МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдүүдийг хэлэлцлээ. Мөн Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг томилох тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ Ерөнхий сайд сунжруулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд нарыг томилох асуудлыг давхар хэлэлцэх ёстой байсан.
Гэтэл зөвхөн Уул уурхайн сайдыг томилох тухай оруулж ирлээ. Дээр нь МАН-ын бүлэг хариуцлага тооцох асуудлыг орхигдуулж болохгүй гэдгийг Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн. Харамсалтай нь, энэ асуудал дарагдаж, сайдууд чөлөөлөгдсөнөөр асуудлыг нэг талд нь шийдэх болж байна.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг цогцоор хэлэлцэх ёстой хэмээн үзэж, тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ.