Н.Тэгшбаяр: Монгол улс 2016 он хүртэл уран олборлож экспортлохгүй
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.06.25

Н.Тэгшбаяр: Монгол улс 2016 он хүртэл уран олборлож экспортлохгүй

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас уран олборлох талаар тодрууллаа.

-Уран олборлоно гэж байгаа. Энэ ашигт малтмалаас хэдий хэмжээний орлого олно гэж тооцож байгаа вэ?

-Одоогоор ашиглаж эхэлсэн орд байхгүй. Ашиглаад эхэлвэл тухайн орд бүрээс шалтгаалаад өөр өөр байх болно. 2010 онд 28 аж ахуйн нэгж 140 орчим лиценз эзэмшиж ураны эрэлхайгуул хийж байсан. Тэр үед улсын төсөвт лицензийн төлбөрт жилд гурван тэрбум төгрөг орж ирдэг байсан.

Одоо 50 лицензээс жилд нэг тэрбум төгрөгийн төлбөр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл улсын төсөвт орох ураны хайгуулын лицензийн төлбөр гурав дахин буурсан. Энэ бол зөвхөн ураны эрэл хайгуулын лицензийн асуудал биш.

Зөвхөн эндээс үзэхэд бусад ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийн орлого яаж буурсан нь тодорхой. Энэ бол хайгуулын лиценз зогсоосонтой холбоотой. Мөн үүнийг дагаад хөрөнгө оруулалт. ч буурсан үзүүлэлт бий. Тэгээд өнөөдөр эдийн засгийн хүндрэл үүсгэх нэг хүчин зүйл боллоо.

-Монгол Улс яг хэдэн оноос уран олборлож эхлэх гэж байна вэ?

-Энэ салбарын ажил урт хугацааны судалгаа, шинжилгээ шаарддаг. Бид одоогоор хууль эрх зүйн орчныг сайжруулах, иргэдэд ойлгуулах ажил хийж байна.

Ямартай ч 2016 он хүртэл уран олборлож, экспортлохгүй.

Ер нь, уран олборлоод эхэлбэл түүгээр дэлхийд эхний таван орны нэг болох бололцоо бий.

-Цөмийн хог хаягдал Монгол нутагт булшилна гэдэг мэдээлэл гарсан. Японы талтай энэ талаар гэрээ байгуулсан гэж байгаа. Цөмийн асуудал хариуцсан агентлагын даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Манай улс цөмийн хог хаягдлыг өөрийн нутагтаа булшлахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч цөмийн хаягдал байхгүй гэдгийг албан ёсоор зарлаж, зарлиг гаргасан.

Бид ард түмэнд худал хэлэх гэж энэ албан тушаалыг хашиж байгаа юм биш. Ард иргэд худлаа хийсвэр мэдээлэлд итгэхээс илүү тангараг өргөөд ажиллаж буй төрийн албан хаагчийн үгийг сонсох ёстой.

-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд цацрагийн хордлогын улмаас мал амьтад хордож байна, ургийн гажигтай төл гарлаа гэж байгаа. Танай агетнтлагаас газар дээр нь очиж шинжилж үзсэн үү?

-Улаанбадрах суманд цөмийн туршилт, цикл болоогүй. Сүүлийн хорин жилд Монгол Улсад нээгдээгүй ураны нөөц ихтэй том ордыг тус сумын нутгаас илрүүлж Эрдэс баялгийн сандаа бүртгэж авсан. Тэгэхээр энэ салбарт өрсөлддөг улс гүрнүүдийн стратегийн тэмцлийн талбар болжээ гэж би бодож байна.

-Ураны хайгуулын лицензийн маргаан гарч байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Олон улсын арбитрын шүүхэд хэлэлцэж байгаа тул энэ талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй.