Олонхи Казиногийн хуулийг дэмжлээ
УИХ-ын чуулганы 2015 оны 04 сарын 16-ны өдрийн хуралдаан
2015.04.16

Олонхи Казиногийн хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар нэлээд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Харин хуралдаан эхлэхээс өмнө З.Энхбол дарга С.Дэмбэрэл гишүүнийг “Та угаасаа эрт ирдэг л дээ. Өнөөдөр л харин оройтлоо” хэмээн танхимд суугаа гишүүдийг инээлгээд амжив.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар “Казиногийн тухай хууль”-ийг хэлэлцэх үеэр нэлээд хэдэн гишүүд үг хэлж багагүй талцсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тайлантай давхцсан учраас тухайн үед хэлэлцэх эсэхээр санал хураагаагүй байсан тул энэ өдөр авлаа.

Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх эсэхээр санал авахад МАН болон АН бүлгийн гишүүд дэмжиж, харин Шударга ёс эвслийн бүлгийнхэн татгалзсан санал өгсөн нэлээд сонирхолтой байлаа. Хэдий тийм ч олонхийн саналаар “Казиногийн тухай хууль”-ийн төслийг хэлэлцүүлэхээр байнгын хороо руу шилжүүллээ.  

Харин чуулганаар хэлэлцсэн дараагийн гол асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг гишүүд сонслоо. Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ажээ.

Харин энэ үеэр гишүүд сонирхсон асуултаа Шүүхийн ерөнхий зөвлөл болон нэр дэвшигчдээс асууж, өөрсдийн санаа бодлоо хэллээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Өнөөдөр нийгмийн хэмжээн шүүхийн нэр хүнд унасан. Шалтгаан нь шударга шүүх ард иргэддээ үйлчилж, хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байна уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Дээд шүүхийн дээр тэнгэр байдаг гэж иргэд ярьдаг. Харин миний хувьд хууль буюу хүний эрх байх ёстой гэж боддог. Өнөөдөр хүний эрхийг хангахын тулд хууль үйлчилдэг. Гэтэл сэжигтнийг удаан хугацаагаар хорьж, цагдан мөрддөг асуудал хэрээс хэтэрч байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Шүүгчдийн асуудлыг оруулж ирэхдээ ингэж бөөндмөөргүй байна. Сая гэхэд цалингийн асуудлыг ярьж байхад бүгдээрээ л “цалинг цаашдаа нэмэх ёстой” гэсэн зүйл л яриад байхын. Ингээд үзэхээр Монгол улсын ерөнхийлөгч, гишүүд, сайд дарга нар цалинтай харьцуулахад эдгээр хүмүүс чинь 4-8 сая төгрөгийн цалинтай ш дээ.  Үүнийг бага гэж хэлээд өшөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж яриад байгааг ойлгохгүй байна.

Түүнчлэн энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Цалин мөнгө, шударга ёсыг тогтоох уу” хэмээн нэр дэвшигчдээс асуухад “Шүүгчид ямар ч тохиолдолд хуульд захирагдаж шударга ажиллах ёстой гээд шүүгч өөр ажил эрхэлж болдоггүй, харилцах харилцаа, хүрээ хязгаарлагдмал байдаг болохоор олон улсын жишгээр шүүгчдийн цалинг тогтоодог хэмээгээд энэ нь ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл хуваагдахгүй ажиллахад нөлөөлдөг чухал нөхцөл” хэмээн хариулсан юм. Одоогийн хуулиар шүүгчийн цалин нь 4-8 сая төгрөг аж. Ингээд хуралдааны тоймыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар уг асуудлыг эцэслэв.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тодотголтой холбоотой “Төсвийн тогвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд болон Сангийн сайд нар хуралдаан оролцох боломжгүй тул хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Түүнчлэн  Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

ОУВС-гийн шийдвэр гаргах хамгийн дээд нэгж нь Захирагч нарын зөвлөл ба ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилдаг нэгж нь Захирлуудын зөвлөл юм. Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд Захирлуудын зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс болон Англи Улс бүхий 5 гишүүн улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог байна.

Монгол Улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай нэг тойрогт харьяалагддаг. Тус тойргийн Гүйцэтгэх захирал, Орлогч гүйцэтгэх захирлыг БНСУ, Австрали Улс болон Шинэ Зеланд улс томилон ажиллуулдаг аж.

Харин Монгол Улсын харьяалагддаг тойрогт 15 улс хамаардаг учир шинэчлэлийн үр дүнд Монгол Улс нь шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ажлын хэсгээс асуулт асуусан.

Тэрээр “Ер нь бодлого нь хүндэрч байгаа учраас олон улсын валютын сангийн хөтөлбөр рүү орох гэж байгаа хандлага юм уу. Үүнийг хоёр янзаар л яриад байна л даа. Нэг нь эдийн засаг томорсон учраас ОУВС-ийн хөтөлбөр огт хэрэггүй гэж ярьдаг нөхдүүд одоог хүртэл байгаа.  Харин зарим нь орох нь зүйтэй гэж яриад байгаа. Түүхээс үзэхээр ядарсан үедээ энэ хөтөлбөрт ордог, гайгүй болоод ирэхээр ОУВС хэрэггүй гээд ярьдаг нөхдүүд л дээ” хэмээн хэллээ.

Ер нь өнөөдрийн байдлаар ОУВС дахь квотын хэмжээ дэлхийн эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад бага байгаа бөгөөд энэ нь ОУВС-гаас санхүүгийн хямралд өртсөн гишүүн орнууд болон бусад гишүүн орнуудад шаардлагатай байгаа хэмжээний санхүүжилтийг олгоход хүндрэл учруулж байна.

Тиймээс ОУВС-ийн квотын хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал шаардлага гарч буй юм байна. квотын шинэчлэлээр ОУВС квотын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх буюу одоогийн байгаа 238.5 тэрбум Зээлжих тусгай эрх (ЗТЭ)-ийг 477.0 тэрбум хүртэл нэмэгдүүлэх юм. Тус шинэчлэлийн үр дүнд 61 орны квот нэмэгдэх бөгөөд 53 нь хөгжиж буй орнууд байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын квот 51.1 сая Зээлжих тусгай эрхээс 72.3 сая болж нэмэгдэх аж.

Ингээд эцэст нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнээр хуулийн төслийг баталсан юм.