Н.Тэгшбаяр: Ураныг эсэргүүцэгчид жийп унахаа болиод илжгээ уная гэж байгаагаас ялгаагүй
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр /өчигдөр/ “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-аас Дорноговь аймгийн газар нутгийг сүйтгэж, сүхбаатарчуудын ундны усыг ширгээж байгаа талаар мэдээлэл хийсэн. Байдал газар дээрээ ямар байгаа юм бэ. Үнэхээр тухайн нутагт хууль зөрчигдөж, асуудал олон нийтийн анхаарлыг татахуйц болчихсон хэрэг үү?
-Цөмийн энергийн газар цацрагийн хяналтыг хуваарьт болон хуваарьт бус байдлаар байнга хийж байгаа. Учиргүй ус гоожоод, цацраг идэвхижээд байгаа зүйл байхгүй.
Манай улсын хяналтын байцаагч нар дээжээ аваад, хяналтаа хийгээд явж байгаа.
Өнөө цагт малыг ч сургаар бус технологиор хайдаг болчихсон, дэлхий цөмийн технологиос хараат байгаа энэ үед бид норм, норматив, стандартын дагуу хяналтаа тавьж, аюулгүй байдлыг нь хянаж, хуулийн дагуу ажиллах ёстой.
Түүнээс биш бусдын адил “би очоод хараад ирлээ” гээд суугаад байж болохгүй.
Шинжлэх ухааны талаас нь хяналт хийгдэж байгаа.
Пол Робинсон гэдэг эрдэмтэн надтай ирж уулзаад “Усан ундарга гарч байна. Тэр нь эрдэс ихтэй байж магадгүй. Судлах хэрэгтэй байх аа” гэсэн. Тэр хүнийг тэгж хэлэх үед манай байцаагч нар аль хэдийн тийшээ явчихсан байсан. Одоо шинжилгээгээ хийж байгаа.
-Тэгвэл яг батлагдчихсан асуудал биш юм уу?
-Тийм ээ, яг тодорхой батлагдсан зүйл байхгүй. Тиймээс эрх бүхий аливаа улсын байцаагчийн дүгнэлтгүй, мэргэжлийн хүний албан ёсны тайлбаргүйгээр ердөө л өөрийн биеэр очиж харснаа тухайн асуудлыг буруу, зөв гэж хэлж болохгүй.
Үнэндээ өөрийн тань хэлээд байгаа мэдээлэл хийсэн ТББ-ын нөхөд дунд физикийн чиглэлийн ганц ч хүн алга. Өөрөөр хэлбэл физикч нь физикчийнхээ, жүжигчин нь жиүжигчнийхээ ажлыг хийсэн цагт Монгол Улс хөгжинө. Түүнээс над шиг физикч хүн эмчилнэ гээд байж болохгүй биз дээ. Манай салбарын талаар “А” үсгийн ч мэдлэггүй хүн тоглоом хийгээд л олон зүйл яриад байж таарахгүй шүү дээ.
Тийм хүмүүсийг өрөөнд маань хүрээнд ир ярилцъя гэж олон удаа гуйлаа. Одоог хүртэл ирсэн, ярилцсан хүн алга.
-Одоо орон нутагт байгаа багийнхны тань судалгаа, шинжилгээний ажлын хяналт, үр дүн хэзээ гарах вэ?
-Бид дөнгөж сая очиж дээж авсан юм биш. Цөмийн энергийн газрын дэргэд болон стандартчилал хэмжил зүйн газрын дэргэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тохирлын гэрчилгээтэй хоёр ч лаборатори байна. Тиймээс дээжээ аваад, тэнд дүн шинжилгээ хийдэг.
Үндсэндээ тэнд тэглээ, ингэлээ гэхэд нь бид гэнэт ухаан орсон мэт давхиад очдог юм биш шүү дээ. Байнгын хяналттай байдаг. Хуваарийн дагуу ажиллаж, шаардлагатай бол өдөр, шөнийн алинд ч үүргээ гүйцэтгэж байгаа.
Ер нь цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулагчдыг гадна, дотны гэхгүйгээр дэмжих үүрэгтэй. Гэхдээ хууль зөрчсөн бол хариуцлагыг нь тооцох тогтолцоо ч бий. Түүнээс биш уул уурхайг хөгжүүлье, хөрөнгө оруулалт татъя гэж байгаа бол алт, зэс, ураны уурхайнуудыг хууль бус зүйл хийгээгүй байхад нь бизнесийнх нь нэр хүндэд дураараа халддаг байдлаа болих хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчдыг гадна, дотны гэхгүй ижил, тэгш хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хууль зөрчвөл хаагаад, хуулийн дагуу бол дэмжих ёстой.
-Иргэдийн эсэргүүцэл үндсэндээ Кожеговь руу л хандаад байгаа шүү дээ?
-Энд аль нэг компани, аж ахуйн нэгжийг дурьдахаас илүү ерөнхийд нь нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл саяхан Сүхбаатар аймгийн Засаг даргын өрөөнд хэдэн биерхүү залуу дайрч орсон.
Хүй нэгдлийн үед л асуудлыг хүчээр шийддэг байсан шүү дээ. Түүнээс хойш хэдэн зуун, мянган жил өнгөрч, соёлт ертөнцөд асуудлыг хуулийн дагуу шийддэг болчихоод байна.
Хэрвээ тэдгээр залуу үнэхээр хууль сахиулах гээд байгаа юм бол тухайн сургуульд нь суралцаж, хуулийн байгууллагад ажиллаад ном, дүрмийнх нь дагуу тэмцэх ёстой.
Хууль сахиулах байгууллагууд тэгж л ажилладаг. Гэтэл тэднээс тусдаа хууль сахиулахыг “хүсэгчид” байж болохгүй.
-ТББ-ууд нэг үе хятадуудтай тэмцэж байна гээд л байсан. Дараа нь алтны уурхай руу чиглэсэн. Одоо бол уран, цөмийн салбар руу дайрч байна. Энэ нь ТББ-уудад хяналт тавиагүйгээс үүдэж, амар хялбараар мөнгө олох арга болж хувирсан гэж ойлгож болох уу?
-Ард түмний нэрийг барьсан ТББ-ууд олон болж. Үнэндээ олны эрх ашгийг хамгаалах гэж байгаа мэт боловч түүний цаана ганцхан хүн нэг байгууллагын тамга, гэрчилгээ барьчихаад явж л байгаа.
Тиймээс тэр ТББ-ын цаана, удирдах зөвлөлд нь хэдэн хүн байна гэх зэргээр асуудалд ханддаг байх хэрэгтэй. Чөлөөт цаг гарахаар нь л янз бүрийн асуудал хөндөөд л шоу хийгээд байж болохгүй шүү дээ.
Яагаад гэвэл хөрөнгө оруулагчдын өгч буй татвараар оюутнуудын тэтгэлэг, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагынхны цалинг өгч, улс орны батлан хамгаалах, сургууль, цэцэрлэгийн асуудал гээд маш олон зүйлийг шийддэг. Газар, сул хэвтэж байдаг мөнгө гэж хаа ч байхгүй.
-Манайхан ураны ач холбогдолыг тэр бүр сайн ойлгохгүй. Гэнэт л муу, муухай, хор хөнөөлтэй гэдэг талын ухуулгад автчихаад байна уу?
-Ураны асуудлыг би гэнэт гарч ирээд хөндөөд, хайгуул хийх гээд байгаа юм биш. Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд 51 жилийн өмнөөс энэхүү салбарыг судалж, Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ураны хайгуулын лицензийг нь олгож эхэлсэн шүү дээ.Үүний үр дүнд 1000 гаруй илэрцийг тогтоосон.
Монгол төрийн энэ бодлого л үргэлжилж байгаа болохоос өнөөдөр ураны талаар цоо шинэ зүйл гаргаж ирээд байгаа юм биш. Уран олборлоно гэдэг нь дэлхийн олон орны хувьд мөрөөдөл. Зарим улс орнуудад эдийн засгийн агуулгатай ураны орд байхгүй.Гэтэл манайд ийм орд байна, бид нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог гээд давуу тал олонтой.
-Гэхдээ танай байгууллага Цөмийн энергийн тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах гэх зэрэг үүрэгтэй. Дорноговь болон Сүхбаатар аймагт өрнөөд буй асуудлуудтай холбоотойгоор мэдээлэл түгээн дэлгэрүүлэх үүргээ хэр гүйцэтгэж чадаж байгаа вэ. Сайн үр нөлөөг нь орон нутгийн иргэд тэр бүр мэдэхгүй байх шиг ээ?
-Бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын байгууллагуудтай сургалт семинар зохион байгуулж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тодорхой хариултуудыг өгч байгаа. Төрийн бодлого шийдвэрийг боломжийнхоо хэрээр танилцуулж, сурталчилж байна.
Гэхдээ бидний өмнүүр сонгуулийн сурталчилгаа хийж байгаа мэт хэдэн нөхөр жийптэй давхиж очоод, баахан материал тараачихдаг. Үүнийх нь хойноос зөв ойлголт өгөх гэж явах хүндрэлтэй шүү дээ. Сая л гэхэд төсвөө хэмнэж байна гээд бид ус, цахилгаан, цалингаас өөр зүйлгүй болчихоод байж байна.
Гэтэл нөгөө нөхөд нь том, том жийп унаад оччихно. Түүнийх нь хойноос бид илжигтэй явж байгаагаас ялгаа алга. Энд нэг зүйлийг хэлэхэд ураныг эсэргүүцээд, цөмийн технологийг буруушаагаад байгаа хүмүүс тэр жийп машинаа унахаа болиод илжгээ уная гэж байгаагаас ялгаагүй шүү дээ.
-Саяхан ордод ашиглалтын лиценз авах зөвшөөрлийн талаар яригдаж байгаа гэсэн. Ямар шатандаа яваа бол?
-Дулаан уулын болон Гурванбулагийн ордуудад ашиглалтын лиценз авах хүсэлтээ өгсөн. Энэ нь хуулийн дагуу байсан учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Тагнуулын Ерөнхий газарт саналаа хүргүүлсэн.
Мөн Нэмэрийн болон Гурванбулагийн ордын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж батлуулсан байгаа.
-Цөмийн энергийн газар малын эрүүл мэндийг сайжруулах, оношилгоог чанаржуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн байх аа?
-Тийм ээ. Энэ төслийг Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл төслийг Олон Улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх юм. Ингэснээр махны экспортыг нэмэгдүүлэх сайн талтай.
ОХУ мах, малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлдэг зарим орнууддаа хориг тавиад байгаа. Тэгэхээр бид малын эрүүл мэндийг сайжруулж, оношилгоог чанартай хийдэг болсноор монгол малын махыг Оросын зах зээлд гаргахад том боломж болох учиртай.
Мөн ХӨСҮТ-д хавдрын өвчлөлийг бууруулах, түүний эмчилгээг сайжруулахад чиглэсэн төслийг хэрэгжүүлж байна. Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр энэ төрлийн өвчнийг анагаах тоног төхөөрөмжийг ажиллуулах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр болсон зэрэг ахицтай үр дүнгүүд харагдаж байгаа.
Геологийн төв лабораторид цөмийн технологид суурилсан сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж байна.