"Байр ч үгүй, газар ч үгүй, түрээсийн мөнгө ч үгүй болоод байна"
Гэр хорооллын дахин төлөвлөлт
2015.04.29

"Байр ч үгүй, газар ч үгүй, түрээсийн мөнгө ч үгүй болоод байна"

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор үндэсний 38 аж ахуйн нэгж 1,547 га газарт төсөл хэрэгжүүлж байна. 

Өнгөрсөн 2014 онд дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 560 айлын таван блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулжээ.

Өнөөдөр НИТХ-ын хурлын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. 

НИТХ-ын хурлын дарга Д.Баттулга “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 2013 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Анх 12 байршилд төсөл хэрэгжүүлэгч компаниудыг шалгаруулж байсан. Өнөөдрийн байдлаар 1,500 гаруй га талбайг хамарсан 24 байршилд 77 блок дээр 32 компани үйл ажиллагаа явуулж байна. Нийт 800 гаруй айлын газрыг чөлөөлсөн бөгөөд айлууд өнгөрсөн оноос байрандаа ороод эхэлсэн. 

Эдгээр байршлуудад дэд бүтцийн асуудал үндсэндээ шийдэгдсэн байгаа. Нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцыг борлуулах тал дээр нэлээд дэмжиж ажиллаж байна” гэлээ.

Газрыг нь чөлөөлсөн айлуудаа өөрсдийн барьсан өмнөх орон сууцандаа оруулжээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд 30 айлын хоёр га газрыг чөлөөлөн 10 давхар 315 айлын орон сууцны ажлыг эхлүүлээд буй “Зургаан талт” ХХК-ийн барилгын талбайтай хамгийн эхэнд танилцсан юм. Тус компанийн хувьд газрыг нь чөлөөлсөн айлуудаа өөрсдийн өмнө нь барьсан орон сууцандаа оруулсан бөгөөд одоо баригдаж байгаа байр ашиглалтад ормогч айлууд нүүж ирэх юм байна.

Энэ барилгын компанийн зүгээс барилгын ажилд тулгарч буй бэрхшээлийг нийслэлийн удирдлагад дуулгалаа. Одоогийн байдлаар инженерийн шугамын ажил анх төлөвлөж байснаас өөрчлөлт орсон учир барилгын ажлаас хоцролттой явж байгаа аж. Харин нийслэлээс инженерийн шугам сүлжээний зураг төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Одоо зураг төслийг хийх компанийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна гэсэн юм.  Энэ үеэр НИТХ-ын хурлын дарга Д.Баттулга холбогдох албаны хүмүүст аль болох хурдан зураг төслийн компанийг шалгаруулж өгөхийг үүрэг болголоо.

“Зургаан талт” ХХК-ийн  барилгын гүйцэтгэгчээр “Могсу” ХХК ажиллаж байгаа бөгөөд хамтарч ажиллах хугацаандаа 600 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулжээ. 

“Могсу” ХХК-ийн ерөнхий инженер т.Батзаяа“Барилга дөрвөн блок ажлаас бүрдэж байгаа эхний хоёр блокын ажил гуравдугаар сарын 25-наас эхэлсэн. Барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад өгөх зорилготой, шахуу ажиллаж байна.  Угсралтын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Гадна инженерийн шугам сүлжээний ажил бага зэрэг хоцролттой байгаа.

Манай компани 130 гаруй ажилчинтай. Бүгдээрээ монгол ажилчид байгаа” гэлээ.

"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн айл барилгын компанид мөнгө төлөх ёсгүй"

Баянзүрх дүүргийн 14 дугаар хороонд “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн барьж буй 12 давхар 536 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан, дотор заслын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Барилгын “Е” хэсэгчилсэн талбайг гаргахын тулд 18 айлын “3” хэсэгчилсэн талбайд таван айлын газар чөлөөлсөн байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр “Е” хэсэгчилсэн талбар батлагдсан ба “3” хэсэгчилсэн талбарын иргэд барилгын компанитай хийсэн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир батлагдаагүй байгаа ажээ. 

БЗД-ийн 14 хорооны иргэн н.Чинбат “Бид анх "Цагаан хуаран" компанийг дэмжиж хоёр талт гэрээ байгуулсан. Гэтэл энэ компанийн барилга барих хурд маш удаан байна. Ийм удаашралтай ажилладаг компанид газраа чөлөөлж өгөхөөс эмээж байгаа. Бидний зүгээс нэг бол шууд байранд оруул эсвэл мөнгө өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй барилгын ажилд газраа чөлөөлж өгмөөргүй байна. Оршин суугчдын дунд энэ компани хөрөнгийн чадваргүй. Барилгын ажил нь хэт удаашралтай явагддаг гэсэн яриа байгаа” гэлээ.

Мөн газар чөлөөлөх шаардлагатай зарим иргэд нэгдэн нийслэлд гомдол гаргаад байгаа ажээ. “Цагаан хуаран консалтинг” ХХК иргэдийн газрыг орон сууцтай дүйцүүлэн 25-30 метр квадрат байранд оруулах санал тавьсан. Бид 40-50 метр квадрат болгохын тулд зээлээр орон сууцанд орох болж байна” гэсэн юм.

Үүнд НИТХ-ын хурлын дарга Д.Баттулга хариулахдаа нэг ч иргэн зээлээр орон сууцанд орох гэрээ байгуулж болохгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу газраа чөлөөлсөн айл өрх барилгын компанид мөнгө төлөх ёсгүй. Байр ашиглалтад ортол өөр газар түрээслэх мөнгө авна. Эсвэл газраа барилгын компанид зарна. Газрын үнэлгээний хувьд та бүхэн барилгын компанитай тохиролцох ёстой. Нийслэлийн зүгээс энэ үнэнд оролцох боломжгүй” гэдгийг иргэдэд хэллээ. 

Харин “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн хувьд газар чөлөөлөх шаардлагатай иргэдийн 76 хувьтай гэрээ байгуулчихсан гэсэн бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганзориг “Анх манай компани энд барилгын ажил эхлүүлж байхад айлууд газраа 20 саяар өгөе л гэдэг байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээр газрын үнэ өссөн. 20 саяар үнэлэгдэж байсан газрыг 140 сая төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. Гэтэл  одоо нөгөө газраа хоёр дахин нугалж зарна гэсэн шаардлагыг тавьж байна. Ийм нөхцлийг хүлээн авч төсөл хэрэгжүүлэх компани хаа ч байхгүй. Тиймээс тал талдаа хүлээцтэй хандаж бид барилгын ажлаа түргэн шуурхай гүйцэтгэмээр байна” хэмээн ярилаа.

"Байр ч үгүй, газар ч үгүй, түрээсийн мөнгө ч үгүй болоод байна"

Энэ оны долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөсөн "Моннис урбан девелопмент" ХХК-ийн  БЗД 14 дугаар хороонд барьж буй  15 давхар 504 айлын орон сууцны барилгын угсралтын 2-4 давхар хүртэл гүйцэтгээд байна.

Барилгын ажлыг эхлүүлэхийн тулд  110 айлын 5.5 га газар чөлөөлсөн бөгөөд одоогийн байдлаар барилгын ажил зогсонги байдалтай байна. 

“Моннис урбан девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорсувд “Манай компани 2015 ондоо багтаад 316 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.Чөлөөлөхөөр төлөвлөсөн газрынхаа 85 орчим хувийг чөлөөлсөн байгаа. 

Төслийг зарим иргэд дэмжиж байгаа ба их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа учир тохиролцоонд хүрээгүй байгаа. Яг одоо барилгын ажлын явцын талаар байр сууриа илэрхийлмээргүй байна. Удахгүй ажил эхэлнэ” гэлээ.

“Моннис урбан девелопмент” ХХК –д газраа чөлөөж өгсөн иргэдийн хувьд барилгын ажил удаашралтай байгаад бухимдалтай байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм. 

БЗД-ийн 14 хорооны  иргэн Ж.БаатарчулуунМоннис урбан девелопмент” ХХК-иас орон сууцыг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулна гээд гурвалсан гэрээ байгуулж бид газраа чөлөөлсөн. Гэтэл одоо энэ барилгын ажил зогсчихсон юун долдугаар сар, энэ ондоо ч багтахааргүй байдалтай байна.  

10 сарын хугацаанд байрандаа орно гээд долоон сая төгрөг өгсөн. Бид энд тэнд түрээсээр нийтийн байранд амьдарч байна.

Гэрээний хугацаа дуусаад түрээсийн мөнгө нэмж өгөхийг шаардахад өгөхгүй байна. Байр ч үгүй, газар ч үгүй, түрээсийн мөнгө ч үгүй болоод байна” хэмээн ярилаа.

НИТХ-ын хурлын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн удирдлагууд өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөн хэрэгжүүлж буй найман барилгын ажилтай танилцах бөгөөд эхний гурван барилгын талбайгаар ороход ийм хэмжээний асуудал, хэрүүл, маргаан үл ойлголцолтой байна.