Н.Алгаа: Өрөмдлөгөөс болж Ноён уулын Хүннүгийн булш гэмтэнэ гэсэн яриа зүгээр л бүдүүлэг популизм
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.01.28

Н.Алгаа: Өрөмдлөгөөс болж Ноён уулын Хүннүгийн булш гэмтэнэ гэсэн яриа зүгээр л бүдүүлэг популизм

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Гацууртын ордын асуудлыг парламентаар хэлэлцээд эхлэнгүүт Ноён ууланд халдаж болохгүй, өрөмдлөг хийж бүр болохгүй гэж яриад эхэллээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

Ноён уулын соёлын өвтэй холбоотой яригдаж байгаа асуудал дээр археологичид хоёр хуваагдсан байна. Гэхдээ Ноён уулаа хамгаалах ёстой гэж яриад байгаа археологичдын хувьд олж авсан мэдээллийн эх үүсвэр, яг газар дээр нь очоогүй гэх мэт шалтгаан байх шиг анзаарагдсан. Эсрэг байр суурьтай археологичид, тэнд ажил хийсэн археологичид хамт суугаад хэлэлцүүлэг өрнүүлэхийг би харсан л даа.

Үндсэн орд хайж байсан өмнөх компаниас “Сентерра голд”-ыг хүртэл олон жилийн хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу яг тэр газарт нь археологийн судалгааг Археологийн хүрээлэнгээс хийсэн байдаг юм билээ. Эцэст нь одоогийн алт олборлоно гэж байгаа талбай дотор, археологийн судалгаа хийж болох гүнд ямар ч булш алга гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд Гацууртын орд Урт нэртэй хуулийн хязгаарт орж, ойн сангийн бүсэд багтсан учраас алт олборлохыг хориглоод байгаа. Урт нэртэй хууль гарахаас өмнө Гацууртын шороон ордыг “Гацуурт" ХХК гээд Монголын алтны шороон ордын олборлолт явуулдаг компани ашиглаж байсан. Тэр хэсэг нөхөн сэргээгдээгүй үлдсэн. Яг тэр хэсэг дээр Гацууртын үндсэн орд байгаа юм.

Шороон орд байдаг давхаргаасаа доошоо гэсэн үг. Тэгэхээр тэнд хамгаалалтын бүсэд орсон, нөхөн сэргээгдээгүй гэсэн асуудал бий. Хэрвээ Гацууртын үндсэн ордыг ашиглаж эхэлбэл олборлолт явуулах компаниар нь нөхөн сэргээлтийг нь гүйцээж хийлгэх боломж нээгдэх давуу талтай.

-Гэхдээ малталтын явцад ямар нэг зүйл илэрч магадгүй гэсэн таамаглаад байх шиг...?
Шороон орд байдаг давхаргаасаа доошоо гэсэн үг.

Олборлолт явуулах талбайн хувьд ямар ч асуудал байхгүй гэдгийг уул уурхайн компани биш археологичид хэлсэн болохоор итгэл үнэмшилтэй хандахаас аргагүй. Харин талбайн гадна талд булш олдворууд тэмдэглэгдсэн байдаг юм билээ. Үүнийг хамгаалах талаар ярьж байгаа. Хамгаална гэдэг зөвхөн хамгаалахын нэр биш л дээ. Нийтийн хүртээл болгох ёстой.

Байна гэж яриад байгаа хэрнээ юу байгааг нь мэддэггүй байдлаар олон жил явлаа. Өмнө нь олдсон зүйлийг оросууд аваад явчихсан шүү дээ. Тэр олдворууд өнөөдөр Монголд байхгүй. Тэгэхээр байгаа гээд зүгээр суугаад байх уу, уул уурхайн компаниудтай хамтарч малталт явуулж,олдворуудаа гаргаж ирж, ирээдүйд тэнд Хүннүгийн үеийн эд өлгийн музей байгуулах уу гэдгээ бодох хэрэгтэй.

Хотоос ойрхон, жуулчид очих боломжтой гэсэн том давуу тал бий. Гацууртын ордыг ашигласны дараа аялал жуулчлалын бүс болгох боломж бий. Байгаа гээд хүн ойртуулахгүй, хоосон хий хамгаалалт байж болохгүй л дээ.

-Гэхдээ археологийн малталтыг хийхэд цаг хугацаа шаарддаг гэж яриад байгаа шүү дээ?

Уянга гишүүн археологич хэдэн жил малтана гэж ярьж байна лээ. Заавал тэгэх шаардлагагүй. Зөв аргаар бол зургаан археологич багахан хугацаанд судалчих зүйл. Малтана гэдэг нарийн чимхлүүр ажил л даа. Одоогийн төсөөлж байгаагаараа, бага багаар малтвал хэзээ ч чадахгүй. Малтах мөнгө нь ч хэзээ олдох юм.

Мөнгө авчирдаг зүйл бол төсөл шүү дээ. Үүний оронд уул уурхайн төсөлтэй хамтарч, малталтаа зөв явуулж, тэр хэсгийг аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй. Дахин хэлэхэд Ноён ууланд байгаа эд өлгийн зүйлийг олж, сэргээн засварлаж нийтийн хүртээл болгох боломжтой.

-Цэвдэгтэй учраас өрөмдлөг тэсэлгээ хийж болохгүй. Хэрэв тэгвэл цэвдэг нь хайлаад булшны бүрэн бүтэн байдалд нөлөөлнө гэж яриад байгаа. Ноён уул цэвдэгтэй хэрэг үү?

Цэвдэг гэдэг ус намаг ихтэй, уулуудын хоорондох жалга хөндийгөөр байдаг. Уул нь гэхэд хадархаг байдаг. Гэтэл Гацууртын ордыг ашиглаж байхад цэвдэгтэй байсан бол мэдэгдэнэ. Цэвдэг нар тусдаггүй, ус намаг ихтэй газар л байдаг гэдгийг дунд ангийн газар зүйн номноос ч харчих боломжтой.

Уянга гишүүн археологич хэдэн жил малтана гэж ярьж байна лээ. Заавал тэгэх шаардлагагүй. 
-Өрөмдлөг эд өлгийн зүйлд доргилт өгч нөлөөлнө гэж нэг улстөрч ярьж байсан. Энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

Шороон ордоос доош байгаа хаданд нь өрөмдлөг тэсэлгээ хийнэ. Ингэж хийхээр Ноён уул доргихгүй. Эрдэнэт үйлдвэрийн карьер Эрдэнэт хотоос дөрвөн километрт байдаг. Долоо хоногт нэг удаа маш том тэсэлгээ хийдэг.

Тэглээ гээд Эрдэнэт хотын байшингууд нураагүй. Хүннүгийн үеийн булш, эд өлгийн зүйл гэмтэнэ гэдэг бол зүгээр л бүдүүлэг популизм. Булшийг тухайн үед өчнөөн гүнд, хад ухаж хийгээгүй байж таарна. Хадан дор, өрөмдөж тэсэлж байгаа тэсэлгээ тэр хавийн бүх газарт нөлөөлөхгүй. Цэвдэгтэй газар байлаа гэж бодоход тэнд нь очиж нөлөөлнө гэж байхгүй.

-Ер нь өрөмдлөг тэсэлгээ яаж явагддаг юм бэ, яг тэр орчиндоо нөлөөлнө гэсэн хязгаараар явагддаг уу, эсвэл яаж ч магадгүй гэсэн багцаагаар хийдэг юм уу?

Өрөмдлөг тэсэлгээ гэдэг чинь урлаг. Ямар хэлбэрээр өрөмдөх вэ, тэсрэлтийн хүч нь хаашаа байх вэ гэдгийг нарийн тооцож, паспорт зураг зохиож, тэсрэх бодисын хэмжээг тэрэндээ тохируулж хийдэг эд. Тэсэлгээний хүч явах газрыг тааруулж байгаад хийдэг болохоор ямар ч тооцоогүй хийнэ гэсэн ойлголт байхгүй.

Сүүлийн үед шинжлэх ухаанаас хол бүдүүлэг яриа их сонсогдоод байна л даа. Би нэг зүйлд их гайхаж байгаа. Энэ ордын асуудпыг ярихаар Ноён уулаа аваръя гэсэн тэс хөндлөн зүйл яриад байх юм. Эдийн засаг, нийгэмд өгөх үр ашиг талаас нь харж байгаа хүн ховор байна. Уг нь эхлээд ярих сэдэв бол үр өгөөж, үнэ цэнэ.

Эдийн засгийн хувьд энэ төсөл ашиглалтад орсноор жилд таван тонн алт олборлоно. Жилийн өмнө гурван тонн байлаа. 2013 онд Алт үйлдвэрлэгчдийн холбооны гишүүдийн хүчээр 12 тонн болголоо. Гацуурт нэмэгдвэл алтны хэмжээ жилд 17 тонн болно. Долоо, найман жил тогтвортой олборлоно гэж төсөл хэрэгжүүлэгчид нь тайлбарлаж байгаа. Тэр хэмжээгээр манай валют нэмэгдэнэ. Дараагийн нэг давуу тал нь Гацууртын ордыг Бороогийн баяжуулах үйлдвэр хүртэл тээвэрлэнэ. Тээврийн бизнес идэвхжинэ гэсэн үг. Тээврийн жолооч нар ажилтай болно.

Анхаарах нэг зүйл бий. Сайжруулсан сайн замаар, экологид нөлөөлөхгүйгээр л тээвэрлэлтийг нь хийх ёстой.

Анхаарах нэг зүйл бий. Сайжруулсан сайн замаар, экологид нөлөөлөхгүйгээр л тээвэрлэлтийг нь хийх ёстой. Өмнө нь “Бороо голд”-д ажиллаж байсан 500 хүн ажлаас халагдсан. Тэгвэл Гацуурт хөдөлж эхэлбэл чанартай 500 ажлын байр эргэж бий болно. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг дагаад үйлчилгээний бизнес хөгжиж тэлнэ. Тэд бас Монгол Улсад татвар төлнө.

Үржих эффект нь ийм учраас бүс нутагт нь эдийн засгийн дажгүй идэвхжил явагдана. Орон нутаг дагаад хөгжих бүрэн боломжтой. Зургаан жилийн турш хаасан мөнгөний цорго онгойх гээд байна шүү дээ. Түүнээс биш ганцхан татвараар хэмжих аргагүй. Гацууртад орох хөрөнгө оруулалтын ихэнх нь Монголд үлдэнэ.

Хөрөнгө оруулалтын хувьд шинэ уурхай шиг байхгүй гэсэн давуу тал бас бий. Баяжуулах үйлдвэр нь бэлэн байна. Зардалд явж байгаа хамгийн том багц нь ерөөсөө л Монголын бизнес. Хөрөнгө оруулалт багатай учраас ногдол ашиг хуваарилагдах хугацаа ойрхон. Засгийн газар ямар нэг хувь эзэмшлээ гэхэд ногдол ашиг авах хугацаа наана байна гэсэн үг. Том крант биш ч гэлээ маш олон талын ач холбогдолтой төсөл.

-Өмнө нь Ноён ууланд археологийн судалгаа багагүй хийгдсэн, эд өлгийн зүйлийг нь гадагшаа гаргасан гэж сонсогддог. Одоо яригдаж байгаа алт олборлох хэсгийн хувьд бүр өмнө нь олборлолт явагдаж байсан байх аа?

Бороо, Гацуурт хавь бол дээр үед шороон ордын олборлолт явагдаж байсан. Их Таширын уурхай гэж төрийн өмчтэй уурхай байсан юм. Сүүлд Сү.Батболд хувьчилж аваад ИхТашир дээр ажиллаж байсан. Сүүлдээ Чинбат ажилласан. Германуудын хайгуул хийж дууссан ордыг “Бороо гоулд” авсан юм. Сүүлд нь хайж байж үндсэн ордыг нь нэмж олсон.

Зургаан жилийн өмнө тайлан, нөөцөө батлуулсан орд байгаа юм. Ноён уулын хувьд Хүннүгийн соёл, өв талын хайгуул маш олон жилийн өмнө эхэлсэн байдаг. Оросууд судалгааг нь хийгээд хамгийн анх олдсон эд өлгийн зүйлийг нь Эрмитажид аваачаад тавьчихсан. Бидэнд эргэж ирдэггүй. Сүүлд уул уурхайн компани археологичидтай хамтарч судалгаа хийгээд Ноён ууланд одоо байгаа хиргисүүрүүдийг бүгдийг нь тоолсон юм билээ.

Хуулийн дагуу Археологийн хүрээлэнтэй хамтарсан байдаг юм. Гурав, дөрвөн археологич аваад тусгайлан судалгаа хийж байхгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Алт талаасаа ч тэр, Хүннүгийн үеийн өв, соёл талаасаа ч тэр эртнээс судлагдсан гэсэн үг.

Хамгийн марзан нь Гацууртын асуудал юу босгож тавьсан гэхээр бидний дунд маш задгай мэдээллүүд явдгийг харууллаа. Мэдээлэл авах гэж байгаа хүмүүс зөв газартаа очдоггүй юм байна. Компаниас нь, археологийн хүрээлэнгээс мэдээлэл авах ёстой байтал мэдээллээс хол нөхөд элдэв юм яриад яваад байна л даа.

-Гэхдээ учир мэдэх археологичид ч эсэргүүцээд байгаа...?

Археологчид эсрэг, тэсрэг юм яриад байгаагаас харахад хүрээлэн дотроо хоёр, гурав хуваагдсан байхыг үгүйсгэхгүй. Хэт их мэргэшсэн байна гэдэг нэг талаас дутагдалтай. Зах зээл, эдийн засаг, зохицуулалттай нь холбодоггүй. Байсан бол байх ёстой, гэмтээж болохгүй гэж сэтгэдэг. Яагаад тэрийг ил болгоод Эрмитаж руу явуулаад байна вэ.

Үнэ цэнд хүргэж, мөнгө олох гэж аваад явсан хэрэг. Малтаж гаргана гэдэг зардалтай ажил. Тэрийг нь уул уурхайн компанитай хамтраад, тэднээс мөнгө гаргуулаад хийчих асуудал л байгаа юм. Ашигт малтмалын хуулиар аж ахуйн нэгжүүдэд ийм судалгаа давхар хийгдэх ёстой гэдгийг үүрэг болгосон байдаг. Оюу толгой өрөмдлөг хийх явцдаа ийм тийм юм оллоо гэж мэдээлээд байгаа шүү дээ. Бүр тэнд нь музей байгуулсан.

Үүнийг л хүмүүс ойлгож өгөхгүй байх шиг. Апь аль талдаа боломжтой гарцыг хайна гэдэг дээр монголчууд маш их ажиллаж сурмаар байгаа юм. Мэдээллийн эх үүсвэрийг олон газраас авч, популизм хийхгүйгээр уулзаж ярилцдаг болмоор байна л даа.

50 тонн алттай соёлын өвийг зүйрлэшгүй гэж яриад байгаа. Зүйрлэшгүй үнэтэй юм хэзээ бий болох вэ гэдэг талаас нь харахад харьцангуй. Газар дор байгаа эд, өлгийн зүйлийг гаргаж ирж, хүмүүс үздэг, сонирхдог, судалдаг болж, дор хаяж жуулчид очиж үзэж байж л үнэ цэнтэй болно шүү дээ. Археологичид өнөөдөр зөвхөн устах нь л гэж айгаад байна.