Умард Солонгос "ариун дайн"-ыг эхлүүлэх гэж байна
2012.04.25

Умард Солонгос "ариун дайн"-ыг эхлүүлэх гэж байна

 
  • "БНАСАУ-ын эсрэг суртал ухуулга явуулж байгаа консерватив хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч орно" гэдгийг амлаад байна.
  • Ийм мэдэгдэл гаргаж байгаад Сөүлд нэг их сүрдээд байсангүй. Гэхдээ Пхеньяны дайсагнасан мэдэгдэлд сэтгэл зовинож байгаагаа илэрхийллээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас өмнөд хөршийнхөө эсрэг "ариун дайн" эхлүүлнэ хэмээн амлахдаа Солонгосын хойг дээрх аливаа мөргөлдөөний төлөөх хариуцлагыг Сөүл үүрэх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Ингээд зогссонгүй бусад улс орнуудад ч анхааруулга өгчээ. "Хэрэв ямар нэгэн орон Солонгос үндэстний дотоодын хэрэгт холбоотныхоо үүргийг биелүүлж байна гэх нэрийдлээр хөндлөнгөөс оролцвол БНАСАУ-ын зүгээс цохилтод өртөх болно" гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд нь дурджээ.

 

Умард Солонгосын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд орсон байна. Одоо зөвхөн тушаал хүлээж байна гэдгээ тус яамныхан онцлоод "Өмнөд Солонгосын тэргүүн урвагч Ли Мен Бакийг цээрлүүлэх болно" гэжээ. Ийнхүү хатуу цээрлэлтэд Өмнөд Солонгосын холбоотнууд төдийгүй "БНАСАУ-ын эсрэг суртал ухуулга явуулж байгаа консерватив хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч орно" гэдгийг амлаад байна. Умард Солонгосын цэргийн хүчнийхний мэдэгдэж байгаачлан ингэж арга хэмжээ авахад ердөө гурваас дөрвөн минут л хангалттай гэнэ. Тэд "Өмнө нь огт хэрэглэж байгаагүй онцгой хэрэгслийг ашиглах болно" хэмээгээд чухам яг ямар арга хэмжээ авах талаараа тодруулсангүй. Умард Солонгосын мэдээллийн агентлаг "Ли Мен Бакийн бараа бологчдыг бүрмөсөн устгана" гэсэн сүрдүүлэг бүхий хэд хэдэн мэдээлэл урьд нь тараасан юм. Тус агентлаг БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений 100 жилийн ойг гутаан доромжилсон гэж үзэж байна.

 

"Манай хувьсгалт хүчнийхэн тусгай арга хэрэглэснээр дайснууд болон өдөөн хатгагчдыг гурваас дөрвөн минутын дотор үнсэн товрог болно. Магадгүй үүнээс ч түргэн байж болзошгүй" гэж Умард Солонгосын телевизийн хөтлөгч эмэгтэй дамжуулсан байна. Харин ийм утгатай зүйл ярьсны дараа тус улсын цэрэг бэлтгэл хийж байгаа дүрсийг харуулсан бөгөөд тэд жад ашиглан Өмнөд Солонгосын удирдагчдыг дүрсэлсэн сүрлэн боохойг хатгаж, буудаж байсан гэнэ.

Ийм мэдэгдэл гаргаж байгаад Сөүлд нэг их сүрдээд байсангүй. Гэхдээ Пхеньяны дайсагнасан мэдэгдэлд сэтгэл зовинож байгаагаа илэрхийллээ. Одоогийн байдлаар Умард Солонгост Ким Жен Уныг дэмжсэн цуглаан болж байгаа талаар “The Sydney Morning Herlad” сонинд бичсэн байна. Энэ цуглаанд оролцогсод Өмнөд Солонгосын урвагчдыг газрын хөрснөөс арчин хаяхыг" уриалж байгаа гэнэ.

 

Солонгосын хойг дээрх байдал хурцдахад Өмнөд Солонгосын удирдлагын хэд хэдэн мэдэгдэл нөлөөлсөн байна. Тэд Ким Ир Сений 100 жилийн ойн арга хэмжээг "мөнгө хоосон зарсан хэрэг" гээд энэ их мөнгөөр зургаан жилийн турш ард иргэдээ талхаар хангах боломжтой гэж шүүмжилж байлаа. Умард Солонгосын тал удирдагчийнхаа 100 жилийн ойг тэмдэглэхэд 350 сая ам.доллар зарцуулсан байгаа юм. Эдгээр мэдэгдэл нь Умард Солонгосын "Ынха-3" пуужинг амжилтгүй хөөргөсөн явдалтай давхацсанаараа онцлогтой юм. Үүний дараахан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ улам бoр чангатгах шийдвэр гаргасан билээ. Харин үүний хариуд АНУ-тай байгуулсан бүх л хэлэлцээрээ хүчингүй болгож цөмийн туршилтаа үргэлжлүүлэх болно гэж Умард Солонгосын тал мэдэгдээд байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.