Сайд Л.Болд Нью-Йорк хотноо ажиллаж байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд оролцогч улсуудын Гадаад хэргийн сайд нартай 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нью Йорк хотноо уулзав.
Ази тивийн 12 улс 2002 онд эхлүүлсэн Азид хамтын ажилагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд эдүгээ тус тивийн 31 улс оролцдог бөгөөд Саудын Арабын Вант Улсын Гадаад хэргийн сайд тэргүүлж байна.
Эдгээр улс Ази тивд эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих, харилцан тэгш боломж олгох замаар хамтдаа хөгжихөд чиглэсэн санал санаачилгуудыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудын талаар санал солилцлоо.
Монгол Улс хүний хөгжил, боловсролын асуудалд чухалчлан анхаардаг
Сайд Л.Болд уг уулзалтад хэлсэн үгэндээ Монгол Улс хүний хөгжил, боловсролын асуудалд чухалчлан анхаардаг бөгөөд Бичиг үсгийн боловсролын НҮБ-ын арван жилийг санаачилсан болохыг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд оролцогч орнуудын боловсролын салбарын мэргэжилтнүүдийн семинарийг 2015 онд өөрийн оронд зохион байгуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Энэ үеэр сайд нар Саудын Арабын Вант Улсад 2014 оны 11 дүгээр сарын 25–нд Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд оролцогч орнуудын сайд нарын 13 дахь удаагийн уулзалтаас Боловсролын салбарт хамтын ажиллах Рядын Тунхаглал гаргахаар шийдвэрлэв.
Куба улсын гадаад хэргийн сайдтай уулзав
Куба улсын гадаад хэргийн сайдтай уулзав
Сайд Л.Болд Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Эдуардо Родригез Парильятай 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр уулзаж хоёр орны харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодол солилцов.
Тэрээр Монгол Улс Куба Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч ирснийг уулзалтын эхэнд тэмдэглэж, энэхүү уламжлалт, найрсаг харилцааг цаашид идэвхжүүлэх, чингэхдээ боловсрол, спорт төдийгүй эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Мөн хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтойг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээг эхлүүлэх зорилгын үүднээс Куба Улсын Ерөнхийлөгч Рауль Кастрог Монголд Улсад айлчлахыг урьсан урилгыг Куба Улсын Гадаад хэргийн сайдад гардууллаа.
Сайд нар Монгол, Кубын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах арга замыг эрэлхийлж ажиллахаар тохиролцсон бөгөөд олон талт хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын хүрээнд цаашид ч үр бүтээлтэй хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж байх асуудлыг хөндөн ярилцав.Монгол Улс, Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2015 онд тохиох юм.
Тринидад ба Тобаго улсын гадаад хэргийн сайдтай уулзав
Сайд Л.Болд Тринидад ба Тобаго Улсын Гадаад хэргийн сайд Винстон Доокерантай 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзав.
Монгол Улс, Тринидад ба Тобаго Улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоох талаар Гадаад хэргийн сайд нар санал солилцож, хоёр орны хооронд хоёр болон олон талын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.
Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахыг ярьж тохиролцсон бөгөөд Монгол Улс Тринидад ба Тобаго Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах өргөн боломжийг нээж байгаа нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 онд болох сонгуульд нэрээ дэвшүүлсэнтэй холбогдуулан сайд Л.Болд Тринидад ба Тобаго Улсын дэмжлэгийг хүссэний хариуд Гадаад хэргийн сайд Винстон Доокеран түүний хүсэлтийг нааштайгаар хүлээн авахаа мэдэгдэв.
Түүнчлэн Тринидад ба Тобаго Улсад төв нь байрладаг Карибын улсуудын холбоо байгууллагын 25 гишүүн улстай харилцах, Монгол Улсыг тэднээр дэмжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа Тринидад ба Тобаго Улсын Гадаад хэргийн сайд илэрхийлээд Гадаад харилцааны сайд Л.Болдыг өөрийн оронд айлчлахыг албан ёсоор урив.