүй. Сангийн яамныхны тайлбараар1990-ээд онд үйлдвэр анх ашиглалтад орох үед гадаадын мэргэжилтнүүдийн цалинг тавихаар авсан гэдэг юм.
М.Баттөгс: Төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл дээр орон нутаг маш хойрго хандаж байгаа
/Үйлдвэр хариуцсан захирал/
Манайх хайлах тал дээр бүрэн автоматажсан сайхан үйлдвэр. Японы технологи тулдаа өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Анхнаасаа Дархан-Сэлэнгийн районыг түшиглэн баригдсан үйлдвэр. Төсөв мөнгө нь хүрээгүйгээс боловсруулах үйлдвэрийн хэсгийг бариагүй юм билээ. Зураг төслөөр бол иж бүрэн цогц үйлдвэр ашиглалтад орох байж.
Нөгөөтэйгүүр, бид ангижруулсан төмөр гэж онцолдог. Харамсалтай нь манай үйлдвэрийн сэлбэг материалыг үйлдвэрлэхээ хэдийн больсон. Тиймээс үйлдвэр ашиглалтад хүлээж авах үед ажиллаж байсан инженер техникчидтэй холбоо барьж, тэдний дэмжлэгтэйгээр японд захиалгаар хийлгэж байгаа.
Миний хувьд өөрийн байр сууриа хоёр зүйл дээр илэрхийлмээр байна. Импортын төмөр болон төмөр эдлэлд тавих татварын босгыг өндөр болгомоор байна. Чингис бондод армуторын төмөр, цементийн үйлдвэр хоёрт мөнгө олгосон нь буруу. Үйлдвэр тогтвортой ажиллахад эрчим хүч, ус хоёр маш их саад болж байна.
Подстанц барьж хүчдлийг нэмэгдүүлэхэд төрийн оролцоо хэрэгтэй байна. Эрчим хүчний газар шөнийн тарифтаа хөнгөлөлт үзүүлэхгүй байна. Дарханы шугам сүлжээ хувьчлагдсан гэх утгаараа сар бүрийн 20 болуут эрчим хүч тасалж орхидог. Үйлдвэрлэлийн процессийг гадны хүчээр зогсооно гэдэг маш үнэтэй эд анги эвдэрч, улсад асар их хэмжээний хохирол учирдаг. Цахилгааны төлбөрийг хэдэн арав дахин нугалхуйц хэмжээний. Усны тухайд ч ялгаагүй. Манай үйлдвэр усан хөргүүрийн системтэй. Ус тасаллаа мөн адил генераторууд шатдаг.
Нөгөөтэйгүүр, “Бэрэн” группын ашиглалтад оруулсан үйлдвэр технологи, хүчин чадлын хувьд төмөрлөгийн үйлдвэрийг түүхий эдээр хангаж чадахгүй. Тэд дутуу ангижруулсан төмрөөс ширэм гаргаж байна. Уг нь хүдрээс шууд ширэм гаргаж авах ёстой байхгүй юу. Кокс гаргаж буй байдлыг нь ч харахад, лабораторид өгч шалгуулах нь зөв байх.
Төмрийн хүдрийн зах зээлийн асуудлыг Аж үйлдвэрийн яамтай хамтран шийдэх ёстой болов уу гэж санаж байна. Бас нэг таны сонорт хүргэх зүйл бол үйлдвэрийн өргөтгөл дээр орон нутаг маш хойрго хандаж байгаа. Газрын асуудлыг шийдээд өгөөч гэж явсаар хоёр жилийн нүүр үзэх нь.
Р.Жигжид: Төмөрлөгийн үйлдвэрийг бодлогоор дэмжих нь металлургийн салбар хөгжих суурийг нь зөв тавина гэсэн үг
Төмөрлөгийн ордуудтай танилцлаа. Танайх кноп дарахад бэлэн байгаа юм байна. Энэ сайн хэрэг. Уул уурхайн яамны хувьд баялаг бүтээгчдийг дэмжих бодлого барьж байгаа. Татварын дарамтыг багасгах тал дээр тууштай ажиллана, бид. Та бүхэнд итгэл найдвар тавьж байгаагийн цаана Монгол Улсад металлургийн салбар хөгжихийн суурийг зөв тавих мөн чанар оршиж байгаа юм.
Төмрийн хүдрийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл нэг байна. Зах зээл хязгаарлагдмал байгаагийн дээр Хятадын зах зээлийн үнэ эрс буурснаас аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьж эхэллээ. Иймд үед нэн даруй авах арга хэмжээг Эрдэс баялгийн бирж байгуулах явдал гэж харж байна. Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Хууль, эрх зүйн орчин та бүхэнд таатай байх эсэхэд та бүгдийн санал тун чухал.
Хууль бэлэн болмогц гадны компаниуд манай хүдрийг сонирхох нь тодорхой. Хятадын төмрийн зах зээлийн тодорхой хувийг дангаараа эзэмшиж байгаа томоохон компани гэхэд зуучлагчаар дамжин манай төмрийн хүдрийг импортлож буй. Бирж байгуулагдсанаар зуучлагчийн дундаас нь олдог ашиг манайд үлдэх боломж бүрдэх учиртай. Бас үйлдвэрлэгчид борлуулалт дээр нэгдэж чадна. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийг зөрчдөг байдал арилна.
Та бүхэн бирж байгуулагдахаар үнийг нь хэрхэн яаж зохицуулж өгөх юм бол гэж бодож байж мэднэ. Үнийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулна. Төр биржийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, танай хайлуулдаг зуух сайн учраас хаягдал төмрөөр хийж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлийг дангаар эзэмш. Ийм боломж бий шүү дээ. Мөн дэлхийн хаана ч эрэлттэй байхуйц чингэлэг, ачааны тэвш үйлдвэрлэж экспортод гаргах тал дээр цаг алдалгүй судалгаа хийгээсэй гэж хэлэх байна.
Эрчим хүчний яам үнэ чөлөөлөхгүй байгаагийн улмаас хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгааг би анзаарсан. Дашрамд өгүүлэхэд, орон нутаг ажилласан сурвалжлагаа үүгээр өндөрлөж, шинээр байгуулагдахаар болж буй Эрдэс баялгийн биржтэй холбоотой асуудал хийгээд Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хэрхэн хамтарч ажиллах талаар Уул уурхайн сайд Р.Жигжид болон МТҮХ-ны ерөнхийлөгч Н.Баяраахүүтэй хийсэн ярилцлагаа тун удахгүй хүргэх болно.