Д.Баттулга: Казино байгуулах хэрэгтэй
НИТХ-ын дарга Д.Баттулга өчигдөр “UBS" телевизийн ‘Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэгт оролцож цаг уеийн асуудлаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт “Үндэсний шуудан” сонин, “ТВ-5”, “UBS" “С1” телевизийн сэтгүүлчид оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Ингээд НИТХ-ын дарга Д.Баттулга сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
-Хэд хоногийн өмнөхөн та гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай очиж танилцсан. Тэгэхээр энэ ажил ямар төвшинд явна вэ. Ямар нэгэн тулгамдаж байгаа асуудал байна уу?
Нийслэлийн иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг мэддэг болсон байна. Санаж байгаа бол 2013 оны нэгдүгээр сарын сүүлээр НИТХ- аас гэр хорооллыг дахин төлөвлөх журмыг баталсан. Анхны төсөл хэрэгжүүлэгч 12 компани тухайн оны тавдугаар сард батламжаа авч байлаа. Үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Нэг талаасаа харвал энэ бол богинохон хугацаа.
Харин хийсэн ажлаар нь яривал чамгүй урт хугацаа. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 24 байршилд 36 компани ажиллаж байна. Өчигдөр авсан мэдээллээр 4 компани батламжаа авсан байна лээ. Ингээд нийтдээ 75 блокт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бүтээн байгуулалтын явцаас нь харвал 1500 гаруй га газарт ажил хийж байна.
Голдуу дэд бүтцийнхээ ажлыг шуурхайлж хийж байгаа. 24 байршлын 16-ынх нь дэд бүтцийг нийслэлээс шийдэж өглөө. Үлдсэн байршлуудын дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр зураг төслийн ажлыг нь хийж байгаа. Үүний дараа барилгын компаниуд үндсэн ажилдаа ороод явах байх. Ер нь өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 500-гаад айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.
Одоогийн байдлаар 4500 орчим орон сууцны барилгыг барьж байна. Үүнээс 2500 орчим орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, дахин төлөвлөлтийн хүрээнд 1200 орчим айлыг нүүлгэсэн. Нэг компаниар ороход долоон айлыг нүүлгэхэд хоёр га газар гарч ирсэн байна лээ. Тэгэхээр 1200 айлыг нүүлгэн шилжүүлэхэд хэчнээн га газар гарч ирснийг иргэд ойлгож байгаа байх.
-Тухайн 1200 айлтай ямар тохиролцоо хийж нүүлгэсэн бэ. Газраа орон сууцаар солихоор тохиролцсон юм уу эсвэл тодорхой хэмжээний үнэ тогтоогоод худалдаж авсан байдаг юм уу?
Газраа чөлөөлсөн 1200 айлыг судлаад үзхээр 10 хувь нь газраа мөнгөөр сольсон байдаг. Үлдсэн хүмүүс нь газраа орон сууцаар солих гэрээ хийгээд ашиглалтад орох хүртэл нь түрээсийн байранд амьдарч байна.Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Нийслэлийн төрийн албан хаагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 15 хувийг нь хот даахаар болсон шүү дээ. Энэ бол дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцны борлуулалтад маш том дэмжлэг болно. Энэ ажлын хүрээнд арилжааны банкууд урьдчилгаа төлбөрийн 15 тэрбумынх нь асуудлыг шийдвэл 100 тэрбумын моргэйжийн зээл гаргах боломж гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, 15 тэрбумаар 100 тэрбумын борлуулалт хийнэ гэсэн үг.
Энэ бол том тоо. Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Гэхдээ дахин төлөвлелтийн хүрээнд барилгын компаниудын дийлэнх хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалт татсан байна лээ. Цөөн хэд нь өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа юм билээ. Нөгөө талаас дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барьж байгаа компаниуд банкнаас зээл авч байгаа. Гагцхүү түүнийх нь тодорхой хувийг хот даая гээд байгаа юм. Одоогийн арилжааны банкнаас гаргаж байгаа зээл жилийн 16-18 хувийн хүүтэй. Энэ бол маш том тоо. Харин компаниудад энэ хүүг нь 10 хувь бол гоод өгчих юм бол сайн зээл болно.
Дээр нь, компаниудад учрах эрсдэл нь бага болно. Цаашлаад орон сууцны үнэ буурна. Өөрөөр хэлбэл, ядарч зүдрээд байгаа эдийн засагт амь тариа болох юм. Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоо. Ингэснээр нэг их наядын сайн зээл манай зах зээлд орж ирэх боломжтой. Гэхдээ компаниуд том зээл авахгүй шүү дээ. Эхний ээлжийн гурваас дөрвөн барилгын хэмжээнд гэж үзэхэд 10-20 тэрбумын зээл авна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжсэн маш том зээл болно. Хоёрдугаарт, ядарсан эдийн засгийг сэргээх хөшүүрэг болох юм.
-Дахин төлөвлөлтийг ажиглаад байхад 100 айл, Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй байгаа нь харагдаж байна. Оршин суугчид нь ч сайн дураараа нэгдээд энэ ажлыг дэмжиж байгаа юм билээ. Харин Гандан, Зурагт орчимд төдийлөн явахгүй байгаа нь харагдаж байна?
Зөв харсан байна. Уг нь эдгээр газар дэд бүтэцтэйгээ ойрхон. Хоёрдугаарт, үнэтэй байршил. Жишээ нь, Гандан орчимд хоёроос гурван удаа очиж уулзаж үзлээ. Гэвч үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, иргэд төсөл хэрэгжүүлэгч компаниудын хооронд хийх хэлэлцээ нэлээд удаашралтай байна. Гандан дээр гэхэд 60 гаруй хувь нь дандаа түрээс. Өөрөөр Хэлбэл, гэрээ хийе гэхээр болдоггүй. Цаад эзнийг нь олъё гэхээр олддоггүй. Ямар ч байсан Ганданг хотын төв, бурхан шашинтны төв гэдэг утгаар нь өндөр байшин бариулахгүй.
Магадгүй дэд бүтцийн ажлыг нь эхлүүлээд ирэхээр хүмүүс нь нэгдээд барилга байшингаа бариулах байх. Зурагт орчим ч мөн адил. Нөгөөтэйгүүр, гэр хорооллын зарим хүмүүс нэгдээд дэд бүтцийг нь татаад өг. Бид хаус хороолол барья, зээл авъя гэж байна. Мэдээж амины орон сууцтай Улаанбаатарыг бий болгох нь бидний нэг зорилго. Тийм зорилгыг ч саяхан гаргаж тавилаа. Хоёр сарын өмнө журмыг нь баталсан. Тиймээс энэ жил зургаан байршилд энэ ажлыг эхлүүлнэ. Нэг ёсондоо тухайн орчимд дэд бүтцийг нь татаж өгчихөөд үлдсэн газрыг нь үнэлж авах юм.
-Газар бол үл хөдлөх хөрөнгө. Өөрөөр хэлбэл, заавал орон сууцанд орохыг хүсэхгүй байгаа иргэд бий. Гэтэл газраа чөлөөл гэж байгаа нь хэр оновчтой вэ. Хотын даргын сонгуулийн гол туг нь гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох замаар хаус хорооллыг бий болгоно гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хаус хорооллыг яг хаана барих юм бэ. Хэзээнээс энэ ажлыг эхлэх юм?
Түрүүн хэлсэнчлэн 24 байршлын 10 гаруй байршилд амины орон сууц байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэхээр дандаа 9-10 давхар барилга бол биш шүү. Яг хүмүүсийн хоорондоо яриад явъя гэсэн нь дээр дурдсан зургаан байршил.
-Нийслэлийн Засаг даргын хүүгийнх нь компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа. Үүнтэй холбоотойгоор “Гранд Лайн” компанид 5.1 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл бий. Үнэхээр хотын даргын хүүгийн компанид ийм хэмжээний мөнгийг олгосон юм уу. Энэ нь ашиг сонирхлын зөрчил мөн үү. НИТХ-ын даргын хувьд үүнд юу гэж хариулах бэ?
Энэ дээр нэг л юм байгаа. Баянзүрх дүүргийн 12 хороонд Гранд Лайн” компани журмын дагуу шалгарсан. Гурваас дөрвөн компани өрсөлдсөн. Харин “Гранд Лайн” компанид иргэдийн 66 хувь нь саналаа өгсөн. Нэлээд том тоо шүү. Дараа нь, Засаг даргын хүүхдийн компани гэдгийг нь мэдсэн юм. Гэхдээ Засаг дарга эрх мэдлээ ашиглаад өгчихсөн асуудал биш. Өөрөө ч хууль хяналтын байгууллагаар шалгуулсан байна лээ.
Хоёрдугаарт, нийслэлээс ‘Гранд Лайн” компанид хоёр тэрбум төгрөг өгчихөөгүй юм ш дээ Угаасаа дэд бүтцийн асуудлыг улсын болон нийслэлийн төсвөөс шийдэж байгаа. Энэ ажлын хүрээнд дэд бүтцийнх нь ажлыг өөр компани хийж байгаа Би нэрийг нь сайн санахгүй байна. Тэр компани нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай гэрээ хийж 5.1 тэрбум төгрөгийг авч ажлаа хийж байгаа юм билээ. Миний ойлгосноор анх тэрбум гаруй төгрөг олгоод явцын дундаа 5.1 тэрбум болсон байна лээ. Тэгэхээр ‘Гранд Лайн” биш өөр компани авсан гэсэн үг.
-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дахин төлөвлөлтийн ажлыг нэлээд эсэргүүцэж байгаа. Ялангуяа нийслэлийн удирдлагуудын шоу гэж тодотгож байгаа. Тиймээс нийслэлийг нүүлгэх ёстой гэж яриад байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга та хоёр хамтарсан мэдэгдэл гарсан байна лээ?
Гэр хорооллын дахин төлөвлөлт бол улс төрийн сэдэв биш. Нийслэлийг хөгжүүлэх бид бүгдийн сэдэв. Хэн нэгэн хүн улс төрийн явцуу эрх ашгийн хүрээнд ингэж хандаж байгаад би хувьдаа харамсч байгаа. Яагаад гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлт нэгэнт эргэлт буцалтгүй болчихсон. Нуугаад яахав. Хоёрдугаарт, тэнд ажиллаж байгаа компаниуд өөрсдийн хөрөнгөөр эрсдэл хийгээд орж байгаа. Гэтэл хэн нэгэн албан тушаалтан бүтэхгүй гээд ярьж байна. Ялангуяа Д.Сумъяабазар. Ингэж хүмүүсийн сэтгэл санааг урвуулж болохгүй. Гэхдээ энэ асуудалд хотын захиргаа хохирохгүй. Гагцхүү тухайн компани хохирвол тэр нөхөр хариуцлагыг хүлээх ёстой. Үүнийг би хатуу хэлж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа нэг компани дээр очлоо. Тэгэхэд хороон дарга нь УИХ-ын гишүүнтэй нийлээд явж байсан. Би асуусан. Энэ юу болоод байгаа юм гэж.
Тус компанийнхан тавдугаар сараас сууриа цутгахаар төлөвлөж байна. Гэтэл тус компанийнхан “Тэр хүнийг мэдэхгүй юм байна. Магадгүй зүгээр нэг мөнгө өгөөд яриулсан юм байлгүй" гэж байна лээ. Харин иргэд энэхүү газрыг ухаад барилгаа барихыг харж байна гэсэн. Үнэхээр бидний хийж байгаа зүйлд бодлогын алдаа байж болно. Гэхдээ тэрийг нь хэлэх ёстой. МАН-ынхан хэлдэг л дээ. Газрын ам метрийнх нь үнийг тогтоогооч гэж. Өмнө нь VII хороололд ам метрийг 100 мянган төгрөгөөр үнэлж авч байсан шүү дээ. Гэхдээ бид газрын үнэд хот оролцохгүй гэж. Харин тухайн өмчийн эзэн, компани хоорондын асуудал. Гэтэл ийм асуудлыг нь хэлэхгүйгээр болохгүй, бүтэхгүй гэж ярьж байгаа нь буруу. Хэрвээ төсөл хэрэгжүүлэгчид ямар нэгэн хохирол учрах юм бол Д.Сумъяабазар гэдэг нөхөр хариуцлагыг нь хүлээх ёстой шүү гэдгийг хатуу хэлье.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилга байшин олон барихаар нийслэлийн цахилгаан дулааны хүрэлцээ хүрэх үү. Ийм нэгэн эргэлзээ иргэдийн дунд яваад байгаа?
Би өөрөө эрчим хүчний хүн. Дахин төлөвлөлтийн хүрээнд мэргэжлийн инженерүүд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, боломжгүй гэж үзвэл ТЭЗҮ-г нь баталдаггүй. Нийслэлийн хувьд цахилгааны хангамж гайгүй шүү дээ. Дулааны тухайд III, IV цахилгаан станцыг өргөтгөчихлөө. Удахгүй Амгалангийн цахилгаан станц ашиглалтад орно. Тэгэхээр ямар нэгэн асуудал үүсэхгүй. Ганцхан асуудалтай зүйл байгаа нь нэвтрүүлэх чадамж буюу турба. Тиймээс тэрхүү чадамжийг нь хийж чадах компанид эрхийг нь өгчихсөн. Хийж чадахгүйг нь хот өөрөө шийднэ.
-Урьдчилгаа төлбөрийн тухайд асуух зүйл байна. Нийслэл гэлтгүй улсаас ямар нэгэн хөнгөлөлтийг хийхдээ дан ганц төрийн албан хаагчид руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, ачааны хүндийг нь үүрч байгаа хувийн хэвшлийг орхигдуулдаг. Тэгэхээр урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтөд цаашдаа хувийн хэвшлийнхнийг хамруулах боломжтой юу?
Бид хуулийн дагуу ажиллах ёстой, Нэг ёсондоо хуулиас давсан шийдвэр гаргаж болохгүй. Монгол Улс нэгдсэн хуулийн зохицуулалттай. Хуулиар зохицуулаагүй зүйлийг нь дүрэм журмаар зохицуулах Үндсэн хуулийн эрхтэй. Төрийн албан хаагчид нийгмийн болон орон сууцны дэмжлэг үзүүлж болно гэсэн заалтын хүрээнд л ажиллана. Гэхдээ үүнийг дагаад хувийн компаниуд ажилчиддаа хөнгөлөлт үзүүлээд эхэлчихсэн. Миний мэдэхээр “Моннис” компани ажилчдаа өөрсдийн барилгад хөнгөлөлттэй үнээр оруулаад эхэлсэн байна лээ. Түүнээс биш хотын төсвөөр хувийн компанид ажиллаж байгаа хүмүүсийг дэмжээд явбал бид өөрсдөө хуулиа зөрчинө.
-Иргэдийн хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь 16 дугаар байртай холбоотой асуудал. Гэтэл орон сууцны хажууд барилгын суурь ухаснаас хазайсан, хазайгаагүй гэсэн эсрэг тэсрэг хоёр дүгнэлт яваад байгаа шүү дээ. Цаашлаад ийм асуудал гарвал яах вэ?
Бид мэдээлэлтэй байгаа. Тус байрны тухайд ОБЕГ болон дүүргийн Засаг даргын хүрээнд ярьж байгаа асуудал. Баянгол дүүргийн Засаг даргын хувьд оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу шинжээч томилсон юм билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард юм уу даа. Харин шинжээчийн дүгнэлт нь эрсдэлтэй гэж гарснаар айлуудыг нь нүүлгэсэн. Дараа нь, мэргэжлийн хяналтыг оруулаад давхар дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр суурь болон үндсэн бүтцэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэсэн.
-Гэхдээ дөрвөн см хазайлт өгсөн гэж байгаа шүү дээ?
Ер нь барилгууд дөрөв битгий хэл хазайдаг юм шиг байгаа юм. Гэхдээ хэзээ хазайсныг нь хэлж мэдэхгүй. Гагцхүү тэрхүү хазайлт гол нь биш суурь бүтцэд өөрчлөлт өгөх нь гол юм байна. Өөрөөр хэлбэл, хазайлт гэдэг нь нэг өөр. Тиймээс аюулгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас гаргасан. Харин мэргэжлийн хяналт нь аюулгүй, шинжээч нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг учрыг нь олохгүй байна. Эрсдэлтэй гэдэг утгаар нь хүмүүст хэлчихсэн. Нэг ёсондоо маргааш ч байж болно, сарын, жилийн дараа ч байж болно.
Тэр бол хэцүү. Тэгэхээр одоо яана гэхээр тодорхой хариуцлагын асуудлыг ярих байх. Хамгийн гол бидний ярьж байгаа зүйл нь хүмүүст нэг сөрөг зүйл бий болчихлоо шүү дээ. Тиймээс хүссэн хүсээгүй тухайн барилгыг хүчжүүлье. Өөрөөр хэлбэл, барилгын зураг гаргаад мэргэжлийн аргаар шийдвэрлэе. Зураг төслийг нь өнөөдөр /өчигдөр/ хотод өргөн барьж байгаа байх. Удахгүй удирдлагын зөвлөлийн хурлаар ярина. Хотоос ярьж байгаа зүйл нь шуурхай арга хэмжээ авч оршин суугчдыг нь оруулж, амьдралынх нь хэвийн нөхцөлд оруулъя л гэж байгаа.
-16 байранд байр зарна гэсэн онигоо хүртэл гарсан байна лээ. Хэрвээ оршин суугчдыг оруулсны дараа ямар нэгэн аюул учирвал хэн тэр. хохирлыг нь барагдуулах вэ?
Монголд хариуцлагын зуд нүүрлэлээ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан хариуцлага гэхээсээ айлуудыг оруулах нь чухал. Гол зүйл нь мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт. Тэгэхээр эцсийн хариуцлагын асуудал мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр бууна. Өөрийн чинь асууснаар эцсийн хариуцлагыг дүгнэлт гаргасан мэргэжлийн хяналтын байгууллага хүлээнэ.
-Зөвшөөрөл өгсөн хүмүүс нь хариуцлагаас мултарна гэсэн үг үү?
Тэр бол өөр асуудал. Дорж, Дулмааг буруутгаад эрүү үүсгээд өгөөчээ гэж яриад байна шүү дээ. Тэр асуудал дээр манай хуульчид ажиллаж байгаа. Буруутай эсэхийг нь тогтоохоор, хуулийн хүрээнд явна.
-Бусад хуучны орон сууцны хувьд ч ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ?
Хуучны барилгуудыг дахин барилгажуулах ажлыг эрхзүйн хүрээнд өнгөрсөн жил шийдсэн. Жишээ нь, Нэхмэлийн шар, 40, 50 мянгат гээд байгаа. 40, 50 мянгатыг арай зарлаагүй байгаа. Гэхдээ эдгээр барилгыг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр сайжруулна. Өөрөөр хэлбэл, 50 ам метр талбай эзэмшдэг юм бол түүнийг нөхөр Баттулгад өгөөд түүн дээр нь барилга барих юм. Нэг ёсондоо барилгын компаниуд тухайн хүмүүсийг орон сууцанд буцааж үнэгүй оруулаад үлдсэнийг нь зараад ашгаа олно гэсэн үг.
Энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд өнөөх Сумъяабазар гишүүн оччихсон холион бантан хийгээд явж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, “Чи юун нэг өрөө вэ, хоёроос гурван өрөө авах ёстой” гээд ярьж байгаа гэсэн. Үүн дээр би гайхаад байгаа юм. Яагаад үймүүлээд байгаа юм бол гэж. Би бодоод байгаа юм. Тэр хүн циркийг хувьчилж аваад баар цэнгээний газар байгуулаад овоо мөнгөтэй болчихсон юм байна гэж. Үнэхээр тэгж яриад байгаа бол өөрсдөө тийшээ ороод барь л даа. Гурван ,өрөө байрыг нь өг л дөө. Ингээд үлгэр жишээ үзүүлээд явахгүй байж тэгж болохгүй шүү дээ. Компаниудын хувьд улс төрийн ямар нэгэн дарамтад орохгүйгээр ажлаа хийгээд явъя л гэж байгаа.
-Саяхан Багануур, Налайх дүүргийг хот болгох шийдвэрийг гаргасан. Энэ ажил хэзээ бодит ажил болох вэ?
Бидний амьдарч байгаа газрыг Улаанбаатар хот, нийслэл гэж хоёр өөрөөр ярьдаг. Нэг ёсондоо хотын төвийн зургаан дүүрэг нийлээд Улаанбаатар хот. Харин Монгол Улсын нийслэл гэхээр зургаан дүүрэг дээр Багануур, Налайх, Багахангай оруулаад нийслэл гэдэг. Хоёр өөр ойлголт. Багануур, Налайх бол Улаанбаатар хот биш. Нийслэлийн дүүрэг. Гэтэл Улаанбаатар хот гэдгийг хуулийн хүрээнд статусыг нь тогтоогоогүй. Харин УИХ-аас Улаанбаатар хот улсын чанартай хот гэж хууль гаргасан. Хэн ч тогтоогоогоогүй мөртлөө хот тосгоны эрхзүйн байдлын хуулиар хуулийг нь хэрэгжүүлээд яваад байдаг.
Үүнийг бид өөрчлөх гээд байгаа юм. Нэг ёсондоо хуулийн дагуу Багануур, Налайх хот гээд байгуулчихлаа. Тэгэхээр эдэлбэр газар дээрээ өөрсдийн хэрэгжүүлэх ёстой зүйлээ хийгээд явах юм. Товчхон хэлбэл ерөөсөө л ийм. Гэхдээ хот байгууллаа гээд шууд сайхан болчихгүй. Бид зөвхөн эхлэлийг нь тавьчихлаа. Цаашдаа өөрсдөө яаж санхүүжилтээ олох юм, юу хийх вэ гэдгээ өөрсдөө зохицуулах ёстой. Үүн дээр ажиллаж байгаа. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хэрвээ УИХ бидний саналыг аваад хуулиа өөрчлөөд явбал гурваас дөрвөн жилийн дараа гайгүй болох байх.
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хэзээ Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх вэ?
Ингээд хараад байхад бидний төлөвлөсөн юм явахгүй байна. Энэ нь газрын маргаантай холбоотой. Нөгөө "Ханын материал” компанитай жил гаруйн хугацаанд газрын маргаантай холбоотой асуудлаар шүүхдлээ. Сүүлд тохиролцоод газраа хувааж авахаар болсон. Өөрөөр хэлбэл, есөн га газрын хот авахаар боллоо. Одоо ажлын зургаа хийлгэчихсэн, хөрөнгө оруулагчаа олчихсон. Тэгэхээр ирэх тавдугаар сараас барилгын ажлыг эхлүүлнэ.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгчихөөд байгаа. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсмоор байна?
Маш товчхон хариулъя. Нэгдүгээрт, дугуй түгжих журмыг батлахаас өмнө ШӨХТГ-аас санал авсан байдаг юм. 2014 оны тавдугаар 26-нд Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах хэлтсийн дарга Батбаатар гэж хүнд албан бичиг хүргүүлсэн. Энэ хүн өнөөдөр ажиллаж байгаа байх л даа. Тус бичигт зориулалтын дугуй түгжигч ашиглах журам нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үү гэхэд зөрчөөгүй гэсэн. Гэтэл дарга нь солигдохоор доор нь ажиллаж байгаа хүмүүсийн хуулийн ойлголт өөрчлөгдчихдөг юм уу бүү мэд, би ойлгоогүй.
Т.Аюурсайхан ийм асуудлыг телевизээр том мэдэгдэл хийгээд ярьж байгааг нь ойлгохгүй байна. Уг нь, болохгүй байна гээд Баттулгад бичиг өгөх ёстой. Өгөөгүй биш өгсөн л дөө. Манайх хуулийн дагуу хариуг нь өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа яагаад хэлж болоогүй юм. Шүүх дээр очсон ч буцаасан юм билээ. ШӨХТГ-ынхан болохоор буруу байрлуулсан машиныг хуулийн дагуу зөөх ёстой, түгжинэ гэсэн үг үсэг байхгүй гээд байгаа юм. Харин бид машиныг зөөх асуудлыг журамлаад хоёр жил болж байна.
-Зогсоолын асуудлаа шийдвэрлээгүй байж ингэж ачиж, түгжиж журамлах нь өөрөө буруу юм биш үү?
Хотоос зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй биш шийдсэн. Мэдээж өдөр бүр шинээр хөдөлгөөнд оролцож байгаа машины хэрэглээг хянах боломжгүй шүү дээ. Дугуй түгжигч, машин зөөх асуудлын тухайд хүмүүс ам муутай л байгаа байх. Гэхдээ нэг үеэ бодвол жолооч нарын хариуцлагын төвшин сайжирсан шүү. Өөрөөр хэлбэл, машин зогсоол сулрахыг хүлээгээд зогсдог болсон байна. Үйлчилгээний байгууллагууд өөрсдөө зогсоолын асуудлаа шийдэх ёстой.
-Нийслэл ер нь хэдий хэмжээний төсөв, хөрөнгөтэй байна вэ?
Нийслэлийн жилийн төсөв 500 тэрбум төгрөг байдаг. Үүний 70 хувийг ХАОАТ-аас бүрдүүлдэг. Үлдсэн 30 хувийг бусад татвараас. Саяхан төсвийн тодотголоо хийж баталсан. Улсын төсөв доошоо унаад байхад хотын төсвийг нэмээд шүү дээ.
-79 тэрбумаар бил үү?
Үгүй. 105 орчим тэрбумаар нэмсэн. Энэ бол зөвхөн нэг удаагийнх гэдгийг хэлье. Эрх барьж байгаа хүмүүс уншиж байгаа бол дараа жил хотын төсвөөс бүрдүүлж чадахгүй. Гэхдээ энэхүү мөнгийг олохын тулд байгаа газруудаа хувьчлая гээд байгаа. Саяхан хувьчлах гээд үзсэн ч шүүмжлэл дагуулаад больчихсон. Гэхдээ газар хувьчилснаар 95 тэрбум төгрөг олох тооцоотой байгаа. Ирэх тав, зургадугаар сард энэ ажил эхлэх байх.
-Авто худалдааны цогцолбор байгуулах ажил ямар явцтай байгаа вэ. Уг нь, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс нийслэлд үйл ажиллагаа явуулахыг хориглосон НИТХ-ын тогтоол гарчихсан шүү дээ?
Тийм ээ. Яагаад гэхээр Авто худалдааны цогцолборыг ашиглалтад орохыг хараад байгаа юм. Ажлын явцын хувьд шуурхай байгаа. НИТХ-ын шийдвэрийг биелүүлэхгүй байгаад миний хувьд тодорхой шаардлагыг тавьж хариуцлага тооцно шүү гэдгээ ч хэлсэн.
-Нэг зүйлийг нэмээд асуухад Казиногийн тухай хуулийг УИХ- аар хэлэлцэхийг дэмжээд байгаа. Таны хувьд өмнө нь Казиногийн тухай хуулийг батлах үеэр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тэгэхээр Казино байгуулах асуудлыг юу гэж харж байгаа вэ?
Казино байгуулах хэрэгтэй. Гэхдээ бидний үед санаачилсан тийм нөхцөл байдлаас өөр шүү. Тэр үед казино байгуулсан бол өнөөдөр Монголын эдийн засаг нэлээд өөрчлөгдөх байлаа. Одоо бол хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ бидний үед буюу 15 жилийн өмнөх нөхцөл байдал өөр болсон шүү гэдгийг хэлмээр байна.
-Таныхаар казино байгуулахад ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ?
За ёстой бүү мэд.