Д.Оюунхорол: Аливаад арга билгийн ухаанаар хандах нь чухал
Энэ удаагийн УИХ өмнөхөөс хавьгүй олон эмэгтэй гишүүнтэй болсон. Үр дүн гарч байгаа болов уу?
Өмнө нь гурав байсан УИХ дахь эмэгтэй гишүүд энэ удаад ес, удахгүй 10, цаашлаад 11 ч болж магадгүй байгаа. Шинэ УИХ ажлаа эхэлсэн 100 гаруй хоногийн хугацаанд төрийн түшээ эмэгтэйчүүд нийгмийн амьдралд хэрэгтэй, олон түмэнд тустай олон хуулийн төсөл боловсруулсан. Тухайлбал, эмэгтэй гишүүдийн санаачилгаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдлээ, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох асуудал нэг шатаар ахилаа. Боловсролын салбарын багш, ажилчдад нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр эмэгтэй гишүүдийн хүчээр хэвээр үлдэж чадсан. Түүнчлэн эх, нялхасын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд том дэвшил болсон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гээд тоочоод байвал олон зүйл байна. Нийгмийн аюулгүй орчин, хүний сайн сайхны төлөө эмэгтэйчүүд санаа нэгдэн ажиллаж байгааг олон нийт талархан хүлээж авч байгаа нь ч мэдрэгдэж байна.
Удахгүй орон нутгийн сонгууль болно. Өнгө нь ямар байхыг бүгд л өөр өөрийнхөөрөө таамаглаж байна. Таны хувьд ямраар харж байна вэ?
Орон нутгийн сонгуулийн өнгө хурц тод байна байхаа. Нутаг орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудал нь онцлог нөхцлөөсөө хамаарч янз бүр, шийдвэрлэх гарц нь ч өөр өөр учраас нэг их улс төржүүлэх гээд байх хэрэггүй болов уу. Энэ удаагийн сонгуульд тухайн аймаг, сум, дүүргийнхээ их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө амалсанаа ажил хэрэг болгож, хэлснээ хийж бүтээдэг ажил хэрэгч, нийгэмд танигдсан олон хүмүүс нэр дэвшиж байгаа. Гуч гаруй хувь нь боловсрол мэдлэгтэй олон сайхан эмэгтэйчүүд байна. Мэдээж хүүхнүүд маань улс төрийн тэмцэлд орж байгаа учраас амьдралд ойр байдаг бүхий л асуудлаа шийдэхэд эмэгтэйчүүдийн нүдээр, эмэгтэйчүүдийн хэлээр сонгогчдынхоо санаа бодлыг ойлгож, тэднийхээ төлөө мэдрэмжтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. 2013 оноос хэрэгжих төсвийн тухай хуулиар төсвийн болон шийдвэр гаргах эрх мэдэл орон нутагт шилжиж байгаа учраас эмэгтэйчүүдийн оролцоо хяналт маш чухал байгаа юм. Эмэгтэйчүүдийн соргог торгон мэдрэмж, ажлын дадлага туршлага, хариуцсан ажлынхаа төлөөх үнэнч сэтгэл, шударга зан чанар нь өрх гэр бүл, нийгмийн хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байна. Нийгмийн хандлага ч ийм байна шүү дээ.
Ид өвлийн хүйтэнд монголчууд сонгууль явуулж байсан туршлагагүй. Та хөдөө орон нутгаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд зовлонг нь илүү сайн мэдэх байх.
Тиймээ. Сонгуулийн цаг хугацааны асуудлаар Чуулганы үеэр олон гишүүд санал бодлоо илэрхийлж байсан. Манай орны өвлийн цаг агаарын нөхцөл байдал маш хүнд, баруун бүс нутаг гэхэд л даваа гүвээ өндөр,бартаа саад ихтэй. Зам халтиргаатай. Малчид маань сум, багаасаа алс уулын ам бүрт ганц нэгээрээ өвөлжөөлсөн, сургуулийн бага насны хүүхдээ дагаад гэр бүлийн хүн нь сумын төв дээр байгаа, зарим нь отор нүүдэл хийж өөр аймгийн нутагт амьдарч байгаа учраас сонгуулийн ирцийн асуудал хүндхэн байж болзошгүй. Нэгэнт сонгууль зохион байгуулах ажил төрийн ажил учраас орон нутгийн удирдлагууд гарч болох эрсдэлийг тооцож холбогдох арга хэмжээг авна биздээ.
Улс төр маань дээрээ хөлөө олохгүй болохоор дороо гүйдлээ олохгүй энэ цаг үед иргэд өөрсдийн төлөөллөө сонгож байгаа нь энэ сонгуулийн нэг онцлог юм шиг. Тиймээс төрд хяналт тогтоох хүсэл эрмэлзлээр иргэд сонголтоо хийх болов уу?
Бодох л асуудал. Ард иргэдийн маань амьдрал л дээшилж байвал ялсан, ялагдсан, энэ тэр гэж намчирхах шаардлагагүй ажлаа хийх ёстой. Улс төрийн нам улс төрийн бодлого явуулдаг учраас МАН, АН хоёрын тухайд санал бодол зөрүүтэй олон асуудал байлгүй яахав . Ард түмэн биднээс эв нэгдэлтэй хамтын хүчээр улс эх орныхоо хөгжлийг урагшлуулахыг хүсч байгаа. Улс төрчид бид харилцан ойлголцож, зөвшилцөн бурууд хатуу, зөвд зөөлөн хандаж ажиллах ёстой. Олон түмнийхээ төлөө тайван сайхан ажиллаж, амьдрах эрх зүйн орчин нөхцлийг нь зөв бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Засгийн газар өнгөрснийг шүүлгүйгээр урагшаа харж, шударга зарчмаар ажиллах байлгүй дээ. Төрийн албаны тогтолцоо, боловсон хүчний аль ч түвшний томилгоонд ихээхэн гажуудал байгаад харамсдаг. Төрийн албаны стандартыг бий болгож, төрд мэргэшсэн чадварлаг, оюунлаг хүмүүс нь ажиллаасай даа.
УИХ –д МАН-ын бүлгийг байгуулахгүй байсаар орон нутгийн сонгуультай ч золгож, төсвөө ч батлах нь шиг байна. Өөрөө дангаар шийдвэрлэж хяналтгүй болчих вий гэж иргэд харж байна. Таныхаар?
Дэлхий ертөнц гэдэг арга билгийн тэнцвэр байдаг. Төрийн ажлыг төдийгүй хувь хүн ч аливаа шийдвэр гаргахдаа арга билгийн ухаанаар ханддаг даа. Бидний амьдран буй байгаль, дэлхий ертөнц ч өмнөхөөсөө илүү хайр энэрэл, эв эерэлийг хүсэмжилж байгаа энэ цаг үед улс төрчид ч ялан дийлэх гэхээсээ илүүтэй ирээдүйдээ итгэлтэй, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, эв нэгдэлтэй байж чадваас Монголчуудын амьдрал өөдрөг байж улс эх орон минь хөгжинө. Ард түмэн маань үүнийг л хүсч, аль нэг нам эвслийг үнэмлэхүй олон болгосонгүй. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг ард иргэд маань тунгаан хэлэлцэж, өөр өөрсдийнхөө дүнг өдөр бүр тавьцгааж байгаа. Улс төрч бидний хийж байгаа ажил, үйл ажиллагаа маань ард түмний нүдэн дээр ил явагддаг учраас улс төрийн соёлыг чухалчлах хэрэгтэй.
Олонхи болсон ч, цөөнх байлаа ч бид ард түмний сайн сайхан амьдралын төлөө ажиллах л ёстой.
Бид УИХ-д олонхи болж чадаагүй ч ард түмнийхээ 40 гаруй хувийн саналыг авсаны хувьд мянга мянган иргэд сонгогчдынхоо санал, үнэт зүйлийг хүндэтгэн, хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, төрийн ажлыг төвшин, тогтвортой байлгах үүрэгтэй. Аливаа хууль хэрэгжиж иргэдийн амьдралд эерэгээр тусах нь хамгийн чухал байдаг.Миний хувьд улс төрд хатуурхах гэдэг ойлголтоос аль болох хол байж, ойлголцож, зөвшилцөх замаар улс төр яваасай гэж боддог. Улс төрчид бид бусдыг сонсох чадвартай байхыг эрхэмлэдэг дээ.
Ардаараа овоглосон ардын нам ялагдсан шокноосоо гарахгүй байна ч гэдгийм үү нэг иймэрхүү мессеж нийгэмд нэлээд тархсан. Намын дотоод ардчилал, шинэчлэлийн талаар?
Аливаа асуудалд нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж ярьдаг зүйл бол амьдралд байдаг. Эрсдэлгүй, ялагдалгүй юм гэж алба амины ажилд ховор доо. Олон түмнийхээ итгэл, найдварыг биелүүлэхийн төлөө, манай нам орон нутгийн сонгуульд өөрийн боломж, бололцоог дайчлахын төлөө, шинэ тэмүүлэл, шинэ эрч хүч, шинэ урам зоригоор эрчлэгдэн ажиллаж байна. Тэмцэж ч байна. Түүх, уламжлал, ахмад, дунд, залуу үеийхээ холбоосоо зангидаад л явж байна. Намын удирдлага зарчимч шударга байж энэ цаг үеийн амаргүй үүргээ шинэ арга барил, шинэ өнгө аясаар аваад явж байна. Намын гишүүд дэмжигчид маань ч итгэл сэтгэлээрэээ үнэтэй сургамж зөвлөгөөгөө харамгүй өгч байгаа учраас тэднийхээ санаачлага оролцоонд түшиглэж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх байхаа.
Орон нутгийн сонгуулиар МАН ямар үр дүн үзүүлэх бол. Улс төрч хүний хувьд хэлнэ үү?
УИХ болон нийслэлийн сонгуульд МАН амжилт муутай оролцсоны дараахан улс төрийн амаргүй цаг үед нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ээлжит сонгуулийн улс төрийн том өрсөлдөөнд ороход хэдхэн хоног үлдлээ. Энэ удаагийн сонгууль хууль эрх зүйн шинэ орчинд болж байгаагаараа онцлог юм. Аливаа сонгуулийн өрсөлдөөнд ялна л гэж ордог. Гэхдээ ялалт гэхээсээ илүүтэй хариуцлага гэдгийг ойлгох ёстой. Аймаг, сум, орон нутгаа хөгжүүлэхэд сонгогчид маань хэнийг сонгож, хэнд итгэл хариуцлага хүлээлгэхээ нэг их заалгаад байдаггүй ээ. Тэдний өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх гарц нь орон нутгийн онцлог нөхцлөөс хамаарч өөр өөр. Түүнийг орон нутгийн хэмжээндээ шийдэх учраас нэг их улс төржүүлэх гээд байх хэрэггүй болов уу гэж боддог .Төрийн ажлыг аль ч шатанд иргэдийнхээ төлөө хариуцлагатай ажиллаж чадах хүнээ зөв олж сонгох нь чухал гэж бодож байна.
Улс төрийн намууд түүгээр ч зогсохгүй төрийн албыг талцуулах явдал ихэслээ. Ийм түүх давтагдаад байх уу?
Түүхийг цаг үе нь бүтээдэг болохоор хялбарчлан тайлбарлаж болохгүй байх. Сүүлийн хорин жилд Монголын нийгэмд эдийн засаг, эрх чөлөөний маш их өөрчлөлт гарч байгаа. Монголчуудын хөгжлийн түүхийг үнэн зөв ярих, олон ургальч байр суурьнаас хандах хүмүүс олон бий. Мэдээж хүн бүр өнгөрсөн түүхийг өөр өөрийн үнэлэлт дүгнэлт, бодол ойлголттой явдаг л даа. Миний хувьд өнгөрснийг шүүмжлэх, үгүйсгэх дургүй. Сүүлийн үед нийгмийн задрал тодорхой хэмжээгээр явагдаж байна. Нийгэмд талцах, хуваагдах, бие биенээ хардаж сэрдэх, үгүйсгэх, үл хүлээн зөвшөөрөх байдал хэт давамгайлж байгаагаас нийгмийн харилцаа, ойлголцлын асуудалд бэршээл үүсч байх шиг санагддаг.
Ард түмний сайн сайхан амьдралыг бий болгоход улс төрчид эв эетэй ойлголцон зөвшилцөж жинхэнэ соёлтой улс төр хийх ёстой. Ер нь аль ч шатандаа үүрэгт ажлаа сэтгэлээсээ хийдэг хүн нь цөөн, хариуцлагаа хүлээх нь бага болсон юм шиг санагддаг. Төрийн мэргэшсэн албан хаагчдыг дүрэм журамгүйгээр ажлаас нь халж солин, улс төржүүлсэн байдал бий болгож, буруу жижиг тогтоох нь алсдаа сөрөг үр дагавартай. Нам намаараа хуваагдаад хэт их улс төржвөл бидний үндэстний эв нэгдэл цул байх нь алдагдаж, улс төрийн томоохон гүрний тоглоом болох вий, хоёр том гүрний дунд амьдарч байгаагаа бид хэзээч мартах ёсгүй.
Ирэх оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байна. Иргэдийн амьжиргааг баталгаажуулах асуудал хэр тусгагдав. Хүний хөгжил, нийгмийн асуудал, амьдралын баталгаанд илүү анхаардаг төрийн түшээ болохоор танаас асуумаар санагдлаа?
Улсын маань эдийн засаг өсөн тэлж байгаа ч тухайн өрх гэр бүлд очих үр өгөөж нь хангалтгүй байна. Ажилгүйдэл, ядуурал буурч чадахгүй байна. Ямар ч Засгийн газрын үед ядуурлыг бууруулах тухай ярьдаг ч үр дүн гарахгүй байгаа нь үнэн учраас арга замаа зөв тодорхойлох ёстой. Өрх гэр бүл, нийгмийн шийдэх амин чухал асуудлын нэг нь ажилгүйдэл ядуурал байдаг. Хүн амын маань 36 хувь нь ядуу амьдарч байна. Ажилгүй иргэдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа учраас ядууралд бүсгүйчүүд илүү их өртөж байгаад сэтгэл эмзэглэж явдаг.
Тэднийхээ эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, өнөө маргаашийнхаа амьжиргааг биш өндөр цалин, орлоготой болгох гарцыг эмэгтэйчүүд бид хайж байгаа. Энэ гарцыг олоход Ерөнхий сайд мэдрэмжтэй хандаж, 2013 оны төсөвт хөрөнгө мөнгө суулгасанд эмэгтэйчүүд бид баярлаж байгаа. Бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгааны сан ажиллуулах замаар эр зориг гаргаж, эрсдэл ихтэй ч буянтай үр дүнд хүрэх шинэ ажил эхлэхэд Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаа.
Тухайн орон нутагтаа лидер болсон эмэгтэйчүүд олон бий. ИТХ –д олон эмэгтэй сонгогддог уламжлалтай. Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүддээ хандаж хэлэх үг?
Монголын хүн амын тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэхэд нийт эмэгтэйчүүд маань хүчээ нэгтгэн ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Өнөөгийн нийгэмд гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, гэр бүлийн задрал явагдаж байгаа учраас гэр бүлийн хамтын амьдралыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг эмэгтэйчүүд л хийнэ. Өнөөдөр улсын хэмжээний 716 мянган өрхийн 87 мянгынх нь амьдрал эмэгтэйчүүдийн турьхан нуруун дээр явна. Эмэгтэй хүн нэгэн биедээ дааж давшгүй их ачаа үүрч, гадаа гарч эр, гэрт орж эм болон үр хүүхдээ өсгөж яваа нь Монголын нийгмийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Тийм учраас Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гэр бүлийн хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, өмчлөх эрхийг баталгаажуулах гээд олон асуудлуудыг хуульчлах шаардлагатай байна.
Өнөөдрийн нийгэмд цэцэрлэг , сургуулийн хүрэлцээ хангамж, хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, монголчуудын эрүүл мэнд, төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, гээд олон хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой зайлшгүй шаардлагатай байгаад сэтгэл зовниж, анхаарлаа хандуулмаар байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүний наймааны золиос болсон охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах, бодит тусламж дэмжлэг үзүүлэх гээд олон ажлыг төрөөс хийж хэрэгжүүлэхэд өөрсдийн маань үүрэг оролцоо их байна. Хүний амьдралд жижиг зүйл гэж ер байдаггүй. Эрчүүдийн жижиг гэж үздэг асуудлуудыг эмэгтэйчүүд олж хараад гэр бүл, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалдаг жамтай. Эмэгтэй сонгогчид маань үүнийг ойлгож эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжин энэ жамаа хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэй байна.