"Эрдэнэс тавантолгой” 854 тэрбумын өртэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг сонслоо.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг тус компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн оны тавдугаар сард шалгалт хийсэн юм байна. Тухайн үед “Эрдэнэс тавантолгой” компани “Говь повер” компанид их хэмжээний мөнгө олгосон, ашиггүй ажиллаж байж “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь өндөр цалин авдаг гэхчлэн олон асуудал хөндөгдсөн тул УИХ ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулжээ.
Шалгалтаар “Говь повер” компанид 5.4 тэрбум төгрөг олгосон, мөн ТУЗ-ийн дарга нь 6 сая, ТУЗ-ийн гишүүн нь 1.8 сая төгрөгийн цалин авдаг нь тогтоогджээ.
Дээрх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Эрдэнэс монгол” компанийн захирал О.Сайнбуян, Үндэсний аудитын газрын дарга А.Зангад , “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Сайнбилэг нарын албаны хүмүүс оролцов.
“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийн тайлбараар бол “Говь повер” компанитай нүүрс тээвэрлэхээр 17 тэрбумын гэрээ байгуулсан юм байна. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, зардлаа бууруулах шаардлагатай болж, Хятадын талаас тавьсан саналын дагуу Цагаан хаданд нүүрс буулгахгүйгээр шууд ачилт хийдэг болжээ. Нүүрсээ урд хөрш рүү шууд тээвэрлэдэг болсноор тонн тутамд 5 долларын хэмнэлт хийж чадсан байна. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компани “Говь повер” компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ. Харин тус компани гэрээ цуцлагдсанаас болж 7.4 тэрбум төгрөгийн хохирол учирлаа, хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн байна.
“Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагууд хохирлоо Шүүхийн шийдвэрийн үнэлгээний хороогоор тогтоолгох ёстой гэсэн шаардлага тавьж, тус газраас “Говь повер”-т 5.4 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирсан гэсэн үнэлгээг гаргасан аж. Улмаар талууд маргаанаа таслуулахаар шүүхдэлцэхэд шийдвэр “Говь повер” компанийн талд гарч 5.4 тэрбум төгрөгийг шилжүүлэхээс аргагүй болсон гэнэ. Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр “Эрдэнэс тавантолгой” компанийн дансыг 2014 онд 4-5 удаа хааж, орлогыг нь хураасан юм байна.
“Эрдэнэс тавантолгой” хэчнээн хэмжээний өртэй вэ?
Шалгалтын дүнг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс тавантолгой” компани өнгөрсөн онуудад хэдий хэмжээний нүүрс экспортлов. Хятадын Чалько компаниас авсан урьдчилгаа 350 сая ам.долларын хэдийг нь өнөөдөр барагдуулсан. Бусад газраас авсан зээлийг оруулан тооцвол өнөөдөр хэдий хэмжээний өртэй байна вэ” гэсэн асуудлыг хөндөв.
“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь “Чалько” компаниас авсан 350 сая ам.доллараас 143 сая ам.долларын өр үлдсэн. Үүн дээр арилжааны банкуудаас авсан зээлийг оруулан тооцвол 400 орчим сая ам.долларын өртэй байна. 2014 оны хувьд “Эрдэнэс тавантолгой” компани нүүрсний экспортоор тэргүүлсэн. Нийт 5.7 сая тонн нүүрс олборлосон нь 2013 оныхоос олборлолт 280 дахин өсгөсөн үзүүлэлт. 2013 онд 2.1 сая тонн нүүрс экспортолсон. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан нь олборлолтыг нэмэгдүүллээ ч өр дарахад төдийлөн ахицтай урагшлуулахгүй байна” гэсэн тайлбар өглөө.
Мөн нүүрс аман дээрээ нэг тонн нь 31.6 ам.доллараар зарагддаг, 20 хэдэн ам.доллар болж буухад нь Хятадын талтай яриа хэлэлцээр хийснээр өсгөж, дээрх ханшид хүргэжээ.
Өртэй холбоотой асуудлаар Үндэсний аудитын газрын дарга А.Зангад мөн нэмэлт мэдээлэл өгсөн юм. Аудитын газраас тус компанид шалгалт хийхэд 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 854 тэрбумын өртэй байжээ.
Сарын 6 сая төгрөгийн цалин авсан ТУЗ-ийн дарга хэн бэ?
“Эрдэнэс тавантолгой” компани ашиггүй ажиллаж, өрөндөө баригдаж байхад “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь дарга сарын 6 сая төгрөг, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалин авсан нь гишүүдийн уурыг барж, хэн гэдэг албан тушаалтан энэ цалинг авав, нэрийг нь хэлээдэх гэсэнд холбогдох албаныхан тоймтой хариулт өгсөнгүй.
Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Сайнбилэг “Би 2013 оны есдүгээр сараас л тус компанийн ТУЗ-ийн дарга болсон. Гэхдээ цалин аваагүй байгаа. Ер нь авна” гэсэн хариулт өгсөн бол Төрийн өмчийн хорооныхон “Эрдэнэс тавантолгой” компанийн асуудал манайд хамаардаггүй гэв.
Эцэст нь УИХ-ын гишүүн А.Тлейхан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин авна гэж Засгийн газрын хуралдааны үеэр зөвлөмж гаргасан байтлаа түүнийгээ хэрэгжүүлэхгүй том толгойлдог нь ямар учиртай юм бэ” гэж бухимдсан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та нар дотор “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг нь хэлчих хүн алга уу” гэж лавлаж, эцэст нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн дээрх албыг хашиж байсан болохыг хэлүүлж авав.
Яагаад зургаан сая төгрөгийн цалин олгосон бэ гэсэн асуултад албаныхан ”Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой компанийн Монголын талын ТУЗ-ийн дарга, гишүүд өндөр цалин авдаг. Түүнтэй ойролцоо байх нь зүйтэй гэж үзсэнээр дээрх хэмжээний цалинг олгосон” гэсэн хариулт өгсөн юм.
Одоогийн байдлаар “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ийм бүрэлдэхүүнтэй ажилладаг аж.
Удирдлага:
1. ТУЗ-ийн дарга - Ч.Сайнбилэг /Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар - Дэд дарга/
2. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга - Д.Чулуунхүү
Гишүүд:
1.ТУЗ-н гишүүн - Б.Шинэбаатар /Эдийн Засгийн Хөгжлийн яам -Төрийн нарийн бичгийн дарга/
2.ТУЗ-н гишүүн - Б.Батзаяа /Зам Тээврийн яам -Төрийн нарийн бичгийн дарга/
3.ТУЗ-н гишүүн - Д.Батболд /Уул Уурхайн яам-Уул уурхайн газрын захирал/
4.ТУЗ-н гишүүн - Ж.Батболд /Байгаль Орчин , Ногоон Хөгжлийн яам -Төрийн нарийн бичгийн /дарга
5. ТУЗ-н гишүүн - Н.Энхтуяа /ЗГХЭГ Хууль эрх зүйн хэлтсийн дарга/
6.Хараат бус гишүүн - Д.Түмэнжаргал
7.Хараат бус гишүүн - Б.Бат-Эрдэнэ /Хасу-Эрчим”ХХК-ийн захирал/
8.Хараат бус гишүүн - Ч.Батсайхан
Эцэст нь энэ асуудлын хүрээнд байнгын хорооноос тогтоол гаргахаар болсон юм.