Тангараг өргөсөн ч эргүүлэн татдаг болно
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.05.07

Тангараг өргөсөн ч эргүүлэн татдаг болно

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай Сонгуулийн хуулийн төслийн явц болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд та саяхан  намын бүлэгтээ мэдээлэл хийсэн. Түүнээс хойш ажлын хэсэг дахин хуралдсан уу. Сонгуулийн тогтолцоон дээр нэгдсэн байр суурьт хүрч чадав уу?

Өнгөрөгч бямба гаригт бүтэн өдөржин хуралдсан. Бүх намын төлөөлөл оролцсон УИХ дахь Ажлын хэсэг хуралдаад УИХ-ын сонгуулийн тогтолцооноос бусад бүх асуудал дээрээ санал нэгдсэн. Үг үсэг, цэг таслал дээр өгүүлбэр болгоноор нь ажилласан. 96 хуудас хууль бий. Эндээс хоёр заалт дээр мэргэжлийн байгууллагаас нь санал авах нь зүйтэй гэж үзсэн. Тогтолцоог бол одоогийн хуулийн төсөлд 28 нь намын жагсаалтаар, 48 нь нэг мандаттай тойргоос сонгогдох хувилбар явж байгаа. Гэхдээ энэ асуудал одоогоор  нээлттэй  байгаа.

-Орон нутгийн сонгуулийг өмнөхөөс өөр системээр явуулахаар хуулийн төсөлд тусгасан. Үүнийг тодруулаач?

Орон нутгийн сонгууль өмнө нь 3/1 нь намын нэрийн жагсаалтаар, 3/2 нь сонгогчийн санал авдаг байсан. Одоогийн орж ирэх хуулийн төсөлд намын нэрийн жагсаалт гэж байхгүй болж байна. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгуулийг 100 хувь мажаротар системээр явуулна. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт явагдахаар өргөн баригдсан. МАН энэ асуудлыг эргэж бүлэг дээрээ яриад саналаа өгөхөөр болсон, бусад  намуудын тухайд саналаа өгчихсөн. Сонгууль зургадугаар сарын сүүлийн 7 хоногийн ажлын өдөр байна.

-МАН-ын зүгээс “Ард нийтийн санал асуулга явуулна, иргэд олон нийт намын нэрийн жагсаалтаар сонгогддог холимог тогтолцоог шүүмжилж байна” гэх зэргээр ярьж байгаа. Гэтэл холимог тогтолцоо руу шилжих гэж хэдэн жил ярьсан шүү дээ. МАН-ын энэ шийдлийг ухарсан алхам гэж үзэх хэсэг ч байна. Таны бодол?

76 жижиг мандаттай, нэг тойрогт нэг хүн сонгогддог энэ тогтолцоо нэлээн шүүмжлэлтэй явж ирсэн. Олон улсын түвшинд сонгогчдын санал гээгддэг, маш бага хувийн зөрүүтэй байхад нэг нам 100  хувь УИХ-д суудал авч болохуйц хувилбар гэдгээрээ муугийн жишээнд ордог л доо. Тухайлбал онолын хувьд 25 хувийн санал авсан нам 100 хувь УИХ-д суудал авдаг,  75 хувь нь УИХ-аас гадна байх боломжтой тийм хувилбар. Олон хүн нэг тойрог дээр өрсөлдлөө гэхэд 25 хувийн босгыг давсан хүн сонгогдож болно гэсэн үг.

Тэгэхээр 51, 52 хувийн санал авсан нам УИХ-д 72 суудал аваад, бусад 48,  49 хувийн санал нь гээгдээд явж байсан. Энэ хувилбар манайд туршигдаад сонгогчдын санал маш их гээгддэг,  тохирохгүй гэдэг нь нотлогдчихсон. Дээрээс нь Засгийн газар  тогтворгүй, савладаг, мөнгөний хүчин зүйл нөлөөлдөг. Хэн их мөнгөтэй нь жижиг тойрог дээр санал худалдаж авах байдлууд өмнө нь  гарч байсан.

-МАН  өмнөх систем рүүгээ ингэтлээ  зүтгээд  байгаа  нь  2016 оны сонгуулийн үр дүнг   өөрсдийнхөөрөө тооцоолж, ашигтай хувилбараа сонгож байна гэж үзэж болох уу?  

Өнгөрсөн сонгуулиудад сөрөг хүчин рүү савладаг байдал ажиглагдаж байсан. Одоо бол өөр.  Намууд эвсээд эвслийн Засгийн газар байгуулж ажиллаж байгаа. МАН ямар тооцоо хийгээд  ингэж байгааг өөрсдөөс нь асуувал дээр.

-Жагсаалтаар сонгогддог байдалд олон нийт дургүй байгаа нь үнэн. Хэрэв 48:28 гэсэн холимог тогтолцоогоор  сонгуулийг явуулахаар болвол  намын нэрийн жагсаалтаа хэрхэн зохицуулж,  хариуцлагатай болгох юм?

Жагсаалтад  оруулахдаа  сонгогчдын өгсөн саналаар  эрэмбэлж болно. Жагсаалттай хэсгээ хэд хэдэн бүсэд хуваагаад сонгогчдын саналаар эрэмблээд хамгийн олон санал авсан хүнийг намын жагсаалтад оруулах боломж бий.  2012 онд  намын төв байгууллагын шийдвэрээр эрэмбэлсэн  хүмүүс  орсон шүү дээ.

Сонгуулийн хууль 28:48 гэсэн хувилбараар явбал намын нэрийн жагсаалтад орох шалгуураа өндөрсгөх,  ард түмний дунд нэр хүндтэй байгаа хүмүүсээ оруулах зэргээр байж болно. Жагсаалтад байгаа нэрсийг нээлттэй, хаалттай гэсэн хоёр хэлбэрээр явуулдаг. Өмнө нь манайх хаалттай хэлбэрээр явуулсан бол энэ удаа нээлттэйгээр сонгогчийн өгсөн саналыг үндэслэж  хэдэд бичигдэх вэ гэдгийг  шийдэж болно.

-Өмнөх сонгуулиар жагсаалтаар сонгогдсон гишүүнийг  энэ удаа тойрог руу  явуулна гэдэг  тохироо  яригдаад эхэлчихсэн байна лээ?

Энэ асуудлыг  Сонгуулийн хуулиар биш,  тухайн улстөрийн нам өөрийн дүрэм журмаараа шийдэх нь зөв. Намынхаа даргыг өмнө нь  жагсаалтад орсон учир энэ удаа болохгүй гэдэг ч юмуу  энэ шийдвэрийг өөрсдөө гаргана.

-Сонгуулийн маргааныг олон сар жилээр сунжруулахгүй байх үүднээс шинэлэг зохицуулалт оруулсан гэж та хэлж байсан. Жишээ нь цагдаа, шүүх, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагууд ямар тохиолдолд ямар асуудлыг шийдвэрлэх вэ?

Сонгуулийн маргааныг  эхлээд сонгуулийн хороод шийддэг байсан. Гэтэл  Тойргийн  хороо нь шийдвэрээ гаргахгүй удах,   ард түмний өгсөн саналыг нэгтгэчихээд түүнийг хүлээн зөвшөөрөх эсэхийг Тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа   хэлэлцэхдээ ирцээ бүрдүүлэхгүй байх, эсрэг санал өгөх байдал гарч байсан. Ард түмний өгсөн саналыг дүнг  олон нийтэд хүргэх нь Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг. Тиймээс  ямар нэг маргаан гарвал гомдол гаргаад шийддэг.

Гомдлыг   шийддэг газар нь Сонгуулийн ерөнхий хорооноос тусдаа байх нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь сонгуулийн маргаан 2-3 жилээр үргэлжилдэг байсан бол  одоогийн төслөөр дээд тал нь 61 хоногт шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн 50.1-т “Дээд шүүх хуулиар харьяалуулсан маргааныг анхан шатны  журмаар хянан шийдвэрлэнэ”  гэж заасан. Тиймээс сонгуулийн хуулиар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхийг Дээд шүүхэд өгөөд,  шийдвэрлэх хугацааг нь зааж өгсөн нь  маргааныг хурдан хугацаанд шийдвэрлэх боломжтой болсон.

Өмнө нь   аль байгууллага ямар хэргийг шийдэх талаар тодорхой заагаагүй  байсан учраас маш их хугацаа алддаг байсан. Маргааныг шийдвэрлэхгүй эс үйлдэл гаргаж, тэр асуудлаар гомдол ирвэл асуудлыг шийдвэрлэх талаар хүртэл тодорхой тусгасан. Энэ хуулийн томоохон шинэчлэл нь сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх, сонгуульд оролцож  байгаа талууд  хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхдээ хамгаалуулах боломжийг олгож өгсөн. Сонгуулийн дараа нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хэмжээний зөрчил гаргасан ч   нэгэнт тангараг өргөсөн бол эргүүлэн татаж болдоггүй байсан. Тэгвэл   одоо тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хэмжээний зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ зэрэг чухал асуудлыг тусгаснаараа онцлог.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Улстөрийн намын тухай хууль  багтсан. Энэ хуулиар  намуудын санхүүжилтын асуудлыг нэлээд тодорхой болгохоор ярьж байгаа. Харин Сонгуулийн тухай хуульд сонгуулийн үеийн санхүүжилтын талаар ямар зохицуулалт орж байгаа вэ?

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн үеийн санхүүжилтын асуудлыг  зохицуулсан.  Ингэхдээ сонгуульд зарцуулах дээд хэмжээг өмнө нь СЕХ тогтоодог байсныг энэ удаа Аудитын газар   тогтооно.  Тогтоосон хэмжээний дотор иргэн, хуулийн этгээдээс хандив цуглуулах юм. Мөн өөрийн хөрөнгөөс  хандив гаргаж болно.  Эдгээр мэдээллээ олон нийтэд ил тод мэдээлнэ. 

Сонгуулийн санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд тухайн намд нэлээн өндөр хариуцлага хүлээлгэхээр  заасан. Сонгуулийн зардал асар их байх, түүнээс болоод мөнгөтэй хүн л ялалт байгуулах, эсвэл хэн нэгнээс их  хэмжээний хандив авчихаад түүндээ зориулж хууль баталдаг байдлаас зайлсхийх үүднээс нэлээд зохицуулалт хийсэн.

-Санал тоолох аргачлал дээр янз бүрийн хувилбар яригдаж байсан.  Энэ асуудал дээр байр сууриа нэгтгэсэн үү?

Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд сум дүүрэг дээр хоёр хоёр газарт санал авах байранд гараар тоолно гэж  заасан байсан. Харин УИХ-ын сонгуулийн хуульд  гараар тоолох асуудлыг  тодорхой заагаагүй,   журмаар зохицуулж байсан. Энэ удаха бүх сонгууль дээр санамсаргүйгээр сугалаад тодорхой газруудад гараар тоолно. Гараар тоолох тооллогыг нэмэх санал Ажлын хэсэг дээр гарсан.

-Бүх намуудад тэгш өрсөлдөх, ижил гараанаас гарах боломжийг яаж олгож байгаа вэ?

Телевизээр гарах нэвтрүүлэг дээр зохицуулалт орсон. Тухайлбал тухайн телевиз аль нэг намыг дагнасан  нэвтрүүлэг, сурталчилгаа явуулахыг хориглож байгаа.  Телевиз радиогийн нэвтрүүлгийн цагийг тэгш хуваарилах, ижил хэмжээний хэвлэмэл хуудас материал тараах зэргээр   нэр дэвшигчдийг тэгш өрсөлдөх боломжоор хангасан.

-Хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ?

18 нас хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй   гэсэн заалттай  холбогдуулан Хүүхдийн төлөө газар, хүний эрхийн байгууллагаас санал авахаар болсон. Бас сонгуулийн үед цахим орон зайн сурталчилгаанд ямар зохицуулалт  хийх нь тохиромжтой талаар мэргэжлийн байгууллагаас санал авна. Цахим орон зайг хэрхэн зохицуулах вэ,  тэгш боломжийг яаж хангах вэ, нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр гүтгэвэл яах вэ зэрэг  олон асуултууд бий.

Өмнөх сонгуулийн хуулиуд дээр ийм асуудал байгаагүй учир мэргэжлийн байгууллагаас  санал авахаар болсон. Сонгуулийн уриа дэмжлэг асуудлыг месежээр авах асуудлыг  зардал нэмэгдэнэ гэж үзээд хассан. Энэ хоёр байгууллагын саналыг хүлээж байна.  Сонгуулийн ерөнхий хорооноос нэлээд олон санал ирүүлснийг ихэнхийг нь хүлээн авсан. Дахиад эргэж техникийн ажлын хэсэгтээ хамтарч  хянаж байна. маргааш гэхэд энэ саналууд нэгтгэгдээд ирнэ. Ингээд ирэх долоо хоногт хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болно.

-МАН-аас гаргасан ард нийтийн санал асуулга явуулах тухайн тогтоолын төслийг хэлэлцээгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ямар тогтолцоогоор явуулах асуудал  тодорхойгүй  хугацаанд хүлээгдэхээр болж байна уу?

Сонгуулийн хуулиа өргөн барьчихаад л явж байя. Тэр үед ард түмний аанал асуулга явуулах тогтоолын төсөл дэмжигдээд, снал асуулга нь яваад асуудал шийдэгдвэл тухайн үед нь  зохицуулалт орж болох байх. Хэрэв тогтоол дэмжигдээд санал асуулгаар асуусан асуудлыг Сонгуулийн хуульдаа тусгахыг УИХ-аас дэмжсэн тохиолдолд энэ саналыг  тусгаад явна.

-Тантай уулзсаных халуун сэдэв болоод байгаа Тавантолгойг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та аль хувилбарыг нь зөв зүйтэй гэж үзэж  байгаа вэ?

Эдийн засаг хүнд байна гээд яарч дутуу дулимаг гэрээ хийх нь оновчтой биш. Тавантолгой бол ард түмний  хувь эзэмшдэг орд.  Засгийн газрын хурал дээр гэрээний төслийн талаар шүүмжлэлтэй байгаа заалтуудаа хэлсэн.

-Тухайлбал аль заалтад  шүүмжлэлтэй хандаж байна вэ?

Нэлээн олон  зүйл заалт дээр шүүмжлэлтэй хандсан. Засгийн газрын хуралдаан хаалттай болсон учраас энэ талаар  дэлгэрэнгүй ярьж болохгүй  байх. УИХ дээр хэлэлцэх үед байр сууриа илэрхийлнэ.

-Байгуулагдаад хагас жил орчим болох гэж байгаа Засгийн газрыг “Чадамжгүй боллоо, огцрох хэрэгтэй”  гэж ярьж эхэллээ. Та  ямар байр суурьтай байна вэ?

Тийм  саналыг ганц хоёр хүн л ярьж байгаа байх. Миний хувьд Засгийн газрыг чадамжгүй болсон гэж харахгүй байна. Засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр өөрсдийнхөө хариуцсан асуудлаа барьж аваад ажиллаж л байна. Миний хувьд Хүнс хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын  бичиг баримтыг боловсруулаад удахгүй өргөн барих гэж байна. Органик хүнсний тухай, Малын эрүүл мэндийн тухай, Малын генетикийн тухай хуулийн төслүүд бэлэн болсон. Яамдаас санал авах хэмжээнд хүрээд байна. Мөн Газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого дээр ажиллаад явж байна. Намайг ажил авснаас хойш манай салбарт үүссэн маргаантай асуудлууд шийдэгдсэн. Маргаан гарсан нь нэг талаас олон асуудлыг ил болгосон сайн талтай гэж үзэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.