Х.Нямбаатар: Нийслэлд анхны давхар зогсоол бүхий үйлчилгээний цогцолборыг манай дүүрэг байгуулна
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.02.12

Х.Нямбаатар: Нийслэлд анхны давхар зогсоол бүхий үйлчилгээний цогцолборыг манай дүүрэг байгуулна

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр нийслэл хотын хамгийн өнөр дүүргийг толгойлж буй хүний хувьд төвлөрлөөс үүдэн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх ганц гарц нь шинэ хот төлөвлөх гэдгийг ярилцлагын үеэр онцолж байсан юм.

Бодит хөрсөн дээр бууж ажиллаж буй хүн л зөв гарцыг олж хардаг гэдэг. Тиймийн учир түүний санаачилгыг иргэд олон нийт, бодлого тодорхойлогчдод хүргэх болсондоо олзуурхаж суулаа.

-Сонгуулиас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч эхлэх хугацаа. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ өнгөрсөн хугацаанд ямар зорилго зорилт тавьж ажиллав. Түүндээ хэр хүрч ажиллав?

-Манай дүүргийн ИТХ 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН 22, АН 17, МАХН хоёр нийт 41 төлөөлөгчтэйгээр бүрэлдэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Сонгинохайрхан дүүргийг өөрийгөө тэтгэх эдийн засагтай болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг бид дүүргийн ИТХ-ын том зорилт болгон ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэг 1993 онд байгуулагдсанаас хойш 20 жилийн турш нийслэлээс санхүүгийн дэмжлэг авч, үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг. Одоо ч авч байгаа.

Өөрөөр хэлбэл, төвийн зургаан дүүргээс манай дүүрэг ганцаархнаа санхүүгийн дэмжлэгтэйгээр оршин тогтнож байгаа юм. Тэгэхээр бид энэ байдлыг зогсооё, өөрийгөө тэтгэх эдийн засагтай болъё гэсэн зорилгыг тавьж ажилласан. Үүний дүнд Сонгинохайрхан дүүрэг 2011 онд 500 орчим сая төгрөгийн орлого бүрдүүлж байсан бол өнгөрсөн онд тав тэрбум гаруй төгрөгийг бүрдүүлж чадлаа. Ингэснээр нийслэлээс 2.5 орчим тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Энэ хэмжээний дэвшилд хүрснээрээ бид бахархаж байгаа. Цаашид энэ амжилтаа ахуйлж 100 хувь өөрийгөө санхүүжүүлэх чадвартай болгох зорилттой ажиллаж байгаа.

-Маш сайхан зорилт байна. Тэгэхээр танай дүүргийн ИТХ-аас гарсан бодлого шийдвэрүүдээс байгаль экологи руу чиглэсэн зарим үйл ажиллагааг тань онцолж харж байлаа. Тухайлбал, Сонгинохайрхан уулсынхаа бэлийг тусгай хамгаалалтад авсан байх?

-Тийм ээ. Бид өнгөрсөн жил байгаль сүйтгэгчидтэй нэлээдгүй тэмцэл явуулсан. Тухайлбал, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 гаруй аж ахуй нэгж, байгууллага 2000-аад оноос хойш хайрга, дайрганы олборлолт хийж, байгаль орчиныг ихээр сүйтгэсэн байсан. Энэ газар нь Сонгинохайрхан уулын зүүн бэл, Туул голын хойд сав газрын 687 га-г хамарсан нэлээд том газар байсан. Бид энэ газрыг өнгөрсөн оны тавдугаар хуралдаанаараа орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

130 га газрыг техникийн зориулалтаар ашиглах эрхийг нийслэлд шилжүүлж өгсөн.

Байгаль орчны доройтлыг арилгах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой төлөвлөгөөнүүд гаргаж мөн энэ хуралдаанаараа баталсан. Нийслэлээс тусгай хамгаалалтад авсан газраас 130 га газрыг чөлөөлүүлж, техникийн төвлөрсөн зах байгуулах тухай хүсэлт манай ИТХ-д тавьсан. Бид энэ хүсэлтийг зургаадугаар хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэж өгсөн. Нэг ёсондоо 130 га газрыг техникийн зориулалтаар ашиглах эрхийг нийслэлд шилжүүлж өгсөн.

Ингэснээр Улаанбаатар хотын техникийн төвлөрсөн зах энэ жил баригдаж, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг томоохон захууд бүгд манай дүүрэгт шилжиж ирнэ гэсэн үг. Ойролцоогоор 15 мянган автомашин худалдах боломж бүхий ил зогсоол, орчин үеийн автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэгийн болон автомашины бараа бүтээгдэхүүний зах байгуулагдана. Ингэснээр бидний эдийн засаг талаасаа өөрийгөө тэтгэх нөхцөл маань бүрэн бүрдэнэ гэсэн үг.

-Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам олонтой, алслагдсан айл өрх, хороод олон гэдэг утгаараа иргэдэд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг болов уу?

-Төвийн дүүргүүдтэй харьцуулахад манайх төрийн ажлыг иргэдэд хүртээхэд ачаалал ихтэй байдаг. Сүхбаатар, Баянгол зэрэг төвийн дүүргийн нэг хороонд ногдох хүн амын дундаж хэмжээ 5000-6000 орчим байхад манай дүүргийн хороод дунджаар 10 орчим мянган хүн амтай байгаа. Зарим хороо бүр гурав нугалсан дайны хүн амтай байна. Тухайлбал, долдугаар хорооны хүн ам 17000 гаруй байх жишээтэй. Тэгэхээр эдгээр иргэдэд хүрч ажиллана гэдэг мэдээж бэрхшээлтэй. Гэлээ ч бид төрийн үйлчилгээг тасралтгүй, залгамж шинж чанартайгаар хүргэн ажиллаж байна.

Иргэдэд хүрч ажиллана гэдэг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан төрийн үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ өнөөдөр бодит байдал дээр бид иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээг тэр бүр үзүүлж чадахгүй байна аа. Тухайлбал, манайх гэр хороолол ихтэй гэдэг утгаараа тулгамдсан асуудал тэр хэрээр олон байна. 2000-аад оноос хойш эхэлсэн иргэдийн их нүүдэл өнөөдөр нийслэлийн хүн амыг 1.5 саяд хүргэлээ.

Хоосон газар л харагдвал хашаа барьсаар бүхэл бүтэн том суурьшлуудыг үүсгэчихээд түүнийхээ дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, тохижилт, бүтээн байгуулалтыг шаардаж байна. Энэ бүхнийг шийднэ гэвэл бараг биелэхгүй. Тэр дундаа алслагдсан гэр хорооллуудын дэд бүтцийн асуудлыг шийднэ гэдэг хэцүү. Гэхдээ бид иргэдийн тавьсан саналуудад тулгуурласан ажлуудыг аль болох л хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Тулгамдсан асуудлуудын тухай яриад байвал олон зүйлийг хөндөх хэрэгтэй болно. Тэгвэл энэ олон асуудлаас танай ИТХ-ын онцолж барьж аваад одоо тодорхой хэмжээний ахиц, дэвшилд хүрсэн ажил байгаа гэвэл юуг онцолж хэлэх вэ?

-Иргэдийн дунд “Хамгийн их хогтой дүүрэг аль  вэ” гэсэн санал асуулга явуулахад олонхи нь манай дүүргийг нэрлэсэн байна билээ. Улаанбаатар хотын хогны төвлөрсөн цэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Нэг ёсондоо Улаанбаатарын бүх хогийг манай дүүргийн нутаг дэвсгэрээр тээвэрлэж байгаа юм. Энэ нь өөрөө асуудлыг нэмээд байгаа юм. Хог тээвэрлэх явцад үнс нь хийснэ, хог нь унана, зарим нь бүр хогоо хогийн цэгт биш булан тохиод хүртэл асгах тохиолдол гардаг. Ингээд бодохоор манай дүүргийн хамгийн их толгой өвтгөсөн асуудал хог болоод байсан.

Иймээс бид өнгөрсөн онд манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан хоёр хог тээвэрлэгч байгууллага дээр дахин нэгийг нэмж гуравдагч дүүргийн өмчид байгууллагыг байгууллаа. Бид хог тээвэрлэх байгууллагыг нэмэгдүүлээд зогсоогүй. Дүүргийн ИТХ-аас эдгээр байгууллагын хог тээвэрлэлттэй холбоотой зардлын асуудлыг шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл, одоогийн тогтоосон тарифаар хог тээвэрлэхэд үнэндээ тээвэрлэгч компаниуд алдагдалд ордог.

Энэ алдагдлыг бид иргэдийн төлөх мөнгөний тарифыг нэмэхгүйгээр орон нутгийн төсвөөс нөхөх замаар шийдсэн учраас одоо манай дүүрэг хог тээвэрлэх асуудал дээр толгой өвдөхөөргүй болсон гэж болно. Харин худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгжүүдийн хогны хураамжийг нэмэгдүүлж баталсан байгаа.

-Автомашины зогсоолын асуудал нийслэлд хамгийн их тулгамдаж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт нийслэл хотод жишиг болохуйц анхны давхар автомашины зогсоол бүхий үйлчилгээний төв баригдана гэж байсан. Энэ ажил эхэлсэн үү?

-Манай дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хорооллыг тойроод өнгө үзэмжгүй маш олон гарааш байдаг даа. Эдгээрийн заримыг нь нураагаад суурин дээр нь доороо үйлчилгээний төвтэй автомашины зогсоол барихаар шийдвэрлэсэн. Нэгдүгээр давхарт гар дээрээс жижиг бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэд худалдаа наймаа эрхлэг. Хоёр давхарт нь оёдол, гар урлал, нэхмэл, хатгамал хийдэг хүмүүсийг сургадаг төв байгуулчихъя. Харин гурав, дөрөв, тавдугаар давхарт нь иргэд хамгийн хямд тарифаар машинаа тавьдаг байхаар төлөвлөөд зураг төсвийн ажилдаа ороод явж байгаа.

Бид үүгээрээ нийслэлийн бусад дүүрэг, байгууллагуудад үлгэр дуурайлал үзүүлж, орон нутагт ийм ажил хийж болдгийг харуулж байгаа хэрэг. Энэ маань эргээд нийслэлчүүдийн толгойн өвчин болсон автомашины зогсоол, дулаан гарааш, зай талбай хэмнэх асуудлыг шийдэх гарц юм шүү гэдгийг ойлгоосой л гэж хүсч байгаа юм.

-Асуудал их байна гэдэг цаанаа ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх тэр хэрээр зөрчигдөж байгаагийн илрэл л дээ. Тэгэхээр хүн рүү чиглэсэн үйл ажиллагаанаасаа онцолж дурдвал?

-Мэдээж тийм. Манай хотод өнөөдөр төвлөрөл, хөрсний болон агаарын бохирдолоос эхлээд маш олон асуудал байгаа. Энэ хэрээр бидэнд ногоон байгууламж байгуулах, явган хүний зам, гэрэлтүүлэг, амтозамуудыг сайжруулах, автозогсоол нэмэгдүүлэх, хорооллын дундах замыг өргөжүүлэх гээд асуудал ар араасаа ундарна. Энэ бүхнээс хамгийн чухал нь хүний асуудал. Жишээ манай дүүрэгт хүүхдийн эрх зөрчигдөх байдал том асуудал болоод байгаа. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна.

Тиймээс бид өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн суурь судалгааг гаргаж, түүндээ тулгуурлан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуульзүйн цогц үйлчилгээ үзүүлэх ажлын төлөвлөгөө баталсан. Үүний дагуу хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын дунд тендер зарлаж энэ үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Бид хамтран ажиллаж эхний ээлжинд 15 хүүхдийн эцэг эхтэй хариуцлага тооцох ажлыг эхлүүлээд байна.

Эхнээс нь шүүх, хяналтын байгууллагад өгөөд эхэлчихсэн байгаа. Хүүхдүүдээр гуйлга гуйлгаж, зодож дарамтлан, бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаа эцэг эхчүүдийн эцэг эх байх эрхийг нь хязгаарлах асуудлыг ч бид шийдэж байгаа.  

-Тэгэхээр та төвлөрлийн асуудлыг хөндөж байна. Үнэндээ түгжрэл, утаа униар, тоосжилт гэсэн үй олон асуудлын гол гогцоо нь төвлөрөл шүү дээ. Гэтэл танай дүүрэгт шинэ дэд хот, автомашины зах байгуулах гэж байна. Энэ чинь өнөөх төвлөрөл түгжлэрийг улам л нэмэх юм биш үү?

-Тэр үнэн. Би хувь хүнийхээ хувьд Улаанбаатар хотод хийгдэж байгаа тохижилт бүтээн байгуулалтын ажлуудын дийлэхийг нь үр ашиггүй зүйл гэж харж байгаагаа хэлмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зараад байна. Намайг сөрөг зүйл ярьж байна гэж хэлэх байх. Гэхдээ үнэн байдал ийм л байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт, инженерийн байгууламж анх 500 гаруй мянган хүн амтай байхаар хийгдэж байсан.

Гэтэл өнөөдөр 1.3 сая болчихоод байгаа. Анх төлөвлөснөөс гурав дахин олон хүн ам амьдраад ирэхээр өнөөдрийн бүх асуудал үүсээд байгаа юм. Саяхан нэг даатгалын байгууллага “Монгол Улсад агаарын бохирдлоос болж жилд 3300 орчим хүн нас барж байна” гэсэн судалгаа гаргасан байна билээ. Энэ үнэхээр аймшигтай үзүүлэлт. Тэгвэл хөрсний бохирдол үүнээс ч илүү их гамшгийг бий болгож байна. Өнөөдөр Улаанбаатарт 200 мянгөн айл гэр хороололд амьдарч байгаа гэж үзэхэд 200 мянган жорлон хөрсийг бохирдуулж байгаа гэсэн үг.

Энэ бохирдол арилахгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулна гэж хэдэн жил ярив. Угаагүй зуух, яндан, утаагүй түлш, дулаалга, үүдний гонховч гээд санаагүй сэдээгүй зүйл бараг үлдсэнгүй. Гэвч эцсийн дүнд төсвийн хөрөнгө дэмий үрэгдлээ, “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилт үр дүнгүй цацагдлаа.  

-Тэгвэл таныхаар ямар гарц байгаа юм бэ?

-Ганцхан гарц бий. Шинэ хот төлөвлөх хэрэгтэй. Бодоод үзье. Бид 1960-1990 оны хооронд хэчнээн хот босгов. Тэгвэл 1990 оноос хойш хэчнээн хот балгадыг нураав. Ингээд бодохоор бид одоо дахин нэг шинэ хот босгох цаг болчихлоо. Тэртэй тэргүй Монголчууд нүүдлийн соёл иргэшлээ хадгалаад явахгүй, суурин соёл иргэшилд шилжиж амьдарна гэдгээ ойлгочихлоо. Цаг үе ч үүнийг шаардаж байна. Тэгэхээр бид шинэ хот босгох л хэрэгтэй байхгүй юу. Нэг жишээ татъя. Өнгөрсөн онд “Хүй долоон худаг”-т 10 мянган морьтон цуглаж гиннесийн номонд бүртгүүллээ.

Энэ үйл ажиллагааг үзэж сонирхох гэж маш олон хүн “Хүй долоо худаг”-т цугласан. Тэр өдөр Улаанбаатар хотын зам ямар ч түгжрэлгүй болсныг иргэд санаж байгаа байх. Энэ нь юу хэлээд байна гээч. Энэ хэмжээний автомашиныг өөр хот руу аваачиж чадах юм бол бид түгжрэлгүй болно, асуудал нэмгэрнэ гэдгийг л хэлээд байгаа хэрэг.

-Гэр хорооллыг дахин төлөвлөж, утааны асуудлыг шийднэ гээд байгаа шүү дээ?

-Одоо байгаа гэр хорооллын замбараагүй суурьшчихсан айлуудыг дахин төлөвлөж, орчин үеийн инженерийн байгууламжтай хорооллыг бий болгоно гэж байна. Эхнээсээ хийгдэж байх шиг байна. Гэхдээ нийтээр нь аваад үзвэл энэ асуудлыг шийдэхэд хүнд гэдгийг бид хаана хаанаа мэдэж байгаа. Азийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээс харахад Хятад, Япон, Солонгосын гэр хорооллоосоо салсан арга нь орон сууцжуулах ажил л байсан.

Гэр хорооллын хашаа байшинтай айл өрхүүдийг хүчээр нүүлгэж, газар дээр нь орон сууц барьсан. Үүнээс гадна миний яриад байгаа хотоо нүүлгэж асуудлаа шийдсэн жишиг мөн олон байдаг. Тэгэхээр энэ их мөнгийг үргүй зарж, гарын салаагаараа урсгаж байхаар нэгдсэн байдлаар хот төлөвлөхөд зарцуулах хэрэгтэй. Бидэнд маш том давуу тал байгаа. Япон, Солонгосыг бодвол бидэнд өргөн уудам нутаг байна шүү дээ.

-Бодож үзэх хэрэгтэй санаачилга байна. Гэвч бодлого зангидаж, хууль баталж, төр барьж суугаа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол төрж байна л даа. Магадгүй тэдний хувьд хэзээ ч утаанаас салгахгүй зуухаа зараад, эсвэл хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй цахилгаан станцаа яриад суух нь “чухал” байж болох шүү дээ?

-Ардчилсан нийгэмд дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх хэнд ч нээлттэй. Үе үеийн шийдвэр гаргагчдын гаргасан шийдвэр амьдрал дээр батлагдахгүй байгаа нь харагдлаа. Жишээ нь тэр зуух, яндан, утаагүй түлш ямар үр дүн авчрав. Цахилгаанаар халаана гэх мөртлөө эх үүсвэр нь алга. Өнөөдөр хийн халаагуурын асуудлыг ярьж эхэллээ. Гэтэл хийн халаагуурын систем хамгийн өндөр өртөгтэй. Бид иргэдийнхээ боломж бололцоог бодолцох ёстой шүү дээ.

Би төрийн гурван өндөрлөг, бодлого, шийдвэр гаргагчдад нэгэн нөхөрсөг урилга хүргэмээр байна. Өглөө, оройны ид утаатай үеэр манай дүүргээр нэг яваад үзээсэй гэж. Бид хоёр метрийн цаана юу байгааг хардаггүй байхад саарал ордон, “Их тэнгэр”-т заларч буй нөхөд нэг удаа ч гэсэн ард түмнийхээ амьдралын дунд орж, бодит байдлыг хараасай гэж хүсдэг юм. Энэ бүхнийг өөрчлөх цаг нь болсон, өөрчлөх ганц арга шинэ хот байгуулах юм шүү гэдгийг залуучууддаа уриалмаар байна.