“Эрэл”, “Монгол кирамик” компаниудын асуудлыг хэлэлцэв
Сонгино-Хайрхан дүүргийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгчдээс дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэв. Ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаснаар дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс холбогдох хууль журам болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг ноцтой зөрчиж байгаа хэд хэдэн байгууллага байгааг тогтоосон байна.
Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол
кирамик”, “Эрэл” зэрэг шар шаврын орд ашиглан тоосго үйлдвэрлэдэг компаниудын хооронд үүссэн үл ойлголцлоос шалтгаалан иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж буйг тэд хэлж байлаа.
Учир нь “Эрэл” тоосгоны үйлдвэрийн зүгээс “Монгол кирамик” компанийн автомашин зорчих замыг хааснаас болж хүнд даацын автомашинууд гэр хорооллын дундуур зорчиход хүрээд байгаа юм.
Хоёр байгууллагыг энэхүү үл ойлголцлын асуудлаа шийдвэрлэж, зохих хууль, журмын дагуу ажиллахыг дүүргийн зүгээс удаа дараа сануулсан боловч үл ойшоосоор өдийг хүрээд байгаа юм. Тиймээс Тэргүүлэгчдийн зарим нь эдгээр аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох талаар тодорхой ажил хийх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв. Нөгөөтэйгүүр дүүргийн зүгээс тус орд газрыг бүхэлд нь буюу хэсэгчлэн орон нутгийн тусгай хамгаалалтад авах боломжтойг ч мөн хэлэлцлээ.