НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулганд С.Эрдэнэ оролцлоо
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ үг хэллээ.
2014.09.25

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулганд С.Эрдэнэ оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хүрээнд энэ сарын 22-нд  Нью-Йорк хотноо болсон Хүн ам ба хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулганд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  оролцлоо.

Тус чуулганаар хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлыг үнэлэх, Засгийн газруудыг улс төрийн хамгийн өндөр түвшинд дахин үүрэг хүлээлгэхийн тулд уг мөрийн хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг бүрэн хангахад шаардлагатай арга хэмжээг авч явуулахад улс төрийн дэмжлэгийг дахин шинээр авах, 2014 оноос хойших үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, хөгжлийн явцад тулгарч буй шинэ бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна. 

Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар байр сууриа илэрхийлж үг хэлсэн байна. 

Мөн тэрбээр энэ үеэр Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр төвшний хуралдаанд оролцжээ. Тус  хуралдаан нь  Уугуул иргэдийн асуудлыг дагнан хэлэлцэж буй НҮБ-ын анхны арга хэмжээ болж байгаагаараа онцлог аж.