Л.Бямбадорж: Баянхошуугаа Улаанбаатар хотын дагуул,  дэд төв болгох ажлыг эхлүүлж чадлаа
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж
2014.10.24

Л.Бямбадорж: Баянхошуугаа Улаанбаатар хотын дагуул, дэд төв болгох ажлыг эхлүүлж чадлаа

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадоржтой хорооны иргэдийн ахуй амьдрал, тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар ярилцлаа.

-Та хэзээнээс хорооны Засаг даргаар ажиллаж байна вэ. Хорооны Засаг дарга ямар эрх мэдэлтэй вэ. Тэр хүрээндээ санасан хэмжээндээ ажиллаж чаддаг уу?

Би Улаанбаатар хотын уугуул иргэн л дээ Сонгинохайрхан дүүрэгт 25 дах жилдээ энэ л Баянхошууны гэр хороололд амьдарч ажиллаж байна. 2001 оноос хойш Баянхошуу орон нутгийн нийгмийн хөгжилд эрүүл мэнд, боловсрол, тохижилт бүтээн байгуулалтын талаар төрийн бус олон нийтийн байгууллагад ажиллаж олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх ажилд оролцон амжилттай хэргжүүлсэн бөгөөд 2009 оноос өнөөг хүртэл хоёр дахь удаагаа хорооны Засаг дарга болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

-Төрийн бус байгууллагад ажиллаж байсан хүн төрийн байгууллагад орж ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл нь юу байна вэ. Ялгаатай зүйл нь юу вэ?

ТББ-д ажиллаж байхад санаачилсан төсөл хөтөлбөрүүдээ тодорхой хэмжээгээр ажил болгоод үр дүнг нь үздэг байсан. Харин хорооны Засаг даргын хувьд төрийг төлөөлж иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа гэдэг утгаараа ТББ-ын ажлыг бодвол хууль, эрх зүйн хувьд илүү эрх мэдэл, хариуцлага өндөртэй байдаг.

Гэхдээ зүгээр нэг өргөдөл цохоод тодорхойлолт бичээд өрөөний сахиул шиг суугаад ажиллавал ажиллах л байх хэнч харсан ажлаа хийхгүй байна гэж хэлэхгүй л байх гэхдээ миний хувьд тэгж суухаасаа илүү санаачлага гарган тухайн хариуцсан хорооныхоо нийгмийн амьдралыг сайн сайхан болгох талаар анхаарч санаачлагатай ажиллахыг л хүсдэг. Би хорооны Засаг даргаар ажилласнаас хойш нэлээд олон бүтээн байгуулалтын болоод хөрөнгө оруулалтын ажлыг иргэдтэйгээ хамтраад санаачлаад төсөл хөтөлбөрүүдэд хамруулж олон ажлыг үр дүнтэй хийсэн.

Санаж явахад бүтнэ сажилж явахад хүрнэ гэж үг байдаг.

Санаж явахад бүтнэ сажилж явахад хүрнэ гэж үг байдаг. Анх намайг Баянхошуугаа орон сууцны хороолол шиг хөгжилтэй орнуудын жишигээр сайхан болгох юмсан гэж ярьдаг байхад зарим нэг хүмүүс наад санаа чинь хэзээ ч бүтэхгүй чи ч сайхан үлгэр ярих юм даа гэдэг л байсан гэхдээ би ярьсаар байгаад хүмүүст өөрийнхөө санааг ойлгуулсаар байгаад нэгэн ажлыг бүтээж чадлаа нөгөөх хүмүүсийн үлгэр гэдэг байсан зүйлийг бодит ажил болгож чадлаа л гэсэн юм

-Тухайлбал ямар ажил вэ?

Манай хороо анх 1975 онд Октябрийн Районы ОСГ-ны 29 дүгээр хороо нэртэйгээр анх байгуулагдсан байдаг юм 1992 онд үндсэн хуулийн өөрчлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо болж өөрчлөгдсөн их онцлог хороо юм Анх манай хороог байгуулахдаа төрийн бүх үйлчилгээ төвлөрсөн Баянхошууны гол төв нь болгож байгуулсан.

Манай есдүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдэд үйлчилдэг томоохон үйлчилгээний төвүүд нь байрладаг учраас Баянхошууны гэр хорооллын иргэдийн хөл хөдөлгөөн хамгийн ихтэй онцлог хороо юм.

Энэхүү хүн амын хэт их төвлөрөлөөс шалтгаалан  орчны бохирдол ихээр үүсч тоосжилт, хөрсний бохирдол гэмтэл маш их нөлөөлдөг. Тиймээс 2009 онд үйлчилгээний гудамжуудын зам, гэрэлтүүлгээс эхлээд

иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд 450 метр асфальтан зам, явган хүний бетонон зам, гудамжны гэрэлтүүлэг, үерийн хамгаалалтын далан суваг гээд олон ажлыг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Нийтийн аж ахуйг сайжруулах-2 төсөл”-ийн хүрээнд санал тавьж байгаад хийлгүүлсэн. Асуудлаа зөв тодорхойлоод өгвөл дэмжих газар олон юм билээ.

Иймэрхүү байдлаар иргэдийнхээ тав тухтай байдлыг хангана гэж бодож явсан. Гэтэл зам тавьж, гэрэлтүүлэг хийгээд хашаа хороог нь заслаа гээд гэр хорооллын иргэдийн гол тулгамдаж буй байнга яригдаж байдаг асуудлууд хэвээрээ шийдэгдэхгүй байна гэдгийг ойлгосон.

Тиймээс асуудлын үндсийн үндсийг шийдэх гарцыг хайж эхэлсэн.

Нөгөө л шороо тоостой, утаатай, шавар шалбаагтай, гадна жорлонтой, ахуйн зөрчилтэй, эрүүл мэндийн асуудалтайгаа хэвээрээ л байна. Тиймээс асуудлын үндсийн үндсийг шийдэх гарцыг хайж эхэлсэн.

Тэгээд ямартай ч өөрсдийнхөө сэтгэлийг хуурсан, гал унраасан маягтай нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил хийхгүй гэж шийдсэн.

-Тэгээд та гарцаа олсон уу. Мэдээж энэ бүхнийг шийдэхэд хорооны Засаг даргын хүч хүрэхгүй шүү дээ?

Яг хороон Засаг даргын хувьд шийдэх боломж байхгүй нь тодорхой гэхдээ шийдэлийг нь гаргах санаачлага гаргах боломж байдаг. Дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлээд цаашид яавал энэ олон ар араасаа гарч ирээд байгаа асуудлууд алга болох боломжтой вэ гэдэг талаар л бодсон юм иргэдтэйгээ санал солилцоно яриа өрнүүлнэ гудамжинд явж байгаад таарсан иргэнтэйгээ санал солилцоно гээд олон л зүйлээр иргэдээсээ санаа авч байгаад нэг дүгнэлтэнд хүрсэн юм.

Яг тэр үед буюу 2009 оны намар Азийн хөгжлийн банкнаас нийслэлийн гэр хорооллын хороодуудаар төсөл хэрэгжүүлэх талаар судалгаа хийж манай хороонд ирж гэр хороололд ямар ажил хийвэл иргэдийн амьдрал хүссэн хэмжээнд сайхан болох вэ гэсэн сэдвээр судалгаа хийсэн юм.  Тэд нарт би айлуудын гудамжийг засаад өгөөч, хашааг янзлаад өгөөч, гэрэл тавиад өгөөч, айлуудын нойлийг хийгээд өгөөч, мод тариад өгөөч гэж хэлэхгүй гэсэн.

Хэрвээ ийм зүйл хийх гэж байгаа бол хэрэггүй гэсэн. Танд ямар санал байна таны саналыг сонсоё гэсэн. Би тэдэнд ганц л саналыг тавьсан тэр юу вэ гэхээр гэр хорооллыг орон сууц таун хаус хосолсон тохилог хороолол болгох боломж байна уу энэ л бидэнд хэрэгтэй байна гэдэг саналыг тавьсан юм.

Би тэдэнд есдүгээр хороог худалдаа, үйлчилгээ, соёлын болон аялал жуулчлалын гудамж болгон хөгжүүлмээр байна гэдгээ хэлсэн. Миний саналыг их сонирхож хорооны иргэдээс санал асуулга авч, иргэдийн амьдралтай танилцсан. Ингээд миний санааг хүлээн авч, гурван жил судалж, төсөл болгосны дүнд 2015 оноос манай хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баянхошуу дэд төв  байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болоод байна.

-Чухам ямар санал байсан юм бэ. Иргэдийн үнэхээр хүссэн хүлээсэн ажил мөн үү?

Мөн байлгүй яах вэ. Энэ санаа манай хорооны дэргэдэх уурын зуухнаас эхлэлтэй юм. Энэ зуух ойр орчмын сургууль цэцэрлэг эмнэлэг гээд хэд хэдэн томоохон байгууллагуудыг дэд бүтэц, халуун дулаанаар хангадаг социализмын үеийн байгууламж. Үүнийг судлаад үзтэл 30-40 хувийг л ашиглаад үлдсэн нь газар дор булаатай ашиглагддаггүй хайран хөрөнгө байгааг мэдсэн.

Гэхдээ бас энэ хавийн зарим нэг цөөн айлууд цэвэр бохир дулааны шугаманд нь холбогдоод тодорхой хэмжээний мөнгө төлөөд үйлчилгээ авдаг гэж байгаа. Ийм байгууламж дэргэд байсаар байтал иргэд маань дулаахан, сайхан тохилог орчинд амьдрах боломж байгаа юм. Гэхдээ бүхэл бүтэн хороог авч явах хэмжээнд биш учир илүү том зүйл хэрэгтэй болсон.

2010 онд би Хонгконгод явж байгаад өндөр, өндөр барилгуудын доод давхарт худалдаа үйлчилгээ, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлтэй гудамжууд маш их байгааг тэдгээр гудамжинд гадны жуулчид ихээр үйлчлүүлдэгийг олж харсан. Тэгээд тэдгээр гудамжууд нь өөрөө өөрийгөө тэтгэдэг, санхүүгийн эх үүсвэртэй болсон байсан нь миний анхаарлыг татсан. Үүнээс санаа авч Баянхошууг яг тэр гудамж шиг болгомоор санагдсан. Энэ саналыг Азийн хөгжлийн банк дэмжсэн хэрэг.

-Иргэдээс судалгаа авсан гэсэн. Тэд яг юу хүсч байсан бэ?

Тэд дөрвөөс таван хуудас асуулгатай судалгаа авч байсан. Зарим нэг голлох хэдэн асуултууд байсан Нэгдүгээрт нь та гэр хороололд энэ байдлаараа амьдрахад танд ямар байна вэ? Эсвэл тохилог цэвэр орчин бүрдсэн гудамжтай  орон сууцанд юм уу Таун хаусанд амьдрмаар байна уу гэдгийг асуусан.

Хоёрт нь хэрэв та тохилог орон сууц таун хаусанд амьдрах хүсэлтэй байгаа бол мөнгийг нь яаж төлөх вэ гэж асуусан гэтэл ихэнхи нь газраар минь солиод ав гэсэн. Хэрвээ таны газар тухайн байшингийн үнэнд хүрэхгүй бол өөр эх үүсвэр байгаа юу гэтэл ихэнхи нь чадахааргүй хариулт өгсөн.

Тэгээд Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллын иргэдийн амьдрал үнэхээр ядуу, ажилгүй хүмүүс их байгаа гэж дүгнэсэн.

Тиймээс бид ярилцаж байгаад орон сууцны доод давхрыг нь худалдаа үйлчилгээ, ЖДҮ-ийн ажлын байр болгочихвол ажилгүй хүмүүс нь ажилтай болж, хөнгөлөлттэй зээлээр урт хугацаанд төлбөрөө төлөх боломжтой болох юм байна гэдгээр төсөл боловсруулсан.

Азийн хөгжлийн банк өөрийн боловсруулсан төслийн санхүүжилтийг шийдвэрлэж эхний ээлжинд төр засагтай тохиролцоод бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийн зардалыг гаргахаар болсон. Энэ ажил ирэх оны хавраас эхлэх гэж байгаад үнэхээр баяртай байгаа.

Ямар ч гэсэн Баянхошуугаа Улаанбаатар хотын дагуул хот буюу Баянхошуу дэд төв байгуулах ажлыг эхлүүлж чадлаа гэж бодож байна.

-Худалдааны гудамжийн төслөөр хичнээн хүн орон сууцанд орох боломж бүрдэж байгаа вэ. Бэлтгэл ажил хэр явагдаж байна?

Манай иргэд ерөнхийдөө төсөл хэрэгжихэд сэтгэл зүйн хувьд бэлэн болсон. Ямар ч гэсэн өвчин зовлон, бохир орчин, гэмт хэргийн золиос болсон түгшүүртэй гэр хороололд амьдрахаа больё гээд цөхөрсөн байгаа. Ажлын байртай болох боломж гарч байгаа учраас бүгд өөрчилье гэдэгт сэтгэл нэгдсэн.  

Харин төрийн зүгээс иргэдийг төсөлд хамрагдах гол ажлуудад нь зохицуулалтын ажлыг хийхээр бэлтгэж байгаа. Газраа чөлөөлөөд иргэнээ яаж хохироохгүйгээр хамруулах вэ гэдэгт анхаарна.  Энд барилга байшин ямар хэлбэрээр баригдах вэ, 100-200 айлын орон сууц баригдлаа гэхэд тэр хүмүүс үзүүлэх эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ ямар байх вэ гэдэгт төр оролцоно.

Судалгаагаар 150,000 гаруй хүн энэхүү дэд төвд төвлөрөхөөр байгаа. Манай Баянхошуу 80 гаруй мянган хүн амтай. Ерөнхийдөө бүгдийг нь татаад оруулдаггүй юм аа гэхэд гэр хорооллын нэлээдгүй хэсэг газар чөлөөлөгдөж цэвэрлэгдэх тооцоо бий. Ингэснээр утаа униар тодорхой хэмжээгээр багасаад зогсохгүй зарим газруудад байгалийн нөхөн сэргээлт хийх боломжтой болно.

Яг ийм дагуул хотуудыг олноор нь байгуулвал Улаанбаатар хотыг тойруулаад дөрвөөс таван бүсийг хөгжүүлэх боломжтой.  Гэхдээ нэг хүндрэл байгаа!

Тэр юу вэ гэхээр бүтээн байгуулалтыг  нийслэлийн маань дэд бүтэц, байгууламжийн хүчин чадал дийлэх үү гэдэг зүйл гарч байна

Улаанбаатар хот маань дөрвөн уулын дунд хонхор газар байна. Цахилгаан дулаан, инженерийн шугам сүлжээ нь ямар билээ. Хичнээн сайхан зүйл барилаа гээд халаалт, бохир дулаан байхгүй бол хэн амьдрах вэ. Ургах наран хороолол шиг асуудал үүсвэл хэцүү.Хотын иргэд ундны усны гачигдалд орох магадлал өндөр болж байна. Нийслэлийн маань газар нутгийн өөрийнх нь даац Монголын хүн амын 60 гаруй хувь нь амьдарч байгаа энэ их ачааллыг дийлэхгүй хэмжээнд хүрээд байна.

Тэгэхээр Улаанбаатар хотыг хотоор нь байлгаад Монгол улсынхаа Нийслэлийг шинээр нь байгуулах шаардлага гарч байна. Хүмүүс хөдөө орон нутгаас нийслэлдээ л амьдрах гэж ирж байгаа шүү дээ. Тиймээс нийслэлээ дахин байгуулчихья. Ингэвэл Улаанбаатар хотын ачаалал багасч том эргэлтийг хийж чадна.

-Энэ талаар нэлээдгүй санал гардаг юм билээ. Тань шиг бодолтой олон төлөөлөгч нар байдаг. Та бүхэн хүчээ нэгтгэх боломжгүй юу?

Боломжтой. Гэхдээ шинэ Нийслэлдээ төр захиргаа, УИХ, Засгийн газрын бүх байгууллагуудыг төвлөрүүлээд, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээ, түүх дурсгалуудын цогцолборт суурилсан аялал жуулчлалыг татсан нийслэл байгуулвал нийслэл маань өөрөө эдийн засгийн чадамжтай иргэд нь тав тухтай орчинд жинхэнэ утгаараа улсын нийслэлд амьдрах болно.

Харин үлдэж буй Улаанбаатар хотдоо хүнд үйлдвэрүүдээ авч үлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрөлжүүлж хөгжүүлнэ гэсэн үг.

Манай улс шиг хэн нэгний малгайн дор амьдарч яваагүй улс түүх дурсгалаараа гайхуулж жуулчдыг татах ёстой. Би анх хороогоо аялал жуулчлалын бүс болгоё гэж бодож байсан чинь нийслэлээ тийм болгох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ өөрчлөлтийг нийслэлчүүд маань зоригтой хийх хэрэгтэй. Хүмүүс сайхан орчинтой болоод ирвэл айх аюулгүй, гэртээ ч бас тав тухтай сэтгэлийн дарамтгүй, өвчин зовлонгүй амьдрах болно.

Ард иргэд маань асуудал гарвал л Улс төрчид рүү уурлаж бухимддаг стресс байхгүй болно. Одоо бол хүн бүр улс төрч болчихоод байгаа нь амьдарч байгаа орчинтой нөхцөлтэй нь холбоотой. Төрийн хэрэгжүүлж буй бодлого, явуулж буй ажлууд нь алдаатай байгаа учраас л тэгж байгаа.

Хянах зүйлээ хянаад, зохицуулах зүйлээд зохицуулаад явсан бол манай ард түмэн арай ч ийм байдалд орохгүй байсан. Эдийн засгийн хямрал боллоо л гээд байна үнэндээ бол Монгол дотроо л хямрал болоод байна. Гадаад орчинд хямарсан зүйл огт алга байна шүү дээ

-Та дүүрэгтээ насаараа амьдарч байгаа. Таны мөрөөдөл юу вэ?

Миний мөрөөдөл бол хүн бүхний хэлдэг ярьдаг нэг үг байдаг хүмүүс ядуу амьдарч байна, ядуу байна, ядарч байна, зовж байна гэдэг энэ яриа ор мөргүй алга болоосой гэж мөрөөддөг. Хүмүүс нь эрүүл саруул, жаргалтай, сэтгэл хангалуун тайван амгалан стрессгүй амьдралтай байгаасай гэж боддог.

Тэрнээс биш би ганцаараа сайхан байшинд амьдраад эргэн тойронд маань ядарсан зовсон хүмүүс байвал миний сайхан амьдрал хэнд хэрэгтэй юм. Тийм учраас бид нар өөрсдөө л асуудлаа шийднэ. Нийслэл хотоо шинээр байгуулаад Улаанбаатар хотынхоо ачааллыг хэвийн болговол улс орон маань хөгжилтэй сайхан болж ард иргэдийн маань амьдрал ахуй ч илүү сайн түвшинд хүрнэ гэж бодож байгаа. Хамгийн гол нь асуудалд улс төржилгүйгээр бие биенээ ойлгож, гарган тавьж буй саналуудыг нь судлан дэмжээсэй гэж хүсч байгаа.

Шинэ хот байгуулахад Бидний ярьж заншсанаар сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд хийх л ажил шүү дээ. Энэ бол монгол хүн бүрт хамаатай, нэр хүнд, хөгжил гээд бүх зүйлд хамаатай. Дэлхийд нэр хүндтэй сайхан нийслэлтэй болмоор байна шүү дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны санаа бодол хэн нэг ажил хэрэгч хүний санаанд их бүтээн байгуулалтын үндсийг тавиасай гэж ерөөе.

Танай хамт олон бас баярлалаа.

Монголчууд бид тэнгэрийн тамгатай хөх толбот монголчууд гэж өөрсдөөрөө бахархдаг тэгсэн хэрнээ хоёр хөршөөсөө муу ядуу хүнд нөхцөлд гэр хороололд хувь заяатайгаа эвлэрэн амьдарч байна. Бид хог дээр амьдрах харх шиг л байна. Ингэж амьдрахаа больё. Монгол хүмүүс ингэж амьдрах ёсгүй. Монголчууддаа бид сайхан амьдрах ёстой түүний төлөө хамтдаа зүтгэе цаг нь болсон шүү гэж хэлье дээ