М.Төмөржав: Малын үүлдэрийг олон болгох хэрэгтэй. Тэгвэл...
Академи М.Төмөржав нь монгол мал, түүний маллагааны талаарх олон арван бүтээл туурвиж байснаас “Бэлчээрийн монгол мал” сэдэвт номыг 1989 онд хэвлүүлэн байжээ. Тус номонд адгуусан амьтныг гаршуулсан байдал, монгол малын гарал угсаа, гэршсэний шинжүүдийг багтаан авч үзжээ. Түүнчлэн “Монгол нүүдэлчин” зохиолыг 1999 онд өөрийн номын шавь профессор Н.Эрдэнэцогттойгоо хэвлүүлэн гаргажээ. Номонд эртний хүмүүсийн аж ахуйн хэлбэрүүд, нүүдлийн мал аж ахуйн үүсэл, тархалт, нүүдэллэн аж төрөх ёсны онцлог шинжүүдийг гаргасан байна. Түүнчлэн монголын нүүдлийн сонгодог мал аж ахуйн талаар ч мөн дурьдсан байна. Мөн 1978 онд “Малчдын санамж бичиг” номонд “Мал эмчлэх аргыг” гурван жижиг болгон ардын арга, элдвээр осолдсон малд үзүүлэх тусламж, зарим өвчин эмгэгийг анагаах арга гэж ангилан бичжээ.
Ингээд Мал аж ахуйн салбар, түүнд тулгамдаж байгаа асуудал болон ирээдүйд хэрхэн хөгжүүлэх боломжтой талаар Академич, доктор, профессор, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн М.Төмөржавтай ярилцлаа.
-Монголд мал аж ахуй салбар эдийн засгийн хувьд ямар үүрэг нөлөө үзүүлдэг вэ ?
Мал аж ахуй бол монголын эдийн засгийн суурь салбар юм. Монгол улс оршин тогтносон цагаас эхлэн ард түмний амьдрал ахуй нь таван хошуу малтай салшгүй холбоотой байсан. Түүнчлэн газар зүйн байрлалаас шалтгаалж монгол улсад бэлчээрийн мал аж ахуй нилээд хөгжсөн.
Энэ нь эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн бусад орнуудаас нилээд ялгаатай. Миний ажиллаж байх үед мал аж ахуйн салбар тэр чигтээ улсын мэдэлд байсан. Нэг ёсондоо нэгдэл гэдэг нэрийн доор бүх малыг хүн бүрт хувиарлаж ашиг, шимийг нь улс авдаг байлаа. Харин тэр үеийн нэг ололттой тал нь монгол мал эрүүл байсан.
-Тэгэхээр тухайн үед малын удмын санг хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажилласан гэж бодож байна ?
Тэгэлгүй яахав. Малын удмын санг хамгаалах, үйлдвэр угсааг сайжруулах, цөм сүрэг буюу шилмэл сүргийг түлхүү хөгжүүлж ирсэн. Түүнчлэн малын цэцэг, үхрийн мялзан зэрэг өвчнүүдийг гарангуут хурдан дардаг байлаа.
Энэ нь малын удам угсааг хамгаалахын тулд вакцинжуулалтыг маш сайн нарийн зохион байгуулалттай хийдэг байсныг гэрчилнэ. Харин өнөөдөр энэ асуудал зүгээр нэг малын эмчийн нүдийг хуурах төдий зүйл болж хувирсан. Хятадаас нэг тариа оруулж ирж тариад малын эмчийн бичгийг бөглөж байна. Ингэхээр чинь махны чанар сайжрахгүй.
Одоо мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, удмын санг хамгаалах, махны чанарыг сайжруулахын тулд юун дээр түлхүү анхаарч ажиллах ёстой вэ ?
Мал аж ахуйн тал дээр боловсон хүчин үнэхээр муу байна. Байгаа хэдэн залуучууд нь хот руу ороод ирнэ. Буурин дээрээ үлдэж байгаа нь хэдэн хөгшчүүл байна. Түүний дээр яаманд ажилладаг мэргэжилтэн гэх залуучуудын хийж байгаа ажилд дорвитой үр дүн гарахгүй байна.
Ер нь мал аж ахуйд үүлдэр гэдэг зүйл маш чухал.
Хэтэрхий их тооны хойноос хөөцөлддөг болчихож. Монголд мал эмнэлгийн холбоо, Мал зүйчдийн холбоо гэж байдаг. Эдгээр холбоонуудын ажлын үр дүн үнэхээр муу. Тиймээс боловсон хүчний тал үнэхээр сайжруулах хэрэгтэй.
Мөн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай байлгах нь нэн чухал. Ингэж байж л энэ салбар цаашдаа хөгжинө.
-Сүүлийн үед малын үүлдэрийн талаар тийм ч их ярихаа больж. Таны үед монголд хэдэн төрлийн үүлдэр байсан бэ ?
Тэр үед нийтдээ дөч гаруй төрлийн үүлдэр байсан. Баяд, Дөрвөд, Барга, Захчин, Хангай гэх мэт үүлдэрүүд байлаа. Харин одоо бол тийм ч олон үлдээгүй. Одоо арав гаруй л байдаг.
Ер нь мал аж ахуйд үүлдэр гэдэг зүйл маш чухал. Үүлдэр олон байх тусам махны чанар, эрүүл мэнд талаас сайжирч байна гэсэн үг. Хүн дэлгүүрт орвол аль үнэтэй, брендийн гэснийг сонгон авдаг. Яг үүнтэй адил юм. Үүлдэр нэг ёсондоо бренд.
-Монгол улс оны эхний байдлаар 45 сая толгой мал тоолуулсан. Гэтэл энэ тоо хуучин нийгмийн үетэй харьцуулахад хамаагүй их тоо. Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар ялгаа байна. Үнэхээр мал аж ахуйн салбар хөгжөөд байна уу ?
Сүүлийн үед манай улс түүхэндээ байхгүй мал тоолуулсан гээд л сүр дуулиан болоод байна. Яг үнэндээ чанаргүй л байна. Саяхан ОХУ-тай малын мах гаргах тал дээр тохиролцсон ч эндээс гаргах гэсэн мах чанарын шаардлага хангаагүй.
Тоо хэдий чухал ч түүнээс илүү чухал нь чанар. Үүн дээр л анхаарах хэрэгтэй. Социализмын үед махыг хойш нь гаргадаг байсан. Гэхдээ хөлөөр нь буюу амьдаар нь гаргадаг байлаа.