Г.Баярсайхан: Төрийн эзэмших хувь чамлалттай
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.01.28

Г.Баярсайхан: Төрийн эзэмших хувь чамлалттай

“Ноён уулаа аваръя” хэмээх Чингисийн талбайд уржигдар болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан очиж байр сууриа илэрхийлсэн билээ.Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.

-Та Ноён уулыг аврах хөдөлгөөнийг дэмжиж байна уу?

Дан ганцхан алт олборлосноор эдийн засгийн хямралыг гэтлэнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Хамгийн гол нь төр засаг ухаалаг ажиллах хэрэгтэй. Саяхан л гэхэд бондын мөнгийг дуусаагүй барилгуудад хөрөнгө оруулахаар боллоо.

Нэг талдаа алт ухах гээд, нөгөө талдаа ач холбогдолгүй зүйлд мөнгө зарж буй төр засгийг би дэмжихгүй. Ноён уулын асуудлыг өргөн цар хүрээтэй харах учиртай. Зөвхөн 50 тонн алт гэж харж болохгүй.

2220 жилийн түүхтэй Монголын төрт ёсны түүхэн дурсгалууд бий. Түүх соёлын дурсгалт зүйлээ бид хамгаалах учиртай. Алт ухах гэж байгаа газраас хол бий гэж зарим гишүүн хэлдэг. Тэр бүс нутагт орд хамаардаг. Соёлын дурсгал тэнд байхгүйг хэн мэдээд байгаа юм бэ. Хаад ноёдын булш нь 5-6 давхар байшинтай тэмцэх хэмжээний гүнд бий гэдэг. Иймд бид түүх, соёлын зүйлдээ ултай суурьтай хандаж асуудлыг шийдмээр байна.

-Олон гишүүн өөр байр суурьтай байгаа. Хямралын үед эдийн засгийн эргэлтэд оруулъя гээд байгаа шүү дээ ?

Эдийн засгийн эргэлтэд оруулъя гэдгийг би огт эсэргүүцээгүй. Нөгөө талаар “Сентерра гоулд” ашиглаж, Монголын төр эзэмших хувийг би чамлаж байгаа. Мөн нөөц ашигласны төлбөр буюу роялти татвар ч бага. Иймд Монголын төрийн зэмших хувь, төрд төлөх татвар ч өндөр байх ёстой гэж үзэж байгаа.

-Гацууртын ордыг ашиглах тухайд та эсрэг байр суурьтай байгаа гэсэн үг үү?

-Энэ бол миний байр суурь. Намын, бүлгийн, УИХ-ын шийдвэр гэж байна байх. Би Чингэлтэйн ард түмнээс сонгогдохдоо түмнийхээ үгийг төрийн зүрхэнд хүргэнэ гэж амалсан.

Ийм чухал зүйл дээр сонгогчдынхоо, ард иргэдийнхээ байр суурийг төрд илэрхийлэхээс өөр арга байхгүй учраас жагсаал дээр очиж байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан улсад би хаана ч очиж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй