Хариуцлагын механизмыг сонгуулийн хуулинд нарийн тусгах хэрэгтэй
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн
2014.12.22

Хариуцлагын механизмыг сонгуулийн хуулинд нарийн тусгах хэрэгтэй

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

- Хуульч, шүүгч хүний хувьд Сонгуулийн хуулийн шинэчлэлийн талаар Тантай ярилцах гэж байна.  Сонгуулийн тухай хууль, иргэдийн сонгуульд оролцох соёлын талаар ярилцлагаа эхэлъе.

Та бидний ярилцлага бараг энэ оны сүүлээр болж байгаа учраас юуны өмнө Танай сэтгүүлээр дамжуулан нийт уншигчдадаа ирж буй шинэ оны мэндийг хүргэе.

Бид бүгд ялгаагүй, ажиглаад байхад аливаа зүйлд өнгөрснийг үгүйсгэх байдлаар хандах хандлага нилээд байх шиг. Өнгөрсөн цаг хугацаа бүхэн улс үндэсний түүхийн нэг хэсэг, үүнийг яагаад ч үгүйсгэж чадахгүй. Ер нь өнгөрсөнд хүндэтгэлтэй хандахгүйгээр ирээдүйг төсөөлөхөд бэрх. Монголчууд маань аливаа шинэ зүйлд зүрхшээхээс илүү бэлэгшээж ханддаг ёс суртахуунтай ард түмэн. Тийм ч учраас шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд бид бүгдээрээ л чухам улс төрийн сонгууль гэж юу байдгийг, түүнд хэрхэн оролцдогийг, сонгох, сонгогдох эрхийн утга учир юунд оршдогийг, түүний мөн чанарыг ойлгохыг хичээсээр Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн нилээдгүй сонгуульд нийтээрээ оролцлоо.

1992 оноос хойш Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 3 удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 2 удаа, орон нутгийн сонгуулийн тухай хууль 2 удаа батлагдан мөрдөгдөж байна. Тухайн цаг үеийн нийгмийн байдал, иргэдийн ухамсар, улс төрийн намын төлөвшил, УИХ дахь нам, эвслийн олонхи, цөөнхийн харьцаа, улс төрийн нөхцөл байдал гээд л шууд болон шууд бус олон хүчин зүйлсээс шалтгаалан эдгээр хуульд алдаа, онооны аль аль нь байсан байх.

Алдсан ч, оносон ч эдгээр хуулиудын хүрээнд улс орноороо нэгэн цагт сонгуульд оролцож, төрийн эрхийг төлөөлөгчдөөрөө дамжуулан барих ардчилсан эрх зүйт төрийн үндсэн суурь зарчмыг төлөвшүүлсээр байгаа нь бидний хувьд томоохон амжилт.   

Тэгэхлээр сонгуулийн хуулийн шинэчлэлийн талаар ярихын өмнө одоогийн хууль тогтоомжийн зохицуулалт, түүний хэрэгжилтийг анхаарах нь зайлшгүй. Цаг хугацаа өнгөрөхөд нийгмийн амьдрал, байгаль дэлхий гээд л ер нь амьд бүхэн хувьсан өөрчлөгдөж байдагтай нэгэн адил сонгуулийн хууль мөн л энэ хүрдэнд хамтдаа эргэж байгаагийн хувьд өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Хууль харахад бичмэл хэдий ч амьд хэрэгжиж, нийгмийн өөрчлөлттэй хөл нийлэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг зүйл.

Одоо хүртэл шийдэгдээгүй 2012 оны орон нутгийн сонгуулийн маргаан бий.

Гэхдээ биологийн өөрчлөлт шиг цагийн эрхэнд өөрийгөө шинэчлэх боломжгүй нь мэдээж, гагцхүү түүнийг хууль тогтоогчдын торгон мэдрэмж, амьдралын дадлага туршлага, улс үндэстнээ гэсэн чин сэтгэл, төрийн түшээ хүний уужим ухаан, алсын хараа, хамгийн гол нь үндэсний язгуур эрх ашигт суурилж өөрчилж, шинэчилж байх хэрэгтэй. 

Би шүүгч хүний хувьд Тантай сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд шүүхээр шийдвэрлэгдэж буй энэ төрлийн маргааны талаар ярилцвал надад ч дөхөмтэй, уншигчдад ч арай сонирхолтой байж магад. Цаашдаа сонгуулийн хуулийг боловсронгуй болгоход шүүхийн маргаан шийдвэрлэлт, маргааны харъяалал, шийдвэрлэх хугацаа, эрх зүйн зохицуулалт өнөөгийн нөхцөл байдал нь хууль тогтоогчдын анхаарвал зохих асуудлын нэг болж таарна. 

- За тэгвэл ярилцлагын сэдвээ сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх харъяаллыг хууль тогтоомжуудад хэрхэн тусгаж өгсөн байдаг тал руу чиглүүлье?

Шүүхээр хянан шийдвэрлэх маргааны харъяаллыг тухайн процессын хуулиудад нарийвчлан заадаг. Жишээ нь УИХ-аас 2004 онд захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулсантай холбогдуулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг анх батлахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг тус шүүхийн маргаанд харъяалуулсан. Харин 2005 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр захиргааны хэргийн шүүхийн харъяаллаас гарсан.

Сонгуулийн ерөнхий хороо хуульд зааснаар ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүний ба ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй, иргэний сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргадаг байгууллага болохын хувьд шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн харъяалалд бус харин Үндсэн хуульд заасны дагуу Цэцийн харъяалалд байх учиртай гэж дүгнэснийг тухайн үеийн УИХ хүлээн авсан.

Гэхдээ УИХ-аас Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хорооноос гарах эрх зүйн акт, шийдвэрийг ялгаж зааглах байдлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломжтой байсан ч харамсалтай нь Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас бүхэлд нь хассанаар тус байгууллагын иргэний сонгох, сонгогдох эрхэд хамаарахаас бусад олон шийдвэр захиргааны хэргийн шүүхийн хяналтын гадна үлдсэн.  

2005 онд шинэчлэн найруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн талаарх маргааныг ерөнхий харъяаллаар иргэний шүүх шийдвэрлэж байхаар хуульчилсныг Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэсэн байдаг. Өдгөө мөрдөгдөж байгаа 2011 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад маргааны харъяалал мөн л энэ агуулгаар тусгагдсан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тухайд хууль тогтоомж зөрчсөн маргааныг Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэж байхаар зохицуулсан байдаг. Магадгүй Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл дээрх байдлаар ерөнхий харъяаллын шүүхээр хянуулах боломжтой. 

Товчхондоо УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад иргэний сонгох, сонгогдох эрхтэй холбогдож гарсан Сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг Үндсэн хуулийн цэц, бусад асуудлаар гарсан тус байгууллагын шийдвэрийг харъяаллын дагуу иргэний шүүх, харин орон нутгийн сонгуультай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байхаар хуульчилсан байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн хорооны шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байсан.

- Цэцэд харъяалуулснаас бусад сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг иргэний журмаар хянахаар байгаа нь хэр оновчтой зохицуулалт вэ. Миний ойлгосноор захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акттай холбоотой маргаан шийдвэрлэгддэг гэж сонсож байсан.

Шүүхийн маргааны харъяаллыг хэрхэн тогтоох нь УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхийн асуудал. Гэхдээ иргэний шүүхэд талууд нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж өгдөг байхад захиргааны хэргийн шүүхийн тухайд нотлох баримт цуглуулах үүргийг талуудын нэгэн адил шүүх гүйцэтгэдэг. Үндсэндээ нотлох баримт цуглуулах нь дагнасан шүүхийн үүрэг.

Аль ч шүүх талуудын мэтгэлцээн, хэрэгт авсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг. Таны хэлсэнчлэн Сонгуулийн ерөнхий хороо захиргааны байгууллага, ингээд бодохоор харьцангуй тэгш бус субъектүүдын хооронд үүссэн маргааныг аль шүүхэд харъяалуулах нь илүү оновчтой вэ гэдгийг олон талаас нь бодож үзэх л хэрэгтэй.

- Та захиргааны хэргийн шүүгчийн хувьд орон нутгийн сонгуулийн холбоотой маргааныг шийдвэрлэх онцлог, бэрхшээлийн талаар яривал?

Ер нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргаан бүхэн бэрхшээлтэй. Өөр хоорондоо учраа ололцож чадахаа байсан тэр л үедээ шүүхэд ханддаг шүү дээ. Тэгэхээр ийм маргаан бэрхшээлгүй, адармаагүй, амар хялбар байна гэдэг юу л бол.

Захиргааны хэргийн шүүхийн хувьд орон нутгийн сонгуультай холбоотой тухайлбал, 2012 оны сонгуулийн үр дүнг эс зөвшөөрсөн нилээдгүй маргааныг шийдвэрлэсэн, зарим нь одоо ч үргэлжилсээр байна. Он дуусч шинэ он гарах баярт мөчид бэрхшээл тоочихоосоо илүү билэгдлийг бодож онцлог талаас ярилцая. Миний анзаарснаар сонгуультай холбоотой асуудал бусад маргааны нэгэн адил талуудын хоорондын маргаан мэт харагдавч гарч буй шийдвэр үр дагаврын хувьд маш их онцлогтой.

Ялалтын нэгэн адил ялагдлаа ч бас хүлээн зөвшөөрч сурмаар байна.

Сонгуулийн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр зарим тохиолдолд олонхи, цөөнхийн харьцаанд, зарим  тохиолдолд сонгогчдын санал, саналын хувьд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл шүүхээр хянагдаж байгаа тухайн сонгуулийн тойргийн хорооны шийдвэр сонгогчийн төдийгүй сонгогдогчын эрх ашгийг хөндсөн байдаг тул маргааны шийдвэрлэлт хүссэн ч эс хүссэн ч эцсийн дүндээ иргэдийн сонголтод, мөн нэр дэвшигчдэд ямар нэг байдлаар нөлөөлөх нь мэдээж.

- Та сая одоо хүртэл шийдвэрлэгдээгүй маргаан байгаа гэлээ. Сонгуулийн маргааны шийдэгдэхгүй удаад байгаагын шалтгаан нь юундаа байна вэ, Хуулиндаа байна уу, шийдэж байгаа шүүгчдээ байна уу? Эсхүл өөр шалтгаан байна уу?

Тийм ээ, 2012 оны аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгууль мөн оны 11 дүгээр сарын 20-нд болсон санагдаж байна. Нийслэлийн зарим дүүрэгт энэ сонгуулийн дүнгийн талаарх маргаан одоо хүртэл үргэлжилж байгаа нь үнэн. Үндсэндээ дараагийн орон нутгийн сонгууль болоход хоёр жил хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад шүүхийн маргаан нь дуусаагүй л байна. Цаашид хэр удаан үргэлжлэхийг ч  тааж хэлэх боломжгүй. Маргаан чухам яагаад ингэж удаан үргэлжлээд байгааг тайлбарлахыг хичээе.

Шүүхийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг тухайлсан шүүгчээс хамаарал багатай, тус тусын хуулиар тогтоосон нарийвчилсан зохицуулалтаар явагддаг процесс. Өөрөөр хэлбэл хэрэг үүсэхээс эхлээд хэрэг шийдэж дуусах хүртэлх бүх үе шатыг хугацааны хувьд тодорхой заасан байдаг. Тэгэхээр сонгуулийн маргаан шийдвэрлэгдэхгүй удааширч байгаагийн шалтгаан шүүгчээс, шүүгчийн ур чадвараас төдийлөн хамааралгүй.

Харин УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийн хуулиудад сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд тухайн маргааны онцлог байдлыг харгалзан түргэн, шуурхай шийдвэрлэнэ гэж заасан. Гэвч хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй энэхүү зохицуулалт нь үүний нэг шалтгаан гэж хэлж болно. Эрх зүйн зохицуулалт талаас авч үзэхэд жишээ нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх тухай маргааныг санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн харъяалах захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Үүнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн маргах гэж буй захиргааны актыг мэдсэнээс, эсхүл эрх нь зөрчигдсөнөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэсэн ерөнхий зохицуулалттай харьцуулахад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг бараг нэг дахин багасгасан мэт харагдавч үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн нэхэмжлэл гаргах эрхийг хугацаагаар хязгаарласан зохицуулалт болохоос бус тухайн маргааныг шүүхээс ямар хугацаанд шийдвэрлэж дуусгах талаарх нарийвчилсан зохицуулалт орон нутгийн сонгуулийн тухай хууль төдийгүй сонгуулийн бусад хуульд ч байдаггүй.

Үндсэндээ сонгууль явагдсанаас хойш хуульд заасан 14 хоногийн дотор багтаад шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байхад цааших хугацаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаагаар зохицуулагдаад явахаар байгаа. 

Аливаа сонгууль улс орон даяар нэгэн зэрэг эхэлж, товлосон цагт дуусгавар болдог нийтлэг зүй тогтлын талаар Цэцийн 2006 оны дүгнэлтэд тодорхой дүгнэсэн байдаг. Онолын шүүх болохын хувьд энэ дүгнэлтийг харгалзаж үзсэн байхыг үгүйсгэхгүй, ямартай ч УИХ-аас батлагдсан хуулиудад сонгуулийн маргааныг аль болох хурдан шийдвэрлэх агуулгатай зохицуулалт тусгагдсан байдаг ч үүнийгээ хэрэгжүүлэх процессийг нарийвчлан зааж өгөөгүй нь үүний гол шалтгаан.

- Та хэрэг хянан шийдвэрлэх процессийн хугацааны талаар арай тодорхой тайлбарлаач.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар тухайн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсэх эсэхийг 7 хоногийн дотор шийдвэрлэнэ, хуулиар тусгайлан хугацаа тогтоогоогүй бол үүсгэснээс хойш 60 хоногийн дотор маргааныг шийднэ, магадгүй нэмэлт баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор, дахин 15 хоногоор сунгаж, үндсэндээ нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 112 хоногийн дотор шүүх хуралдааныг товлох ёстой. Гэвч өмгөөлөгч авах, нотлох баримтын бүрдэл дутуу байх, шүүх хуралдааны ирц бүрдээгүй байх, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, зарим тохиолдолд шүүгчийг, шүүх бүрэлдэхүүнийг татгалзах гэх мэтчилэн олон үндэслэл, шалтгаанаар товлосон шүүх хуралдаан удаа дараа хойшлогдох  болдог. 

Тэгэхээр орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зохицуулалт дутмагаас байгаагаас шалтгаалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд заасан нэгэн цагт эхэлж, нэгэн цагт дуусах ёстой сонгуулийн зүй тогтол хэрэгжихгүйд хүрээд байна.

Өмнөх асуултын үргэлжлэл болгож хэлэхэд, сонгуулийн маргаан шийдвэрлэгдэхгүй удаад байгаагийн бас нэг шалтгаан нь сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчдийн эрх зүйн ухамсартай холбоотой. Товчхондоо хариуцлага хүлээх иргэний зориг. Сонгуульд өөрийн ялалтаа хүлээн зөвшөөрдгийн нэгэн адил ялагдлаа ч хүлээн зөвшөөрч чаддаг байх улс төрийн соёл. Аль ч сонгуульд энэ байдал үгүйлэгддэг бололтой.

Нэг талаас ялагдлаа хүлээн зөвшөөрөх зориггүй, шударга өрсөлдөж чадахгүй, нөгөө талаас сонгуулийг зохион байгуулж байгаа байгууллага, албан тушаалтнуудын хууль бус ажиллагаанаас, зарим тохиолдолд сонгогчдын өөрсдийн хариуцлагагүй үйлдэл нь сонгуулийн маргаан үүсэх хөрс суурийг бий болгож байна.

Цөөн тохиолдолд шүүхээс гарах шийдвэрээс илүү маргааныг шүүхийн шатанд ямар нэг байдлаар удаах сонирхол ч байдаг бололтой. Харамсалтай нь энэ бүхний бурууг маргалдагч талуудад бус харин тухайн шүүхэд, шүүгчдэд тохох хандлага гардаг нь нууц биш. Заримдаа ч маргаан хянан шийдвэрлэх шүүхийн чиг үүргийг нохойд барьдаг модтой адилтгаж ойлгодог  цөөн хэсэг бүлэг байх шиг. 

- Одоо мөрдөгдөж буй Сонгуулийн хуулиудыг харахад чухам ямар зүйл дээр хангалттай зохицуулалт хийж чадахгүй байна гэж та бодож байна вэ?

Аль ч сонгуулийн хуулиар тухайн сонгуулийн зарчим, хэлбэр, журам, сонгууль зохион байгуулах, сонгуульд хэрхэн оролцох, хэрхэн нэр дэвших гэх мэт сонгуультай холбоотой бүхий л харилцааг зохицуулсан байдаг.

Гэвч сонгуулийн шат шатанд хариуцлагын механизм тэр бүр тодорхой тусгагдаагүй мэт санагддаг. Тусгагдаагүй болоод ч тэр үү чухам ямар сонирхолтой нь мэдэгдэхгүй сонгуулийн маргаан удаан үргэлжлэх нь бий. Сонгогдогчын эрх зөрчигдлөө гээд байгаа юм уу, эсвэл сонгогчоо төлөөлөх эрх зөрчигдлөө гээд байгаа юм уу, магадгүй цаана нь улс төрийн өөр учир шалтгаан байна уу гэдэг нь ч үл ойлгогдохуйц маргаанууд мэр сэр гардаг. Ер нь сонгуулийн маргаан заримдаа таамаглашгүй үр дагаврыг бий болгодог.

- Та бидний ярилцлага ерөнхийдөө дуусах гэж байна. Ярианы эхэнд гарсан сонгуулийн хуулийн шинэчлэлийн талаар, мөн энэ төрлийн маргааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар саналаа хуваалцах уу.

Зарчмын гэх юм уу даа. Сонгуулийн ч бай, бусад хууль тогтоомж ч бай нэгэнт батлагдсан бол түүнийг хэнбугай ч бай дагаж мөрддөг байх, зөрчсөн тохиолдолд  хариуцлага тооцдог, тооцож чаддаг механизмыг бүрдүүлэх нь чухал гэж бодож байна. 

Сонгуульд иргэдийн төлөөлөл болж, өөрийн боловсруулсан мөрийн хөтөлбөрөө төрийн бодлогын нэг хэсэг болгох гэж, сонгогчдын итгэлийг хүлээж, тэдний саналаар гарч ирж ирсэн сонгогдогч юуны өмнө батлагдсан хууль тогтоомжийг дагаж мөрддөг, хариуцлага хүлээж чаддаг ухамсартай байх ёстой.

Тиймээс хариуцлагын механизмыг сонгуулийн хуульд нарийвчлан тусгах хэрэгтэй. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдэрлэх гэсэн зохицуулалт бий. Сонгуулийн дүнг буруу нэгтгэх, саналын хайрцгыг авч зугатаах, саналын хуудсыг буруу тоолох зэрэг сонгуулийн дүнд нөлөөлж болохуйц зөрчил өнгөрсөн сонгууль болгонд гарсан талаар тухайн үед нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаад л замхардаг. Үнэндээ тэрхүү хууль зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулсан эсэх нь бүү мэд. Хариуцлага бодитой биш байгаагийн л илрэл шүү дээ.

Сонгуулийн маргаантай холбогдуулан цаашид энэ төрлийн маргаан шийдвэрлэх хугацааг холбогдох хуульд тодорхой зааж өгөх, хэргийн харъяаллын хувьд заавал анхан шатаар хянахгүйгээр шууд давж заалдах болон хяналтын шатаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг бий болгох нь сонгуулийн маргаан аль болох түргэн шуурхай шүүхээр шийдвэрлэгддэг болох эрх зүйн  чухал ач холбогдолтой.

Ярианы төгсгөлд, бид олон зуун жилийн төрт ёсны бахдам түүхтэй гэж ярих дуртай. Гэтэл бидний өвөг дээдэс төрийн хүн наад зах нь биеэрээ бусдыгаа үлгэрлэдэг байх учиртайг сургасан байдаг. Жишээ нь “Эцэвч элгээ бүү тэвэр, шантравч шанаагаа бүү тул, гансравч гараа бүү салаавчил” гэдэг биеэ авч явах наад захын ёс зүй.

Өвөг, дээдсээс уламжилж ирсэн тэр л нандин ёс зүй сонгуулийн маргааны нэхэмжлэгчийн дийлэнх болох нэр дэвшигчид, цаашдаа төрийн түшээ болох эрхмүүдэд бүгдэд хамаарч байхыг юу юунаас илүү ойлгох учиртай.  

Ярилцсанд баярлалаа. Таньд ажлын амжилт хүсье.