Монголын генералуудын баярын өдөр тохиов
1944 оноос хойш Монгол Улсад 158 генерал цолтон төржээ
Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, 9 офицерт хошууч генерал цол олгожээ. Энэ өдрийг Монголын генералуудын өдөр болгон сүүлийн 10 гаруй жил ёслон тэмдэглэж ирлээ. 1944 оноос хойших 68 жилд 158 алтан мөрдэстэн буюу генерал цолтон төрөн гарсан байна. 2006 оноос дэлхий нийтийн жишгийг даган бригадын генерал цолыг олгодог болсон. Түүнчлэн генерал цолны зэрэглэлд өөрчлөлт оруулан бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолыг олгож байхаар болсон юм.
Мөн Монголын нийт генералуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол генерал” төв ТББ-ыг байгуулан ажиллаж байна. Энэ төвийг Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал С.Баасанхүү удирдан ажилладаг. Генералуудын баярын өдрийн арга хэмжээг хүчний байгууллагууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил энэ ажлыг ЗХЖШ хариуцаж байна. Генералуудын өдрийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд генералуудад хүндэтгэл үзүүлэв.
Маргааш генералууд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочлон Монгол цэргийн музейгээс гаргах “Монгол генерал” үзэсгэлэн, зэвсэг техникийн үзэсгэлэн, 032, 150, 084 дүгээр ангийн дайчдын жагсаал, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх ажиллагааны үзүүлбэр зэргийг үзнэ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга генералуудад шагнал гардуулна. Орой нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж генералуудад хүндэтгэл үзүүлэх юм.
Монголын 158 генерал цолтноос одоо 84 нь энх тунх байгаагийн зэрэгцээ 20 гаруй нь БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, Дотоодын цэрэгт удирдах албан тушаал хашиж байна. Мөн генералуудаас Улсын болон Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтон 10 гаруй төржээ. Бас хамгийн отгон генералаар ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү тодроод байна. Харин ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар 40 настай хамгийн залуу генералууд ажээ. Маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.