Р.Бурмаа сайд ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш нар ХААИС-ийн удирдлагуудтай уулзлаа
2015.03.18

Р.Бурмаа сайд ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хүнс хөдөө аж ахуйн  сайд Р.Бурмаа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш нар  ХААИС-ийн удирдлагуудтай уулзан, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгээр зочилж, эрдэмтдийн санал хүсэлтийг сонсон, тэдний  судалгааны ажлуудын үр дүнтэй танилцлаа.

Энэ жил  “Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль” гэсэн үндсэн зорилтыг тавиад,  зорилтынхоо  хүрээнд багш, оюутан, төгсөгчдийн оролцоог хангаж,  эрх  зүйн орчныг нэлээд сайн бүрдүүлсэн  хөтөлбөрийн шинэчлэлийг  хийгээд ажиллаж  байгаагаа ХААИС-ийн удирдлагууд  салбарын  сайддаа танилцуулсан юм.

Эрдэмтэн судлаачид ургамал судлал, газар  тариалан,  мал  аж  ахуйн чиглэлээр  хийгдсэн ажлуудаа  танилцуулаад, судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтрэх шатандаа хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн хана мөргөөд зогсдог бэрхшээлтэй. Гаднаас тендер нэрээр өндөр үнээр оруулж ирдэг эм, биобэлдмэл, оношлуур, үр бордоог дотооддоо хямд үнээр үйлдвэрлэх жор норм, технологи, үйлдвэрлэлийн судалгаа нь эрдэмтдийн ширээн  дээр  байдаг.

Гэвч оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтэрүүлэх систем сайн бүрдээгүйгээс эрдэмтэд судалгаагаа   хийх  биш мөнгө бодож, бизнесмений ажил хийхэд хүрдэг  тухайгаа ч учирлаж  байв. ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, дэд профессор Н.Баярсүх  “Манай хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрсөн хугацаанд эх орныхоо хөрсөнд дасан зохицсон 200 гаруй төрлийн үр сорт гаргаж авсан байдаг. Эдгээрийн 20-30 хувь нь улаан буудайн тариалалтанд ашиглагдаж байна.

Үүнээс гадна төмс, хүнсний ногооны үр сортыг нутагшуулж, ихэнх нь үйлдвэрлэлд тариалагддаг. Энэ мэтээр шинэ сорт гаргах, элит үр үйлдвэрлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, сэргээх шинэ технологийг боловсруулан тариаланчиддаа хүргэж байгаа. Одоо энэ үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдан цаашид хоёр зүйл дээр анхаараасай гэж хүсэж байна. Нэгдүгээрт, сорт сорилтын асуудалд анхаарах хэрэгтэй болсон. Өнгөрсөн нийгмийн үед улсын үрийн алба, сорт сорилтын алба энэ асуудлыг шийддэг байлаа. Үүнийг зах зээлийн нийгэмтэй уялдуулан зохицуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт бордооны асуудал. Хөрснөөс ямар шим тэжээлийг үр тарианы хамт авна түүнийгээ буцааж өгдөг байх хэрэгтэй. Бордоо гэхээр экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм шиг яриад байна. Эрдэмтдийн гаргасан технологийн дагуу бордоход ямар ч сөрөг нөлөө байхгүй юм”  хэмээн  саналаа  хэллээ.ХХАА-н Сайдын зөвлөл анхны хуралдаанаараа эрдэмтдээ урьж, саналыг нь сонсож   байсан бол энэ удаа судалгааны үр дүнтэй биечлэн танилцаж,  цаашид улам илүү хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Учир нь хэсэг бүлэг хүмүүсийн лоббигоор биш судалгаан дээр тулгуурласан эрдэмтэдийн санал төрийн бодлогод чухал гэдгийг тэрбээр онцолсон юм.