Д.Галсандорж: Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд өндөр татвар тогтоомоор байна
Монголын эдийн засгийн чуулган-2014” ээлжит чуулга уулзалт энэ сарын 24, 25-ны Төрийн ордонд болох гэж байна.
Монголын эдийн засгийн форум нь гадаад, дотоодын эдийн засагчид, судлаачид, эрдэмтэн мэргэд болон төр засгийн өндөрлөгүүд, бодлого, боловсруулагчдын хүрээнд өндөр төвшинд зохион байгуулагддагаараа онцлогтой.
Өнгөрсөн жилийн чуулганаар оролцогчид “Монгол брэнд”-ийг онцолсон бол энэ удаагийн чуулганаар “Монголдоо бүтээцгээе” уриан дор хэлэлцүүлэг өрнүүлэх нь. Бид энэ удаагийн чуулганыг угтан “Монголдоо бүтээх” боломж хэр байна вэ, үйлдвэрлэлийг дэмжихэд төр засаг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ гэсэн сэдвээр эдийн засагч, судлаачдын байр суурийг сонслоо.
Монголын экспортлогчдын холбооны тэргүүн, эдийн засагч Д.Галсандорж:
Монголын арматурын хэрэгцээ жилд 400-500 мянган тонн.
-Импортыг орлох бүтээгдэхүүн гэвэл сүүлийн жилүүдэд манай барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Эрчимтэй хөгжиж байгаа барилгын салбарын үндсэн хэрэгцээ нь цемент, арматурын төмөр байна. Харамсалтай нь манайд дотоодод ажиллаж байгаа үндэсний үйлдвэрүүд арматурын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Монголын арматурын хэрэгцээ жилд 400-500 мянган тонн. Үүний 20-30 хувийг ч хангаж байна. 70 хувийг нь Хятад, Оросоос импортоор авч байгаа.
Арматурын төмрийг үйлдвэрлэж байгаа Дарханы металлургийн үйлдвэр хүчин чадлынхаа 40 хувийг л ашиглаж байна. 100 мянган тонн арматурын төмөр үйлдвэрлэх ёстой үйлдвэр өнөөдөр 40-50 мянган тонныг л үйлдвэрлэж байна. Нөгөөтэйгүүр манай уулын үйлдвэрүүд, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой байна.
“Эрдэнэт” үйлдвэр жилд 20 мянган тонн ган бөмбөлөг авдаг. Оюутолгой бол 30-40 мянган тонныг импортоор авч байгаа. Тэгэхээр бид хэрвээ хүчин чадлаа ашиглах, Дарханы металлургийн үйлдвэрийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх хэрэгцээ гарч ирээд байна. Тийм учраас өнөөдөр бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, Чингис бонд эсвэл шинээр авах гэж байгаа санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгийг эцэслэн хуваарилахгүй байна.
Хоёрдугаарт, цемент, тоосгоны дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц үйлдвэрүүдийг манай хувийн хэвшлийнхэн бариад, ашиглалтад оруулахад бэлэн болгочихсон байгаа. Тэгэхээр цаашдаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дотооддоо үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнийхээ импортыг аажмаар багасгах, тарифыг нь нэмэгдүүлэх шаардлагатай.