Тайгад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн арван түймэр гарчээ. Тодруулбал, Дорнодод тав, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт таван түймэр бүртгэгдсэн байна. Эдгээр түймрээс дөрөв нь аянганаас үүдэж гарсан аж. Түймэр гарсан бүсэд онцгой байдлын албаны гал сөнөөгчид шуурхай ажиллаж аюулгүй болгожээ.
Харин эх сурвалжийн мэдээллээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгын II багийн нутаг “Их жамс”, “Хар тор”-ын голын бэлчирт энэ сарын 19-нд гарсан түймрийг унтраахаар ажиллаж буй юм. Түймэр сумын төвөөс 70 км зайтай хэсэгт гарчээ. Уг бүс нь автомашинтай очих боломжгүй хөвч тайга гэнэ. Түүнчлэн Увс аймгийн Сагил сумын нутаг “Дэвсэн” хэмээх газарт гарсан түймрийг энэ сарын 24-нд цурманд оруулж унтраасан байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 15, есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл ой, хээрийн түймэр гардаг хамгийн аюултай үе гэдгийг албаныхан хэлдэг. Тэгвэл намрын улиралд хуурайшилт ихтэйгээс гадна самар, жимс түүх гэсэн иргэдийн цуваа “ой” руу чиглэдэг. Энэ үед ил задгай гал түлэх, үнс нурмаа унтраахгүй явснаас үүдэж түймэр тавьдаг.
Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагаас заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараадаг ч тусыг эс олдог байна. Иргэдийн хайнга үйлдэл, хайхрамжгүй зангаас үүдэж 2014 он гарсаар улсын хэмжээнд 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсан гэх мэдээлэл бий. Тэгвэл иргэд аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо юуг анхаарвал зохистой вэ.
2014 он гарсаар улсын хэмжээнд 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсан гэх мэдээлэл бий
Нэн тэргүүнд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины иш, цог, нурмыг бүрэн унтраах нь чухал. Татаж дууссан тамхины ишээ хаа сайгүй хаяхад ямар эрсдэл учирч болохыг жишгээр хэлбэл,, тамхины цог асаасан эхний үед 360-620 целсийн хэмд хүрч аажмаар буурдаг ч 26-30 минутын дараа уугиж дуусдаг аж. Унтраалгүй хаясан тамхины иш шатах материал дээр унажээ гэж үзвэл аажмаар цооногдон 1-4 цагийн хугацаанд цогшилт үүсэн хүрээгээ тэлж шаталт үүсдэг байна.
Мөн машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, насанд хүрээгүй хүүхдийг чүдэнз, асаагууртай ой руу явуулахгүй байхыг албаныхан анхаарууллаа. Харин суурин айл өрхүүд гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татаж шороон зурвас гаргавал учирч болзошгүй түймрийн аюулаас хамгаалж буй хэрэг юм.