Өөрийнхөө цэргийг тэжээдэггүй улс, бусдын цэргийг тэжээдэг
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.03.19

Өөрийнхөө цэргийг тэжээдэггүй улс, бусдын цэргийг тэжээдэг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Арвин нар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан БХЯ-ны Гадаад хамтын ажиллаганы Европын орнуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа О.Ариунаа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Нямжаргал, БХХСАХНЭ-ийн Дотрын нэгдүгээр тасгийн эрхлэгч, дэд хурандаа П.Самбуужанцан нарын таван эмэгтэй офицерыг төрийн ордонд хүлээн авч уулзаж, баярын мэнд хүргэсэн юм. Уулзалтын дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай товчхон ярилцсанаа хүргэж байна. 

-Таны хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар төдийгүй цэргийн алба хаасан бэлтгэл офицерын хувиар дөнгөж сая эмэгтэй офицеруудад баяр хүргэж байгаа нь андашгүй байсан. Ингэхэд та хаана цэргийн алба хаасан хүн бэ? 

Миний хувьд 1984 – 1989 онд ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн дээд сургуулийг инженер, механикч мэргэжлээр төгссөн. Мөн Зүүнбаянд хугацаат цэргийн алба хаагчаас ахмад хүртэл дэвшин ажилласан, бэлтгэл ахмад цолтойн хувьд “Эх орон миний төлөө юу хийсэн бэ гэж асуухаасаа өмнө би эх орныхоо төлөө юу хийсэн билээ гэж байнга асуух ёстой” гэж бодож явдаг. Өнөөдөр цэргийн албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хааж, эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа үнэнчээр сахин биелүүлж яваа эмэгтэй офицерүүдийг хүлээн авч уулзан Монгол цэргийн өдрийн баяр хүргэлээ.

Цэргийн албаны эмэгтэйчүүд хүнд нөхцөлд эрчүүдийн нэгэн адил үүргээ чадварлаг гүйцэтгэж байгаа нь бахархах сэтгэл төрүүлж, залуу хойч үеийнхэнд үлгэр жишээ болж байна. Сая БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар “Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс Олон улсын энхийг дэмжих ажиллаганд нийт 11 мянган хүн оролцсоны 2,9 хувь буюу 341 нь эмэгтэйчүүд байгаа. Манай эмэгтэй офицеруудын оролцоо тооны хувьд бага ч чанарын хувьд өндөр, НҮБ-ын төв штабын ажиллагаануудын даргаар ажилладаг, хоёроос гурван гадаад хэлтэй. Энэ жилийн хувьд энхийг дэмжих үйлсэд манай улсаас 1100-гаад цэргийн албан хаагч оролцож байгаагийн 72 нь эмэгтэйчүүд байгаа” гэсэн нь манай эмэгтэй цэргийн албан хаагчдын ур чадвар, мэргэжлийн бэлтгэл ямархуу түвшинд байгааг илэрхийлсэн үзүүлэлт юм. 

-Хэдийгээр өнөөдөр баярын өдөр ч гэсэн нэг асуулт асуулгүй болохгүй нь. Сүүлийн үед цэргийн алба хаагчдыг сэтгэлийг зовоосон нэг асуудал босч ирээд байгаа нь албан тушаалын цолыг бууруулах тодорхой хуулийн заалттай болчихоод байгаа. Энэ талаар бэлтгэл ахмад, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд ямар бодолтой явдаг вэ?

Миний хувьд хугацаат цэргийн алба хаагчаас ахмад хүртэл дэвшиж, армийн амьдралын нарийн ширийнийг гадарлах болохоор тэр асуудалд адилхан л санаа зовж явна. Цэргийн цол, цэргийн бахархал, армид алба хаах гэдэг бол Монгол эр хүний амьдралдаа туулах, үзэх л ёстой хамгийн бахархалтай сайн алба шүү дээ. Гэтэл армийнхны бахархал болсон цэргийн цол, тушаалыг АНУ-ын армитай ч юм уу зүйрлэж, тэдэнтэй заавал адилхан болгох гэж зүтгээд байж болохгүй л гэж боддог.

Бидний хүмүүжил, уламжлал, зан заншил, соёл, амьдралын хэвшил өөр шүү дээ. Манай цэрэг, цагдаа хүчний алба хаагчид бол цэргийн цол, тушаалын цолоороо үнэхээр их бахархдаг. Ер нь Монгол эрчүүдэд хэдэн зуунаас өвлөж ирсэн цэрэг армийн их өвөрмөц, бахархалт сэтгэл зүй байдаг нь бусдаас арай л ялгарч мэдэгддэг. Тэгэхээр офицерүүдийн нэр төр, бахархал болсон цэргийн цолонд маш болгоомжтой хандах ёстой юм. 

-Сүүлийн үед цэргийн дүйцүүлэх алба гэж ойлголт гарч ирснээр цэргийн албанд амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд л явдаг болсон. Харин төрийн албанд орох шалгуурт заавал цэргийн алба хаасан байх ёстой шалгуур тавигдснаар энэ байдал арай жаахан өөрчлөгдөж байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна?

Залуучуудад хандаж хэлэхэд эхлээд эх орон гэж хий хоосон цээжээ дэлдэхээсээ өмнө, эсвэл эх орноосоо юм нэхэхээсээ өмнө өөрийн энэ насныхаа ганцхан хүндэт үүргийг нэр төртэй биелүүлж, заавал цэргийн алба хаах ёстой л гэж бодож явдаг. Эхлээд цэргийн алба хаасны дараа их, дээд сургуульд ордог, улмаар төрийн албанд тэнцүүлдэг шалгуур байх ёстой юм. Энэ зарчим эхнээсээ хэрэгжээд явж байгаа их зөв тогтолцоо гэж үзэж байгаа. Хэдийгээр орчин үеийн цэрэг, улстөрийн нөхцөл байдал, хөрш хоёр оронтой тогтоосон олон жилийн итгэлцэл, найрсаг харилцааг бодсон ч юу юугүй цэрэг дайны ажиллагаа өрнөөд байхгүй ч эр хүн болсны хувьд эх орондоо цэргийн алба хааж байж л жинхэнэ эр хүн болж төлөвшдөг учиртай юм. 

-Монгол Улс хоёрхон том хөрштэй. Хоёр хөрш маань дэлхийд эдийн засаг, цэрэг армийн хүчин чадлаар тэрүүлэх гүрнүүд. Монгол Улс жижиг улсын хувьд армийнхаа зэвсэглэлд яаж анхаарч, ямар зэвсэглэлтэй байх шаардлагатай вэ. Жишээлбэл явган цэргийн, байлдааны машины, нисэх хүчний гээд л? 

Монгол Улс 1990-ээд оноос өмнө бол батлан хамгаалах салбарын бодлого нь Варшавын гэрээний байгууллагын зүгээс буюу нийтийн хамгаалалтын зарчимд тулгуурладаг байсан. Товчхондоо социалист хамтын нөхөрлөлийн орнууд нэгдсэн зэвсэгт хүчинтэй байж, бүх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сахин хамгаалдаг байж. Тэгвэл дэлхийн нийтэд социалист систем задран унаснаар энэ байдал үндсээрээ өөрчлөгдснийг манайхан бүгд л мэдэж байгаа. Нэг хэсэг цэрэг, арми хэрэгтэй, хэрэггүй гэж их маргалдсан л даа. Гэтэл “Өөрийнхөө цэргийг тэжээдэггүй улс, бусдын цэргийг тэжээдэг” гэсэн айхтар үг байдаг.

Тэгэхээр цэрэг, арми зайлшгүй чухал шаардлагатай, улс орны аюулгүй байдлын баталгаанаас гадна Монгол Улсыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх их том хүч, боломж бололцоо гэдэг нь өнгөрсөн 25 жилд тодорхой харагдлаа шүү дээ. Гэхдээ 1990 оноос хойш бол Монгол Улсын цэргийн номлол, бодлогын хувьд арай өөрчлөгдсөн. Хамгийн гол нь чадварлаг, цомхон, түргэн хугацаанд бэлэн байдалд орж, ямар ч байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлхэн байх армийн тухай ярьж, үйл ажиллагаа нь тэр зүгт тууштай явж байгаа. 

Тэр дагуу ч Монголын зэвсэгт хүчний 11 мянга гаруй офицер, дайчид Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд өнөөдөр ч маш амжилттай үүрэг гүйцэтгээд явж байна. Ер нь гадна, дотно явж байхад Монгол цэргүүдийн авхаалж самбаа, албаа нэр төртэй хаахын төлөөх сэтгэлийн зориг, тэвчээрийг шагшин магтаж байхыг олон удаа сонсож, тэднээрээ бахархаж явсан. Аль 2000 жилийн өмнөөс “Монгол цэрэг бол дэлхийн цэрэг” гэж яригдсаар ирсэн түүхтэй л дээ. 

Энэ сайхан түүхээ сүүлийн 12 жил жинхэнэ нэр төртэй хамгаалж яваа Монгол цэргүүдээрээ үнэхээр бахархахгүй байхын аргагүй юм. Яагаад энэ бүхнийг тоочиж яриад байна гэвэл өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Тийм ч учраас бид Олон улсын Энхийг дэмжих удаа дараагийн үйл ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн эмэгтэй офицеруудаа сая хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Зэвсэг, техникийн хувьд Израйлын арми шиг хүн цөөтэй, тэгсэн мөртлөө маш их хүчин чадал сайтай зэвсэглэх ч юм уу, Сингапурын армиын туршлага ч бас судлууштай санагдсан. Гэхдээ Монгол Улс энэ талаар онцлог ихтэй л дээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хоёрхон том хөрштэй учир энэ бүхнийг сайтар бодолцон цэргийн номлолдоо тусгаад явж байгаа. Армийн зэвсэг техникийн даруйхан шинэчлэх, сайжруулах шаардлага бол байгаа. 

-Та бид хоёрын яриа ч цэрэг арми гээд л явчихлаа даа? 

Монгол цэргийн баярын өдөр өөр юу ярих вэ дээ, тийм биз. Ингээд Монголын зэвсэгт хүчинд алба хааж байгаа болон албаа нэр төртэй хаасан нийт эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе ээ.