Армийнхан Говь-Алтай аймагт ажиллалаа
Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах уламжлалт арга хэмжээг энэ удаа Говь-Алтай, Завхан аймгуудад зохион байгууллаа.Төвөөс алслагдсан эдгээр аймгуудад энэхүү арга хэмжээг зохион байгуулсанд орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авсан юм. Арга хэмжээний хүрээнд БХИС, ЦДБЭЧ, ЗХКТГ, Батлан хамгаалахын Төв архив, Монгол цэргийн музей зэрэг БХЯ, ЗХЖШ-ын харьяа байгууллагууд орон нутгийн иргэдэд Батлан хамгаалах чиглэлийн сурталчилгаа, үйлчилгээ үзүүллээ.Тодруулбал, ЗХКТГ-ийн нарийн мэргэжлийн эмч нар Говь-Алтай, Завхан аймгийн төв болон Тайшир, Тосон цэнгэл, Цагаан чулуут зэрэг сумдад давхардсан тоогоор 2000 гаруй иргэнд эмчилгээ оношлогооны үйлчилгээ үзүүлснээс гадна зарим төрлийн мэс засал хийсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн юм.
Түүнчлэн цэргийн эрдэмтэд хүүхэд залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх лекцийг уншсан, Батлан хамгаалахын төв архив иргэдэд цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа гаргаж үйлчилсэн, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид дээрх сумдад тоглолтоо зохион байгуулсан, Зэвсэгт хүчний 123, 325, 150, 084 дүгээр анги болон ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийнхөн жагсаал, гардан тулааны үзүүлбэр, шүхэрчдийн буулт, үлээвэр хөгжмийн үзүүлэх тоглолт, зэвсэг техникийн болон Зэвсэгт хүчний түүхэн хөгжлийн талаарх үзэсгэлэн үзүүлж, Цэнхэр дуулгатнууд энхийн үйлсээ сурталчилж, гэрээт цэрэг элсүүлсэн гээд орон нутгийн иргэдийн сэтгэлийг хөндсөн олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Баатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, хошууч генерал Д.Мягмар, Н.Жалбажав, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал Я.Чойжамц болон дээрх аймгуудаас төрсөн зарим генералууд оролцсон юм. Сурталчилгааны бүрэлдэхүүн 2600 гаруй км цуваагаар марш үйлдэж, уг арга хэмжээгээ өндөр зохион байгуулалттайгаар явууллаа.