Х.Болорчулуун: Хориглосон бүсээс нь гаргахаар лоббидож эхэллээ
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.01.21

Х.Болорчулуун: Хориглосон бүсээс нь гаргахаар лоббидож эхэллээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Хүннүгийн үеийн түүх, соёлын хосгүй дурсгалыг хадгалж буй Ноён ууланд “Сентерра гоулд” компани 421, 372, 5082, 10810 нийт дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Тэд нийт 2300 га талбайгаас зөвхөн 421, 372 гэсэн ашиглалтын 303 га талбайдаа л олборлолт хийнэ гэж одоохондоо ярьж байгаа юм.

Харин нөгөө хоёр тусгай зөвшөөрлөө яах юм бэ гэдэгт тодорхой хариулт өгч чадахгүй байна. Энэ талаар газар дээр нь очиж танилцсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байр сууриа илэрхийлэв.

-“Сентерра гоулд”-ынхан 303 га талбайг л ашиглана гэж ярьдаг. Гэтэл Ноён уулын оройд 2300 га талбайд тусгай зөвшөөрөлтэй. Нэгэнт л эхэлбэл цаашид явна. Үүнийг хэн ч хориглож чадахгүй. Тэд том хашаа бариад зам дээр хаалт тавьчихсан. Үүнийг нутгийн ард иргэд төдийгүй монголчууд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ.

Урд нь Бороогийн уурхайгаас 56 мянган тонн алт авсан туршлагатай. Өнөөдөр энэ компани байгалийн нөхөн сэргээлтийг төгс хийгээгүй байна шүү дээ. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дэс дараатай үйл ажиллагаа явуулж байна. Алтны татвар өнгөрсөн хавар 10 хувиас 2.5-хан хувь болсон.

Ингэж дөрөв дахин бууруулах гэж энэ компаниуд маш их лоббидсон юм. Ингээд татваргүй шахам болгож байгаад дараа нь ашиглаж болохгүй хориглосон бүсээс нь гаргахаар лобби хийгээд явж байна. Ноён уулын ганцхан талд байгаа хэдхэн булш бунхан мэт ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй. Ноён уул тэр чигтээ хаад язгууртны ихсийн газар юм билээ.