Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав
Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд тус банкны Төв азийн бүсийн захирал Холгер Вифел болон ахлах зөвлөх Эрик Гюгофер нар хүрэлцэн иржээ.
Уулзалтын эхэнд ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат өнгөрсөн хугацаанд салбартаа хийж бүтээсэн ажлаа танилцуулахын хажуугаар өнөөгийн нөхцөлд тулгамдаад байгаа асуудал болох боловсон хүчин болон мэргэшүүлэх тал ажиллах ямар бололцоо байдаг талаар санал бодлоо солилцлоо.
Ассоциацийн хувьд монгол улсын хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, өрх, фермер, аж ахуйн нэгж, бүлэг, холбоо болон ТББ-дын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Тиймдээ эдгээр ажлууд дээр хамтран ажиллах цаашдаа боловсон хүчинг хэрхэн бэлтгэх тал дээр ямар гарц, гаргалгаа байгаа талаар ярилцлаа.
Түүнчлэн тус банкнаас ирэх онд Монголд мэргэжлийн холбоодуудыг хэрхэн мэргэшүүлэх тухай төсөл хэрэгжүүлнэ гэв. Тиймээс тухайн төсөлд Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци ямар үүрэгтэй оролцож болох талаар ч мөн санал бодлоо солилцов.