Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
Бэлчээр, мал аж ахуй
2015.03.18

Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг баталсан.

Уг хөтөлбөр нь Улаанбаатар хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэхэд орчны таатай уур амьсгал бүрдүүлэх, хөрс цаг уурын нөхцөлд тохирч ургах чадвартай тэжээлийн ургамлыг нутагшуулж, малчид, фермерүүдийн идэвхи оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх зорилготой. Хөтөлбөрийг Ногоон тэжээл үйлдвэрлэлд бэлчээрийн шинэ менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Малчид фермерүүдийн хоршоодыг байгуулах, Хөтөлбөр хэрэгжих газарт загвар аж ахуй болон сургалтын төвийг цогцоор байгуулж ажиллуулах, “Техник дундын үйлчилгээний төв”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотоос баруун хойш 70 км зайд орших Нарийны хөндий дахь Мухарын ам, нийслэлээс зүүн хойшоо 45 км зайд орших Улиастайн аман дахь Баянголын ам  гэсэн 2 байршилд хэрэгжих бөгөөд 2015-2020 он хүртэл үргэжлэх юм.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/190 дүгээр захирамж гаргаж, “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг зохион байгуулах Удирдах хороо болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус баталлаа.

Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.