Б.Дуламсүрэн: Борооны улмаас гурван хүн амиа алдлаа
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, гол мөрний түвшин нэмэгдээд байгаа. Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Зарим аймгуудад бороо орж гол нуурууд үерлэж байна. Байдал ямар байна вэ?
-Иргэд үерийн аюулаас сэрэмжтэй байхгүй бол Өвөрхангай аймгийн Богд суманд усархаг бороо орсны улмаас уулын үер бууж мотоцикльтой зорчиж явсан хоёр иргэн осолдсон байна.
Бас Баянхонгор аймгийн Жинст суманд дуу цахилгаантай бороо орж, аянга буусны улмаас мал хариулж явсан малчин аянганд цохиулж нас барлаа.
Цаашид ихэнх нутгаар бороо орж гол, мөрөн үерлэнэ. Өнөөдөр нутгийн зүүн хагаст, маргааш баруун зүгийн нутгийн баруун, говийн нутаг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Лхагва, пүрэв гаригт ихэнх нутгаар ширүүн бороо орно.
-Усны төвшин нь нэмэгдсэн ямар голууд байна вэ?
-Буянт, Ховд гол орчим, Хангайн нурууны өврийн Таац гол, Орхон голын дунд хэсэг түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол, Их Хянганы нурууны Халх голын усны төвшин нэмэгдсэн. Мөн Алтай нуруунаас усжих Ховд гол, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг давж үерлэсэн байна.
Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэд үер усны аюул, гол усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.