Сирид нэг өдөрт 100 гаруй хүн амиа алджээ
Хамгийн сүүлд буюу энэ сарын 9-нд Сирийн Хама мужид Засгийн газрын цэргүүд босогчдын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ.
Энэ үеэр 100 гаруй хүн амиа алдсаны 19 нь Засгийн газрын цэргүүд, найм нь босогчид, үлдсэн нь энгийн иргэд байж. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр Сирийн аюулгүйн хүчнийхэн хүчээ сэлбэх үүднээс нисдэг тэргээр цэргүүдээ мөргөлдөөн болж буй газарт зөөж байсан гэнэ.
Урьд нь НҮБ-ын экс Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Сирийн нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах тухай саналыг дэвшүүлсэн юм. Түүнийг нь Сирийн төрийн тэргүүн ч сайшааж, гэрээ байгуулах болсон. Уг гэрээгээр бол энэ сарын 10-ны дотор Сирийн цэргүүдийг босогчдын хотоос гаргахыг дурдсан байна. Гэвч Сирийн аюулгүйн хүчнийхэн босогчид галаа зогсоох талаар бичгээр амлалтыг нь авсны дараа л цэргээ татахаа мэдэгдсэн байна. Тиймээс цуст мөргөлдөөн одоо ч үргэлжилсээр байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн мөргөлдөөний улмаас ойролцоогоор есөн мянган хүн амь үрэгдсэн хэмээн НҮБ-ын тайланд дурджээ.