С.Бямбацогт гишүүн малчдыг дэмжсэн тогтоолын төсөл санаачилжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.
Түүнийг орон нутагт ажиллах үеэр малчид хонины ноосоо бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа талаар ярьж, энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна.
Дээрх тогтоолын 2.1-д хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан хонины ноос болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан байдаг. “Хоршооны гишүүн” гэсэн энэхүү тодотголыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ
. Гэвч ноосны ченжүүд Хоршооны тухай хууль болон хоршооллын талаарх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын нээлттэй, гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан зарчмыг алдагдуулж, орон нутагт зохион байгуулалттай хоршоодыг олноор байгуулж малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, ноосны урамшууллын мөнгөнөөс суутгах зэргээр хууль зөрчиж эхэлсэнд малчид дургүйцлээ илэрхийлжээ.
“Хоршооны гишүүн” гэсэн энэхүү тодотголыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ
Ийм байдлаас болж хоршоонд нэгдэх сонирхол буурсан, улмаар ноосны урамшууллаа авч чадахгүйд хүрээд байгаагаа малчид эрхэм гишүүнд учирласан аж.
Тиймээс С.Бямбацогт гишүүн малчдын санал хүсэлт дээр үндэслэн 30 дугаар тогтоолд заасан "хоршооны гишүүн" гэдэг тодотголд үйлчлэх хугацааг 2016 он хүртэл хойшлуулах тогтоолын төсөл санаачилж, Засгийн газраас санал авах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Өөрөөр хэлбэл, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын 4 дэх заалтын “2014 оны нэгдүгээр сарын 1-ний” гэснийг “2016 оны нэгдүгээр сарын 1-ний” гэж өөрчлөн, уг тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх тогтоолын төслийг боловсруулжээ.