Сайд Ж.Энхбаяр БХИС-д зочиллоо
2012.04.04

Сайд Ж.Энхбаяр БХИС-д зочиллоо

Өнгөрөгч 7 хоногт нийслэл болон Налайх, Төв аймагт байрладаг Зэвсэгт хүчний 7 ангийн ажил байдалтай танилцсан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өчигдөр Монгол Улсын ууган их сургуулийн нэг Батлан хамгаалахын их сургууль /БХИС/-д зочиллоо. Сайд Ж.Энхбаяр тус сургуульд суралцсан дэслэгч цолтой офицер бөгөөд түүнийг хүрэлцэн очиход төрөлх сургуулийнх нь хүндэт харуул жагсан хүндэтгэн хүлээж авав.Сайд Ж.Энхбаяр тус сургуулийн харьяа сургуулиуд, хичээл сургалтын танхим, сурагч сонсогчдын байрладаг байрыг сонирхон үзэж, сонсогчидтой цэргийн нормт хоол амтлан сонсогч үеэ дурслаа. 

Бас Цэргийн инженерийн сургуулийн багш Н.Мөнх-Эрдэнийн санаачилгаар байгуулсан Цэргийн удирдлага, холбоо мэдээллийн танхимыг нээх ёслолд оролцон тууз хайчиллаа. Энд мульти медиа студи ажиллуулан видео хичээл, электрон сургалтыг хөгжүүлэх зорилго тавьжээ. Мөн багш, эрдэмтэн судлаачид, сонсогч оюутнуудын төлөөлөлтэй уулзан БХИС-ийн цаашдын хөгжлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм.БХИС-ийнхан цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн 2011 онд сургуулийнхаа тохижилт, өнгө төрхийг засах талаар багагүй сэтгэл зүтгэл гарган ажиллажээ.

Цаашид сургалт, эрдэм шинжилгээний материаллаг баазаа бэхжүүлэх, багш, эрдэмтэн судлаачдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, штаб, “Тэмүжин-Өрлөг” сургуулийн байр, спорт цогцолбор, 1000 оюутны байр барихаар төлөвлөжээ.Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн командын болон Инженерийн сургууль, Ахлагчийн сургууль, Цэргийн хөгжмийн сургууль гэсэн бүтэцтэй энэ их сургуульд цэргийн, энгийн 50 гаруй мэргэжлээр 3000 гаруй оюутан сонсогч суралцдаг. Мөн 2010 онд байгуулагдсан цэргийн сургалттай “Тэмүжин-Өрлөг” дунд сургуульд 11-13 насны 60 хүүхэд суралцаж байна.

Цэргийн тусгай дүрэмт хувцас өмсгөн цэрэгжлийн хичээл заадаг энэ сургуульд хүүхдээ өгөхөөр эцэг эхчүүд хошуурдаг гэнэ. Өнгөрөгч жил 200 гаруй хүүхэд шалгуулснаас 60 нь тэнцэж орсон аж. БХИС-д сурагч сонсогчдын байр, хичээлийн анги танхим хүрэлцээтэй бөгөөд орчин үеийн номын сан, цэргийн сургалтын электрон дадлагын танхим гээд дутуу зүйл алга. Бас буудлагын спортын “Аварга” клуб энд байдаг бөгөөд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа бэлтгэлээ хийдэг гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.