УИХ-ын “Цэргүүд” армийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдэд баяр хүргэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Зэвсэгт хүчинд алба хааж буй эмэгтэйчүүд
2015.03.19

УИХ-ын “Цэргүүд” армийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдэд баяр хүргэв

Монгол цэргийн өдрийг тохиол- дуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Арвин нар өчигдөр Зэвсэгт хүчинд алба хааж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Төрийн ордонд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд Хойд болон Өмнөд Судан, СьерраЛеон, Афганистан дахь энхийг дэмжих ажиллагаанд удирдах албан тушаал хашиж явсан аж. Уулзалтын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хүнд нөхцөлд эрчүүд- тэй мөр зэрэгцэн үүргээ чадварлаг гүйцэтгэж байгаа тэднээр бахархаж буйгаа илэрхийлж, баяр хүргэсэн. Мөн тэрбээр өөрийгөө “хугацаат цэргийн алба хааж явсан бэлтгэл ахмад” хэмээн тодорхойлсон.

Ахлах дэслэгч Д.Мэндбаяр:

-Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй хүн үүрэг гүйцэтгэхэд мэдээж хүнд хэцүү байх?

Улс орноо төлөөлөн олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг. Миний хувьд 2013 онд Бүгд найрамдах Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоос өмнө олон шалгуурыг давж, бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгддэг. Хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн эрчүүдээс дутахааргүй өндөр хариуцлагатай, чухал албанд монгол эмэгтэйчүүд ажилладаг. Тэр эмэгтэйчүүдийн нэг болж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хувь тохиол таарсанд баярлаж явдаг.

-Та яг ямар чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн бэ?

Миний хувьд би мэргэжлийнхээ дагуу хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн. 2013 онд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэгт хүчний хоёрдугаар батальонд хэвлэл мэдээллийн төлөөлөгч, оператороор ажилласан. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй монгол дайчдынхаа хийж бүтээж буй ажил үйлсийг олон нийтэд сурталчилж, мэдээлэх үүрэгтэй ажиллалаа.   

Ахлах ахлагч Л.Мөнхцэцэг:

-

Хаана, ямар улсад үүрэг гүйцэтгэж байв. Тухайн газар орны нөхцөл байдал бас хүнд хэцүү байв уу?

2008 онд энхийг дэмжих ажиллагаанд Серилион улсад холбоочноор үүрэг гүйцэтгээд ирсэн. Мөн 2013 онд Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Тухайн газар орны байдал биднийг үүрэг гүйцэтгэж байх үед харьцангуй тогтвортой, тайван байсан.   

-Эмэгтэй хүний хувьд дайн, байлдаантай, тогтворгүй газар ажиллахад хүнд хэцүү зүйл байв уу. Шантрах, халшрах тохиолдол гарч байсан уу?

Цэргийн баг, батальон маань Тавантолгойд тухайн газар оронд үүрэг гүйцэтгэх сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлийг маш сайн хангаад, үүрэг гүйцэтгэх газар орондоо очдог. Тийм учраас харьцангуй боломжийн, тэгж их шантраад байх зүйлгүй. Цэргийн хүний хувьд үүргээ сайн гүйцэтгээд ирсэн. 

-Ер нь энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэйчүүд хэр их оролцдог вэ. Бусад улс орноос олон эмэгтэйчүүд оролцдог уу?

2008 онд цэргийн багт 12 эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Харин 2013 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад 28 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн. Тухайн газар оронд олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас энгийн иргэд олноор ажилладаг.