"Кожеговь" компани ураны хайгуул хийж буй Дорноговь, Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн байна.
2014.08.20

Ураны хайгуулчид Заган ой сүйтгэж гол ус ширгээжээ

Ураны хайгуулын явцад байгаль орчин болон хүн амьтанд ихээхэн хор хөнөөл учирч байна хэмээн "Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл", "Босоо Хөх Монгол" төрийн бус байгууллагынхан мэдэгдлээ.

Тус байгууллагынхан АНУ-ын Нью Мексико мужийн Зүүн өмнөд эргийн Судалгаа мэдээллийн төвийн захирал Пол Робинсонтой хамтарч "Арева" корпорацын салбар "Кожеговь" компани ураны хайгуул хийж буй Дорноговь, Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн байна.

Тэднийг орон  нутагт ажиллах үед "Кожеговь" компани хууль тогтоомж биелүүлдэггүй, стандарт дүрэм журам мөрддөггүй, байгаль орчинд хор хөнөөл ихээхэн учруулж байжээ.

Тухайлбал, ураны хайгуулын өрөмдлөг, туршилтын олборлолт хийхдээ цацраг идэвхит бодис байгаль орчинд тархахаас сэргийлэх стандарт дагаж мөрддөггүй аж. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь заган ойд өрөмдлөг хийж сүйтэгжээ.

Уг заган ой нь Монгол Улсын ойн санд бүртгэлтэй бөгөөд 300-400 тэмээ ороход л харагддаггүй байж. 

Гэтэл хайгуулын өрөм зоосноос хойш заган ой шингэрсээр армаг тармаг болсон байна.

Заган ой устахад өрөмдөх талбайгаа чөлөөлж булга татах, авто машин явах зам гаргах, химийн бодисын хор хөнөөл зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн нутгийн иргэд үзэж буй аж. Үүнээс гадна ямар ч зөвшөөрөл авалгүй сайжруулсан зам тавихдаа далангийн шороо авах гэж нэлээд хэмжээний газар ухаж байгаль орчин сүйтгэсэн гэж буй юм.

Кожеговь компани  Сүхбаатар аймгийн Онгон  сумын нутагт бас л ураны хайгуулын лиценз эзэмшдэг. Ингээд гүний усны давхарга тогтоох зорилгоор Хавиргын булаг хэмээх газарт 2011 онд хоёр удаа өрөмдлөг хийсэн байна.

Гэвч ажлаа дууссаны дараа нөхөн сэргээлт хийлгүй өрөмдсөн цооногоо онгорхой орхижээ. Үүний улмаас ус алдагдаж ойр орчимд нь шавар тогтсон аж. Энэ шаварт мал, амьтан шигдэж үхэх тохиолдол удаа дараа гарч буй юм.

Тэгээд зогсохгүй тус сумын цэвэр усны ганц нөөц Хавиргийн булагын ундарга муудаж ширгэх аюулд орсон байна. Нутгийн иргэдийн яриагаар уг булгаас хоолой татаж томоохон цөөрөм бүрдүүлдэг байсан ч ундарга нь муудсан тул боломжгүй болжээ.

Өрөмдлөг хийж гаргасан цооногоос 10 секундэд 500 мл ус алдагдаж буй тооцоо ч хийгээд байгаа юм.

Уг цооногоос гарч буй ус нь шүлтлэг болж цагаан тундас үүсэх болжээ. Үүнийг нутгийн иргэд гүний ус хужиртай болсон гэж байгаа ч мэргэжлийн байгууллагаар ямар нэг шинжилгээ судалгаа Робинсон "Монгол Улсад ураныг уусган баяжуулах технологи буюу газрын гүнд хүхрийн хүчил шахаж чулуулгийг нь хайлуулаад соруулан авч ураныг ялгадаг байна. Энэ технологи маш аюултай.

Гүний ус, газрын хөрсийг эргэж ашиглах хэмжээнд хүртэл цэвэршихээргүй бохирдуулдаг. Өнөөдөр шинжлэх ухаан хүхрийн хүчилд бохирдсон ус, хөрсииг цэвэршүүлэх арга олж чадаагүй байна" гэж хэлжээ. "Босоо Хөх Монгол" төрийн бус байгууллагын тэргүүн Э.Төмөрхуяг "Уран бол маш аюултай.

Өнөөдөр шар нунтаг аюулгүй, долоосон ч яах ч үгүй гээд байгаа хүмүүс бий. Тэд тэгвэл ард түмний нүдэн дээр өөрсдөө долоогоод үзүүл л дээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ураны тархалт, цацраг идэвхит бодисын талаар нарийвчилсан шинжилгээ судалгаа хийж дүгнэлтээ гаргаад жил гаруйн нүүр үзэж байна.

Гэвч Засгийн газар мэргэжлийн байгууллагуудын, хийсэн энэ дүгнэлтийг иргэдэд дэлгэхгүй өдий хүрлээ. Зүгээр л уран олборлоход хоргүй л гэж яриад байгаа. Германы эрдэмтэд гурван жилийн өмнө Улаанбадрах суман дахь ураны хайгуулын талбай орчимд багаж суурилуулсан юм билээ. Түүнийгээ саяхан аваад явсан. Ямар хариу гарсныг эргээд бидэнд мэдээлнэ гэсэн" хэмээв.

Дашрамд дурдахад "Арева" нь Францын төрийн өмчит корпораци бөгөөд ураны шар нунтаг үйлдвэрлэлээр дэлхийд анхдагч нь. Одоогоор дэлхийн 43 оронд үйл ажиллагаа явуулдаг. Монголоос гадна Австрали, Канад, Намиби, Нигер, Казахстан зэрэг улсаас уран олборлож байна.

Эдгээр улсаас байгаль орчин, хүн амд хамгийн их хохирол учруулсан нь Нигер. Тус улсаас 40 жилийн турш уран олборлож байгаа ч эдийн засаг, хөгжилд нь ямар ч өөрчлөлт гараагүй. Баруун Африкийн ядуу зүдүү, буурай орон хэвээр байгаа юм.

Анх уран олборлохдоо Нигерт хоёр дахь Парис байгуулна гэж байсан ч талаар өнгөрчээ. Харин ч газар нутаг нь цацраг идэвхит бодисоор бохирлогдож, иргэд, нь хордож буй аж. Нигер улс 2006 онд дэлхийн хамгийн хоцрогдсон орноор тодорч байжээ.

Швейцарийн хүний эрхийн байгууллага тус компанийг  буруутгаж 2008 онд Дэлхийн хамгийн муу компаниар шалгаруулсан байна. Учир нь Нигерт байгаль орчин цацраг идэвхит бодисоор  бохирдсон, ажилчдынх нь үхэл маш их байгааг үндэслэн үзжээ.