Д.Галсандорж: Эрдэс бүтээгдэхүүний жишиг үнийг бодитоор тогтоох хэрэгтэй
Монголын Уул Уурхайн үндэсний Ассоциациас эрдэс бүтээгдэхүүний экспорт өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрдэс бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоох талаар асуудлыг хэлэлцэхээр холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон аж. Хэлэлцүүлэгт оролцогчид эрдэс бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоох одоогийн аргачлал бол буруу байгаа гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгвэл энэ сэдвээр Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой ярилцлаа.
-Хэлэлцүүлгийн үр дүнд одоогийн аргачлал бол буруу гэж тогтоосон байгаа. Бусад далайн тээвэр хийдэг орнуудын аргачлалтай харьцуулах нь буруу сонсогдож байна. Тэгвэл үүнээс гарах гарц юу байна. Шинэ аргачлалын томьёо гарсан байгаа юу ?
Эрдсийн бүтээгдэхүүний үнэлгээг тогтоож байгаа аргачлалыг бид буруу гэж хэлээгүй л дээ. Ерөнхийдөө энэ аргачлалыг олон орны жишигт тааруулан боловсронгуй болгоё гэдэг асуудал яригдсан. Яагаад гэвэл дэлхийн орнуудад нөөц ашигласны төлбөрийг авдаг хэд хэдэн аргачлал бий.
Зарим оронд цэвэр ашгаас авч байна, эрдсийн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээнээсээ хамаараад авчихдаг бас нэг арга байна. Эхний аргыг бол уул уурхай өндөр хөгжсөн, бизнесийн орчин нь тогтсон Австрали, Канад зэрэг орнууд хэрэглэдэг. Харин манай оронд бол нөөц ашигласны төлбөрийг жишиг үнийн хөлсөн дээр борлуулалтын орлогоос авч байгаа. Энэ бол хөгжиж байгаа орнуудад хэрэглэдэг арга. Энэ аргыг хэрэглэх үед татвар хураахад их амар байдаг.
Татварыг өндөр ноогдуулчихвал уул уурхайн компаниудын үйл ажиллагаа техник технологио шинэчлэх, шинэ бүтээн байгуулалт хийх, өргөтгөхөд хөрөнгө үлддэггүй учраас хүндрэлтэй байдаг. Хэлэлцээрээр бид төмөр, жоншны баяжмалын талаарх асуудлыг хэлэлцсэн. Одоогийн сангийн яамнаас гаргасан аргачлал нь Австрали, Хятад улсуудын боомтын үнээр тогтоодог арга юм. Тиймээс Сангийн яамны ажлын хэсэг үнийг тооцохдоо тээврийн зардлыг хасаж үнээ тогтооч гэдэг асуудал яригдаж байгаа.
-Оюутолгойн асуудал их анхаарал татаж байна. Тодорхой хэмжээгээр нааштай шийдэгдсэн. Холбооны ерөнхийлөгчийн хувьд энэ явцыг хэр сайн гэж дүгнэж байгаа вэ. Экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ ханшийн төлвийг хэрхэн харж байна ?
Зэсийн үйлдвэрлэл экспортын хэмжээ сайн байгаа. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой эхний ээлжийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байна. Оюутолгойн хоёрдугаар ээлж ашиглалтанд орчихвол манай зэсийн экспортын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, валютын орлого ч өснө. Мөн гадаад зах зээлд сайн сигнал болох боломжтой.
Оюутолгойн хоёрдугаар ээлж ашиглалтанд орчихвол манай зэсийн экспортын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, валютын орлого ч өснө.
Гэхдээ энэ гэрээ хэлэлцээрийг нарийн судалгааны үндсэн дээр аль аль талдаа харилцан ашигтай байхаар шийдээсэй гэж хүсэж байгаа. Зах зээлийн үнийн хувьд зэсийн үнэ харьцангуй өндөр. Энэ үед бүтээн байгуулалтыг түргэтгэвэл аль аль талдаа ашигтай үр дүнтэй болно гэж бодож байна. Эдийн засаг саарсан ч зэсийн баяжмалын хэрэгцээ Хятадын зах зээлд өндөр байгаа учраас үнэ дараа жилд ч энэ хэвээрээ хадгалагдах байх гэж бид нар үзэж байгаа.
-Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү-